Итгэж ирсэн худал үгс
Ам дамжсан үгээр цээрлүүлж, айдастай амьдрах түвэгтэй. Хэрэв та ч мөн аль нь аюултай, аль нь хэрэгтэйг мэддэггүй бол сүүлийн үеийн судалгаануудыг сонирхож үзээрэй. Шинжлэх ухаан, техник технологи хөгжих хэрээр бидний эргэлзэж явсан олон зүйлийн хариулт олдсоор байгаа нь сайшаалтай. Эдгээр ололтоос цөөнийг нь доор өгүүллээ.
Худал: Даарахаар ханиад хүрдэг
Үнэн: Тэсгим хүйтэнд нойтон үстэй гарвал ханиад хүрдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Харин хүмүүс өвлийн улиралд ханиад их хүрдэг шалтгаан нь битүү орчинд их цаг өнгөрүүлдэгтэй холбоотой. Учир нь агаар салхигүй, битүү орчинд ханиадны вирус хурдан тархдаг ажээ.
Худал: Стресс цусны даралтыг өсгөдөг
Цусны даралт ихсэх хууч өвчний гол шалтгаан нь сэтгэл хямрал биш. Хүчтэй сэтгэл гутрал зөвхөн хэсэг зуур л цусны даралтыг ихэсгэдэг. Харин ген, тамхидалт, хооллох буруу зуршил зэрэг нь голлох хүчин зүйл аж.
Худал: Жимсний шүүс хор шүүдэг
Хүний биед орсон хортой бодисыг элэг, бөөр, ходоод гэдэсний хэсэг шүүдэг. Энэ үйл явцыг түргэвчилнэ гэдэг боломжгүй. Тэгээд ч жимсийг шүүс болгох явцад хоол шингээхэд тустай эслэгийг устгадаг. Тиймээс худалдаанд гарч буй жимсний шүүс хийжүүлсэн ундаанаас төдийлөн өөрцгүй гэж болно. Ямар ч сайн шүүс жинхэнэ жимс шигээ шим тэжээлтэй байдаггүйг санаарай.
Худал: Архи уухаас өмнө хоол идвэл согтохгүй
Хоол идсэний дараа согтууруулах ундаа хэрэглэвэл шингэх үйл явц илүү хялбар болдог. Түүнээс биш цусны эргэлтэд орох замыг хязгаарладаггүй. Харин их хоол идсэний дараа бие согтууруулах ундааг илүү удаан шингээдэг. Тиймээс шартах магадлалыг бууруулдаг байна.
Худал: Хүн бие дулааныхаа 90 хувийг зулайгаараа алддаг
Таны бие аль ил байгаа хэсгээрээ л дулаанаа алдана. Харин толгой бусад хэсгийг бодвол ил байх нь элбэг. Хэрэв өвөл богино өмд өмсвөл хөлөөрөө дулаан алдана. Түүнтэй л адил.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй