Яармагийн балгасууд, яамныхны өчил
Хоёр байгууллага хоорондоо бичиг шидэлцсээр зургаан жил боллоо
2011 оны дөрөвдүгээр сарын 27. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн дэнж дээр 300 ортой төрөх эмнэлгийн шав тавив.
Энэ бол 1986 оноос хойш эрүүл мэндийн салбарт хийж буй хамгийн том бүтээн байгуулалт болох байлаа. Ингэж хэлсний учир нь өнөөг хүртэл дөрөвдүгээр төрөхийн барилга араг яс шиг ёрдойж, ашиглалтад орж чадалгүй нурж мэдэхээр болчихлоо.
Анх “Нийслэл-Өргөө”, “Пума констракшн” компани консорциум болж, уг төрөхийн барилгыг хурдан хугацаанд барьж дуусгахаа амласан. Гэтэл дөрөвдүгээр төрөхийн барилгын гүйцэтгэлийн явц 54 хувьтай болоод гацчихав. Дэд бүтцийг шийдэлгүй эхлүүлсэн нь барилга гацах шалтгаан болсон талаар тухайн үед нийгэм даяар цуурч байсан ч тийм биш аж. “Нийслэл өргөө” компанийнхан 19 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөж, өртгийг нь баталчихсан эмнэлгийн барилгыг санхүүжилт нь хүрсэнгүй хэмээн зогсоож, төрөөс 25 тэрбум төгрөг нэхсэн. Харин Сү.Батболдын Засгийн газар ийм их хэмжээний мөнгө төсөвлөж өгөх боломжгүйг ухааруулж, хариуцсан яамнаас нь гаргаж өгсөн тооцооны дагуу 19 тэрбум төгрөгөөр барихыг үүрэгдсэн байсан. Авсандаа сэтгэл нь ханадаггүй гүйцэтгэгч компанийн шунал, төрийн байгууллага хоорондын тэрсэлдээнээс эх үрсийн нүдээ бүлтийтэл хүлээж буй дөрөвдүгээр төрөх өнөөдрийг хүртэл баригдаж дуусалгүй балгас болсон нь энэ. Барилгыг дуусгалгүй орхисон “Нийслэл өргөө” компанийн захирлыг мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэн шүүхэд өгч, завшиж, шамшигдуулсныг нь тогтоосон бололтой. Тус компанитай хийсэн гэрээгээ шүүхийн шийдвэрээр цуцалж, концессийн гэрээгээр бариулах шийдвэрт хүрчээ. Гэвч Хөрөнгө оруулалтын газрын нэр солигдож, концесс зарлахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Харин одоо Эрүүл мэндийн яам 2017 онд шинэ эмнэлэг барихгүй. Хөрөнгө мөнгөгүй тул хуучин барьж дуусаагүй барилгуудаа дуусгах төлөвлөгөөтэй байгааг тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан хэллээ.
Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг төлөвлөсөн ёсоор бол аль эрт ашиглалтад орох байв. Гэвч зургаан жил өнгөрчихлөө.
Концессийн гэрээ зарлахгүй байсаар өвөлтэй золгож байна
Манай улс 1984 оноос хойш нэг ч удаа гуравдугаар шатлалын эмнэлэг бариагүй. Уг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллаас үүрэлцэх гуравдугаар шатлалын эмнэлэг барихаар эхлүүлсэн нь тухайн үедээ нүдээ олсон оновчтой шийдвэрийн нэгд яах аргагүй тохиолдоно. Гэвч одоо харамсаж, халаглахад багадам дүр зураг бий болчихоод байна.
Жилээс жилд төрөлт нэмэгдэж, хүндрэлтэй гэсэн оноштой эхчүүд ч цөөнгүй байдаг болсон. Энэ цаг үед гуравдугаар шатлалын төрөх эмнэлэг Монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Шинэ төрөх эмнэлгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачааллын 30 хувийг үүрнэ гэж тооцоолсон юм билээ. Харин энэ эмнэлгийн барилга босох заяа алга. Шав тавьсан цагаасаа хойш гэхэд л дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж байна.
Эрүүл мэндийн салбарт гацчихаад байгаа ганц эмнэлэг дөрөвдүгээр төрөх биш.
Тус эмнэлгийн барилгын хажууханд өндөр настнуудад зориулсан Геронтологийн төвийн шинэ барилга мөн л балгас болоод удлаа. Одоо үйл ажиллагаа явуулж буй Геронтологийн төвийн барилга хуучирч, хана, тааз нь мөөгөнцөртөж, хэзээ мөдгүй нурж унахаар болсон учраас шинэ байрыг барихаар эхлүүлсэн нь энэ. Харамсалтай нь, бас л барилгын ажил урагшилсангүй. Ахмадуудад асаргаа, сувилгаа зайлшгүй шаардлагатай байдаг болохоор 60 ортой эмнэлэг барихаар төлөвлөж бүх зүйлийг нь шийдвэрлэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулж чадахгүй байгааг салбарын яамныхан нь гомдоллож сууна.
Хоёр эмнэлгийн дунд нэг дэд станц барихаар шийдсэн
Цаашлаад сууринаасаа дээш өндийхөө байсан барилга зөвхөн дээрх хоёр эмнэлэг биш аж. Улсын хэмжээнд суурийг нь тавиад гацаасан 110 гаруй барилга бий. Тэдгээрийн дийлэнх нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг.
Уг нь улсын хэмжээнд нэн тэргүүнд хамгийн их хэрэгтэй барилгууд. Даанч санхүүжилт гэсэн том дөнгөнөөс болоод сүндэрлэж чадахгүйд хүрчихлээ. Сангийн яам, Үндэсний хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамныхан зовлон тоочиж, толгой сэгсрэхээс хэтрэхгүй нь. Бүгд л мөнгөгүй болохоор ямар ч арга алга гэсэн мөнөөх л улиг болсон үгээ давтана.
Ийм нэг үг байдаг даа. Сэтгэл байвал “чүдэнзний модоор ч байшин барина” гэж. Үнэндээ эрүүл мэндийн салбарын үе үеийн сайдууд эмнэлэг барихад огт сэтгэл гаргасангүй. Төрөх эмнэлгийн барилгын гаднах дэд бүтцийг нь хийх санхүүжилт нь нийлээд 21 тэрбум, ахмадын эмнэлгийг гүйцээхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Хэдийгээр Эрүүл мэндийн яамныхан төрөх эмнэлгийг 2017 онд ашиглалтад оруулна хэмээн амлаж буй ч бүтэх, эсэх нь эргэлзээтэй байна.
ЗГМ Тодруулга:
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй