Хагас зууны дараах айлчлал

Мэдээ

Засгийн газрын тэтгэлгийг нэмэгдүүлэхээр болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор мордлоо. Айлчлалын хүрээнд тэрбээр тус улсын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв. Ингэснээр хоёр орны харилцаа хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбарт түлхүү хөгжих боломж бүрдсэн юм. Тухайлбал, элэгний гeпатит B,C вирусийн болон сахарын өвчний шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэхээр болов. Тус улс нь элэгний гeпатит B,C вирусийн эсрэг интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг хеберфрот эмийг үйлдвэрлэж дэлхийн 38 оронд экспортлодог аж. Мөн Куба улсын Ерөнхийлөгч Фидель Кастрогийн санаачилгаар 1982 онд байгуулагдсан Генетикийн инженер, биотехнологийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэхүү төв нь өвчний угийг судлаж, сөрөг молекулуудын химийн бодисын тэсвэрийг биоинформатик ба протеомик аргаар тодорхойлон, шинэ эмийн найрлага боловсруулдаг аж.

Элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэхээр болов.
Айлчлалын хүрээнд хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Куба улсын Засгийн газрын тэтгэлгийг нэмэгдүүлэхээр болжээ. 1994 оноос Кубын Засгийн газар жил бүр 2-3 оюутанд шүдний болон хүний их эмч мэргэжлээр тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд энэ оны байдлаар 140 гаруй оюутан тэтгэлэгт хамрагджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү айлчлал нь хагас зуун жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм. Сонирхуулахад, Куба улс нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс 1967 оны долдугаар сард Гавана хотноо, харин Куба 1962 оны есдүгээр сард Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээж байжээ. Куба улс социалист арга барилтай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орон юм. Ихэнх аж үйлдвэрийг төр удирддаг боловч сүүлийн жилүүдэд хувийн салбар харьцангуй хөгжиж байгаа аж.

Дашрамд дурдахад, тус улсын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастро 1970 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байжээ.
САНАЛ БОЛГОХ