Цавуулаггүй трэнд
Их Британид гэхэд л 8.5 сая хүн цавуулаггүй амьдралын хэв маягт шилжжээ. Энэхүү трэнд дэлхий даяар хурдтай тархаж байгааг BBC онцлов. Эрэлт ихсэхийн хэрээр хүнсний дэлгүүрийн лангуун дээр цавуулаггүй хоол хүнс ч нэмэгдэж байна. Уг шинэ хэв маягийн талаар товч танилцуулъя.
Хоол хүнсний жагсаалтаасаа талх, гоймонг бүрмөсөн хассан хүмүүсийг хараад та толгой сэгсэрдэг үү? Тэгвэл эхлээд целиаки буюу ходоод гэдэсний шингээлт муудах өвчтэй хүмүүсийн талаар мэдэх хэрэгтэй. Целиаки өвчтэй хүмүүс насан туршдаа цавуулаг хэрэглэх бүрт 12 хуруу гэдэсний салст нь гэмтэж, хоол шингээх үйл ажиллагаанд нь хүндрэл учирдаг. Амуу тариа, улаан буудай, хөх тариа, арвайд агуулагдах цавуулаг нь хүнийг өвчлөмтгий болгодог аж. Хүүхдийг дөрвөн сартайгаас нь өмнө цавуулагтай хүнс өгвөл уг өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Тэд цавуулагтай хүнс хэрэглэхэд гэдэс нь дүүрч, дотор нь эвгүйрхдэг аж.
Гэхдээ цавуулаггүй хүнсийг сонгож байгаа хүмүүсийн дийлэнх нь жин хасах, эрүүлжих зорилготой. Түүнчлэн целиаки өвчингүй ч цавуулагт мэдрэг гэж өөрийгөө тодотгох хэсэг бүлэг бий.
Эрүүл мэнд, шинжлэх ухааны “Trust me, I’m a doctor” нэвтрүүлгийн багийнхан целиаки өвчингүй 60 сайн дурынхныг сонгож, цавуулагтай хүнсийг хориглосон байна. Судалгаанд оролцогчид хоолны цэснээсээ цавуулгийг хассан. Гэхдээ судлаачид хоёр долоо хоногийн турш нууцаар цавуулагтай паста өгч байсныг тэд мэдээгүй. Тухайн хугацаанд судалгаанд оролцогчдын бие бага зэрэг л тавгүйрхсэнээс өөр сөрөг шинж тэмдэг илрээгүй аж. Үр дүнд нь целиаки өвчингүй ч цавуулаггүй хүнснээс татгалзаж байгаа хүмүүс хий дэмий хоолоо сойдгийг эрдэмтэд тогтоолоо. Харин турах, жингээ хасах хүсэлтэй хүмүүс цавуулаггүй хүнснээс татгалзахад буруудах зүйлгүйг тэд хэлсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй