Н.Энхбаяр: Нүүрс, төмрийн хүдрийн үнэ 2017 онд өсөлттэй байх төлөвтэй
Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяртай өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа. Тэрбээр оны эцэс хүртэл төсвийн алдагдал өндөр хэвээр байх магадлалтай ч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш сэргэх боломж харагдаж байгааг онцолсон юм.
-Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн байдлын дүнгээс хэрэглээний үнийн индекс анхаарал татаж байна. Жилийн дүнгээрээ агшилттай байгаад зогсохгүй наймдугаар сарын байдлаар дефляци руу шилжлээ. Энэ нь хэр зэрэг ноцтой асуудал вэ?
-Манай улс хэрэглээний үнийн индексийг тооцохдоо тодорхой нэр төрлийн барааны сагсаар тооцож буй. Энэ сагсанд хүнсний бүтээгдэхүүн 30 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс хэрэглээний үнийн индекс хасах үзүүлэлттэй гарахад гол нөлөө үзүүлсэн зүйлс нь орон сууц, хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан, түлшний үнэ. Орон сууцны үнийн хувьд Монголбанкны захиалгаар “Тэнхлэг зууч” компанийн гаргадаг үнийн индекс ерөнхий хандлагыг харуулдаг. Наймдугаар сарын байдлаар шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 7.1, хуучин орон сууцны үнэ 12 хувиар буурсан судалгааг танилцуулсан. Энэ хандлага хэрэглээний үнийн индексэд нөлөөлснөөр ийм үзүүлэлт гарсан. Харин хэрэглээний сагсанд жин дарж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнэ таван хувийн өсөлттэй байгаа. Тэгэхээр дефляцийн айхтар нөлөө нь бол арай хол. Нийт сагсны үнийн дүнгээрээ л хасах үзүүлэлттэй байгаа.
-Оны сүүлч гэхэд энэ нөхцөл байдал хэвээр хадгалагдахаар байх уу. Та хэрхэн харж байна вэ?
-Орон сууц гэдэг маань худалдан авах чадвартай холбоотой. Нийлүүлэлт илүүдсэн, худалдан авах чадвар буурсан. Нийлүүлэлт зээлийн тогтолцооны түр сааталтай холбоотой. Гагцхүү хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ үнэхээр буурвал энэ нь сэрэмжлэх дохио болно. Нөгөө талаар бид инфляцийг зөвхөн хэрэглээний үнээр хэмжээд байгаа болохоор ийм үзүүлэлт гарч байгаа юм. Хэрэв бусад улс оронтой адил үйлдвэрлэгчийн үнийн индексийг иж бүрнээр нь энэ индекс түрүүлээд хасах руу орсон байх магадлалтай.
-Долдугаар сарын статистик мэдээллээр төсвийн алдагдал 1.95 орчим их наяд байснаа наймдугаар сард 1.8 их наяд болж нэмэгдсэн байсан. Орлого ийн нэмэгдэхэд юу нөлөөлсөн бол?
-Монгол Улсын эдийн засаг улирлын хүчин зүйл ихтэй. Нэгдүгээр улирал хамгийн тааруу буюу эдийн засгийн идэвхжил суларч, орлого мууддаг. Яг бүтээн байгуулалт идэвхтэй явагддаг 4-11 дүгээр сард компаниудын борлуулалт хамгийн сайн байх магадлалтай. Харамсалтай нь оны эцэс хүртэл байдал сайжрах төлөв алга. Төсвийн алдагдал өндөр хэвээр байх хандлагатай байна.
-УИХ-аар батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 27 их наяд төгрөг шаардлагатай гэсэн. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт урсгал шинж чанартай зорилтууд нэлээд бий. Цалин тэтгэвэр, эмнэлэг, боловсролын үйлчилгээний зардал зэрэг нь нийт зардлын 30-40 хувь байх болов уу. Цаана нь бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зардал байгаа. Эдийн засаг агшиж буй энэ үед ийм хэмжээний мөнгийг гаргахад бүтээн байгуулалтын шийдлийг алтернатив хувилбараар хийж болно. Нөгөө талаар, бид аль болох зорилтоо бүрэн шийдэх үүднээс гадаад зах зээл дээрээс хөрөнгө босгох боломжуудыг харж байна.
-Сангийн сайд шинэ бонд гаргах шаардлага үүсэж байгааг дурдсан. Бондыг энэ онд багтаан гаргах уу. Хэтийн төлөв ямар байгаа вэ?
-Яг энэ талаар одоогоор Сангийн сайд албан ёсны тайлбар өгөөгүй байгаа. Удахгүй Засгийн газар УИХ-д ирэх оны төсвөө урьдчилан мэдүүлнэ. Энэ үеэр Сангийн яамны зүгээс хөрөнгөө хэрхэн босгох талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх байх.
-Одоо бонд гаргахад өртгийн хувьд өндөр байх болов уу. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?
-Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан энэ цаг үед бонд босгох нь тохиромжтой бус. Ирэх оны төсвийн бодлогоо эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Төсөв, Төвбанкны мөнгөний бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт орох хандлага байна. Энэ бүхэн тодорхой болсны дараа хөрөнгийн зах зээлд хандах нь илүү оновчтой байх.
-Одоогийн нөхцөлд орлогыг нэмэгдүүлэх тал дээр бондоос гадна өөр ямар боломжууд байгаа вэ?
-Он дуусахад гуравхан сар үлдэж байна. Энэ богино хугацаанд орлого нэмэгдүүлэх боломж тун бага. Манайд бүртгэлтэй 100 гаруй мянган аж ахуйн нэгжээс үндсэндээ 50 хувь нь хаалгаа барьчихсан. Ийм нөхцөлд зарим хүний ярьдгаар татварын баазаа өргөтгөх нь үндэслэл муутай, судалгаагүй таамаг. Татварын баазын тухай эдийн засаг эрчимжсэн, эсвэл төсөв тэлсэн үед л ярих боломжтой. Хэрэв бид өнгөрсөн оны компаниудын тайлангийн нэгтгэлийг үзвэл нэлээд хүнд тоонууд харагдана. Татвар нэмэх ямар ч боломж байхгүй. Тиймээс энэ оны тухайд төсвийн тодотголоор батлагдсан хэмжээндээ л алдагдлаа барьж гарах зорилтыг баримталж байгаа.
- Зургадугаар сараас хойш урд хөршид бүхий л түүхий эдийн үнэ тодорхой хэмжээгээр өсөж байна. Төсвийн орлогод ханшийн эл сэргэлт ямар нэгэн нөлөө үзүүлэх үү?
-Гадаад худалдааны албан ёсны статистик мэдээллээс харвал зургадугаар сард экспортын гол нэрийн түүхий эд бүгдээрээ өсөллтэй гарч байгаа. Харамсалтай нь өнгөрсөн оны худалдаа өнөөгийнхтэй харьцуулахад тэдийлэн үнэ цэнэтэй байж чадахгүй байгаа учраас экспортын орлого бууралттай гарч буй Биет хэмжээ өссөн хэвээрээ, олборлолт эрчимтэй явагдаж байна.
-Нүүрсний зах зээл сүүлийн 2-3 сард анхаарал татаж байна. Австралийн жишиг үнэ оны эхнээс хоёр дахин өссөн бол манай үнэ Хятадын зах зээлд 30 гаруй хувь өссөн байна. Манай ханш ингэж бага өсөж байгаа шалтгаан нь таны хувьд юу вэ?
-Өнгөрсөн долоо хоногт болсон Discover Mongolia чуулга уулзалтаар аль болох үнийн нэг цонхны бодлого баримтлах хэрэгтэй талаар ярилаа. Гэхдээ урт хугацаандаа гол асуудал бол дэд бүтэц. Олон улсын зах зээл бол далайн боомт дээр, гангийн үйлдвэрлэл төвлөрсөн районд, Индонези, Австрали зэрэг маш том нийлүүлэгчдийн тухай асуудал яригдаж буй. Гэтэл бидний нийлүүлэлт бол зөвхөн хоёр улсын хил хоорондын худалдаа л хийгдэж байгаа асуудал. Тэгэхээр энэ хооронд дэд бүтэц болоод худалдааны эргэлтийн асар том ялгаа бий учраас үнийн бага зэргийн хоцрогдол байгаа гэж харж байна. Тиймээс цаашид бид аль болох дэд бүтэцдээ анхаарч, Хятад руу төмөр замаар холбогдох, цаашлаад гуравдагч хөрш рүү гарах бодлогоо баримтлах ёстой.
-Нүүрсээ илүү үнэд хүргэх, баяжуулах үйлдвэр барих боломжийн талаар Засгийн газраас ямар бодлого барьж ажиллах вэ?
-”Эрдэнэс Тавантолгой” компанийнхан угаах үйлдвэрийг зөвхөн нэг компани биш, бусад компани хамтдаа ашиглах боломжтой гэж Discover Mongolia дээр ярьж байсан. Тэгэхээр бусад компанийн өндөр илчлэгтэй бус, хаягдал нүүрсийг угаах үйлдвэрээ ашиглаад угаагаад гаргавал үнэ цэнэ нь илүү нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг юм билээ. Нэгэнт байгуулагдсан тэр том хүчин чадалтай, ашиглалт муутай байгаа угаах үйлдвэрийг бүрэн ашиглах хэрэгтэй гэж бодож байна.
-Хятадад зөвхөн нүүрснээс гадна гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн ханш өсөж буй. Сүүлийн гурван сарын хугацаанд ажиглагдаж байгаа энэхүү огцом өсөлтийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энд нэг сонин гэх юм уу, цаад үр дагавартай зүйл бий. Юу гэвэл Европын холбоо Хятад улстай 2016 онд хийсэн Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн хүрээнд ирэх арванхоёрдугаар сар хүртэл гангийн үйлдвэрийн дэмпингийн бодлогын эсрэг бодлогын нөхцөл тавьсан. Европын холбоо АНУ- д хямд үнээр ган нийлүүлэх бодлогоосоо татгалзаж, илүү өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх ёстой гэсэн болзол тавьсан байгаа. Энэ болзлоо хангасан, эсэхийг арванхоёрдугаар сард Европын холбоо авч үзэх байх. Хэрэв энэ бодлого нь хангагдсан гэж үзэх юм бол 2017 оноос Европын холбоо Хятад улсыг зах зээлийн статустай улс орон гэж үзэхээр бодлогын нөхцөлийг тохирсон. Хэрэв энэ бодлого хэрэгжих юм бол Монгол Улсад цаашид ашигтай.
Гангийн үйлдвэрлэл, гадаад зах зээлд гаргаж байгаа гангийн үнэ өсөх юм бол түүнийг дагаад нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсөх боломжтой. Бас нэг нөлөөлж буй зүйл бол Балтын тэнгисийн тээвэрлэлтийн индекс. Уг үзүүлэлт 2011 оноос хойш таван жил дараалан буурсан бол эргээд энэ оны дунд үеэс өсөж, 800 гэсэн түвшинд хүрсэн. Нэлээд гайгүй үзүүлэлт гэсэн үг. Энэ мэтчилэн дэлхийн зах зээлийн томоохон хүчин зүйлс нүүрс болон төмрийн хүдрийн зах зээлд урьдчилсан байдлаар таатай нөхцөл бүрдүүлж байна. АНУ–ын Ерөнхийлөгчийн сонгууль тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр байгаа. Гэхдээ 2017 онд үнийн хувьд ерөнхийдөө өсөх хандлагатай байх болов уу гэсэн судлаачдын дүгнэлттэй санал нийлж байгаа.
-Экспортын бас нэг голлох Улсын хэмжээнд ажилгүй байгаа иргэдийн 61 хувь нь 15-34 насныхан гэсэн судалгаа гарсан байдаг. бүтээгдэхүүн бол зэс. Зэсийн ханш хэзээнээс өснө гэж харж байгаа вэ. Нэмэгдэх дүр зураг байна уу?
-Зэсийн хувьд нефть болон нүүрсийг бодвол харьцангуй тогтвортой түвшинд байх болов уу. Саяхан болсон Discovery Mongolia, Invest Mongolia форумын үеэр гаднын зарим байгууллагын хийсэн судалгаанаас үзэхэд Хятад улс ирэх жилүүдэд байгуулахаар төлөвлөсөн 20 үйлдвэрийн зургийг гаргасан байсан. Эдгээр үйлдвэр хэрэв төлөвлөсөн хугацаандаа баригдахаар бол зэсийн эрэлт нэмэгдэнэ гэж харагдаж байгаа.
-Discover Mongolia дээр яригдсан бас нэг асуудал нь зэс хайлуулах үйлдвэр барих тухай. Таны хувьд зэс хайлуулах үйлдвэр Монголд байгуулснаар ямар ашигтай вэ?
-Ер нь зэсийн баяжмал бол илүү эрэлттэй бүтээгдэхүүн. Эцсийн бүтээгдэхүүн болох тусмаа худалдан авагчдынх нь тоо цөөрдөг. Зэсийг боловсруулаад зэс утас үйлдвэрлэчихэд зөвхөн электроникс, цахилгааны үйлдвэрийн худалдан авагчид сонирхдог. Харин зэсийн баяжмал хэдий үнэ цэнэ багатай ч зэс хайлуулах үйлдвэрүүдийн сонирхол илүү олон өндөр байдаг. Борлуулахад ч хялбар. Хэдийгээр бид зэсээ үнэ цэнэтэй болгож болох ч хайлуулсан зэс маань олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй байх уу, үгүй юү гэдгийг сайтар тооцох ёстой. Манай улсын нэг сул тал бол манай эрчим хүч өндөр өртөгтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр багатай үед зөвхөн дулааны цахилгаан станцыг түшиглээд хайлуулах үйлдвэр байгуулна гэдэг нэлээд эрсдэлтэй байх болов уу.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй