Орхигдсон хүмүүс
Ахмадуудын 90 хувь нь тэтгэврээс өөр орлогогүй бөгөөд ажил хийх хүсэлтэй
“60 насны төрсөн өдрийн маргаашнаас нь эхлээд бараг гурван сар стресст оров оо, хөөрхий. Би гэдэг хүн ингээд тэтгэвэрт гарч, хүний тооноос хасагддаг юм байж. Уг нь хийж бүтээх нас минь дуусаагүй юмсан. Хичээлээ заагаад явахад миний хувьд болохгүй зүйл огт алга. Оюутнууд ч миний хичээлд их дуртай. Гэлээ гээд ямар залуучуудынхаа боломжийг хаагаад, урдуур нь ороод байлтай биш. Тэтгэврийн намайг багшлуулахгүй байлгүй” хэмээн Орхон аймгийн МУИС-д Нийгмийн ухааны багшаар ажилладаг хадам аав минь зун ирэхдээ хуучилсан юм. Тэтгэврийн насыг хүйсээр нь зааглан хатуу тогтоодог манайх шиг оронд хийж бүтээх идэр насандаа хүмүүс ийнхүү сэтгэл санааны далд хямралд ордог байна. Тэтгэвэрт гарч буй нь битгий хэл 50 дөхсөн хүнийг “хөгшин” хэмээн нүд үзүүрлэх болов. Ийм нийгэмд мэдлэгтэй, боловсролтой, чадвар туршлагатай олон мянган хүн ажлын байргүй, юу хийх учраа олохгүй явна.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан үзүүлэлтээс харвал 2016 оны эхний улирлын байдлаар манай улсад ажилгүйдлийн түвшин нийт хүн амын 10.4 хувь буюу 300 гаруй мянган хүн байгаагийн 33.4 хувийг 35-49, 9.5 хувийг 50-59 насныхан эзэлж байгаа судалгаа гарчээ. Харин Монголын ахмадын чөлөөт холбооноос явуулсан судалгаагаар батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарынхныг эс тооцвол 35-аас дээш насныханд ажил олдохоо больсон нь тогтоосон. Жирийн нэг настай хүнд ажил олдоно гэдэг Монгол Улсад далайгаас сувд шүүрэхтэй адил. Ажлын байр байсан ч “хөгшин” Орхигдсон хүмүүс гэдэг үндэслэлээр жагсаалаас автоматаар хасагдана. Тэр ч бүү хэл, тэтгэвэртээ гарсан нэг ахмад хувийн байгууллагад жил гаруй ажиллаад ганц ч сарын цалин олж аваагүй талаараа тус холбоонд мэдэгдсэн удаатай. Ингээд үндсэндээ 50-иас дээш настай иргэд нэг бол ажилгүй, эсвэл хөдөлмөрөө үнэгүй шулуулах л хоёр сонголттой үлдэж байна. “Залуучуудад нь ажил олдохгүй байхад настайчууд бол цаашаа байлгүй” гэж та бодож байж болох юм. Диплом өвөртөлсөн ч ажил хийж чадахгүй, тэгсэн хэрнээ ажлаа голж, цалингаа чамладаг залуус олширсон. Хотын хогийг цэвэрлэж, зэрлэг зулгаах, хэв журам сахиулах гээд тэднийг зохион байгуулалтад оруулж дайчилбал дуртайяа ажиллана гэдгээ ахмадууд үргэлж илэрхийлдэг. Гэвч санаачилга гаргаж, ажил хэрэг болгосон нэгэн одоогоор алга.
Нийгмийн бүхэл бүтэн нэг давхаргыг ийнхүү хайхрамж муутай орхиж буйгаас ахмадууд сэтгэл зүйн хувьд гутралд орж, архинд орох хандлага ихэссэн талаар Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан дурдсан. Тус холбоо энэ оны дөрөвдүгээр сард Олон улсын ахмадын байгууллагын гишүүнээр элсчээ. Ингэснээр ахмадуудын асуудлыг олон улсын түвшинд шийдвэрлэх боломж нээгджээ. Дэлхийн улс орнууд ахмад настнууддаа зориулсан хууль гаргахдаа иргэдийнхээ бие даасан байдал, оролцоо, халамжийн үйлчилгээ, дотоод нөөц бололцоо, хүндлүүлэх, нэр хүндтэй байх гэсэн эрхүүдийг тусгадаг. Харин Монгол Улс зөвхөн халамжийн асуудлыг л шийдэж байна. Гэхдээ тэр шийдэл нь цогц биш. Тэтгэврийн доод хэмжээ хаанаа ч хүрэлцэхээргүй, амралт сувиллын асуудлыг сүүлийн гурван жил тодорхой хэмжээнд шийдсэнийг эс тооцвол ахмадуудын бусад олон эрх зөрчигдөж, нийгмийн асуудлууд нь бараг тэр чигтээ орхигджээ. Орхигдсон гэх дүгнэлтийг тайлбарлах зарим нэг тоо баримтыг доор дурдъя.
50-иас дээш настай иргэдэд ажилгүй, эсвэл хөдөлмөрөө шулуулах сонголт л байна
Монгол Улсын нийт ахмадын 64.5 хувь нь гэр болон байшинд, 27.8 хувь нь орон сууцанд, 7.7 хувь нь орон гэргүй амьдарч байна. Тэдний 95 хувь нь тэтгэврээс өөр орлогогүй бөгөөд өөртөө тохирсон ажил хийж, нэмэлт орлого олох хүсэлтэй. Тэдгээрээс ердөө таван хувь нь л энэ хүслээ биелүүлжээ. Тийм ч учраас ахмадуудын 90 хувь нь тэтгэврийн зээлтэй ч дийлэнх нь өөрийн хэрэгцээг хангахын тулд бус, үр хүүхдүүдийнхээ орон байр, машин, сургалтын төлбөр зэрэгт дэм болохоор ийнхүү ганц санхүүгийн эх үүсвэрээ хоёр жил хүртэл хугацаагаар урьдчилаад авсан байдаг.
Арван ахмад тутмын нэг нь ямар нэгэн суурь өвчтэй. Тиймээс тэтгэвэрт гармагцаа, эсвэл гараад нэг их удалгүй хорвоогийн мөнх бусыг үзэж буй хүн цөөнгүй. Ард нь үлдэж буй гэр бүлийнх нь хүнд бага ч болов дэм болж, хань ижил нь тэнгэрт хальсан ч насаараа улсад татварт төлсөн даатгалын шимтгэлийг нь бодож, тодорхой хувийг нь өгөх зорилгоор гаргасан Хамтын тэтгэврийн тухай хууль дашийн шог болж байх шиг байна. Энэ мэтчилэн тэдний нийгмийн асуудлыг дурдаад байвал болж байгаагаасаа болохгүй нь давамгайлна.
Тэгвэл дэлхийн зарим улс орон ахмадуудынхаа асуудлыг улс төрөөс ч дээгүүр тавьдаг аж. Тухайлбал, Дани улс ахмад настнуудаа материаллаг болон материаллаг бус бүхий л хэрэгцээгээр нь хангаж, орон байр, эмчилгээ сувилгаа, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүх асуудлыг нь нэг цонхны үйлчилгээгээр шийдвэрлэдэг бол Швед улсын нийт ахмадын 94 хувь нь төрөөс үзүүлдэг үйлчилгээнд нь сэтгэл хангалуун байдаг аж. Түүнээс гадна улс орнууд тэтгэврийн насыг хатуу тогтоохоос хэдийнэ татгалзаж эхэлжээ. Тухайн иргэн хөдөлмөрийн чадвараа алдаагүй, ухаан санаа нь эрүүл саруул л бол тэр хүний хуримтлуулсан үнэт туршлагыг нийгэмд аль болох тусгах үүднээс ажиллуулж л байхыг хичээх хандлага зохилж байна. Мэдээж тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг заана. Харин тухайн иргэн ажиллах чадваргүй болоод өөрөө хүсэлт гаргавал гавьяаныхаа амралтанд суух эрх нь нээлттэй. Энэ нь нийгэмд “хөгшин” хэмээх сөрөг хандлагыг өөрчлөхөд үр дүнгээ өгч байгаа аж. Гэх мэтчилэн зөвхөн Япон улсаас л гэхэд 22 төрлийн арга хэмжээг Монголд хэрэгжүүлэх шаардлага байгааг Г.Баасан тайлбарласан.
Хөгшин гэж хүнийг голох нь хэтэрхий өрөөсгөл ойлголт. Хүн нас ахихын хэрээр сэтгэн бодох чадвар нь буурдаггүй болохыг ХБНГУ-ын Тюбингений их сургуулийн судалгааны багийнхан хоёр жилийн өмнө тогтоосон байдаг. Судалгааны багийг ахалсан, тус сургуулийн доктор Майкл Рамскар “Нас ахисан хүмүүс бодож сэтгэхдээ удаан байдаг хөгширснийх биш. Харин амьдралынхаа туршид маш их хэмжээний мэдээлэл хуримтлуулсан байдаг учраас удаан боддог. Яг л багтаамж нь дүүрсэн хард дискийг уншуулахад илүү удаан ачаалдаг шиг” хэмээн хэлсэн нь бий.
2050 он гэхэд 60-аас дээш насныхан 1.4 тэрбумд хүрч, манай гарагийн нийт хүн амын 20 хувьд хүрэх тооцоо бий. Монгол Улсын хувьд 200 гаруй мянган ахмад байгаа бөгөөд цаашид тогтмол нэмэгдэж, нийгэмд томоохон байр суурь эзлэх хандлагатай байна
Өөрөөр хэлбэл, нас тогтсон хүн нэг том номын сан юм. Нэг буурал ертөнцийн мөнх бусыг үзэхэд нэг том номын сан устаж байна гэсэн үг. Залуу модыг ургахад хөгшин модны үндэс тэжээл болно гэдэг ч үг бий. Түүний адилаар өнөөгийн нийгмийг цааш нь хөгжүүлэхэд ахмадуудын оролцоо гол түшиг тулгуур болох учиртай. Тэр хүмүүсээс сурах ч зүйл бий, сонсох ч зүйл их бий. Ялангуяа нөөц бололцоог нь ашиглаж, хүч хүрэхгүй байгаа олон ажилд дайчилж, тус дэмийг нь авах л хэрэгтэй. Эргээд тэднийгээ асран хамгаалж, анхаарч харилцаж, нийгмийн бүхий л оролцоог нь хангах үүрэг бидний өмнө бий.
Удахгүй Олон улсын ахмадын өдөр болно. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд тохиодог уг өдрийг энэ жил насаар ялгаварлахын эсрэг тэмцэх уриатайгаар улс орнууд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Ази Номхон далайн орнуудын хувьд насжилтын идэвхтэй үе явагдаж байгаа аж. Нэгэн үе хөгшин Европ хэмээн ярьдаг байсан Азийн орнууд өдгөө хөгширч байна. Тэр дундаа Япон, Сингапур, Индонези зэрэг улсын хүм амд эзлэх ахмадуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2050 он гэхэд Япон улсын хүн амын 38 хувийг 60-аас дээш насныхан эзлэх бол дэлхийд энэ тоо 1.4 тэрбумд хүрч, манай гарагийн нийт хүн амын 20 хувьд хүрэх тооцоо бий. Монгол Улсын хувьд 200 гаруй мянган ахмад байгаа бөгөөд цаашид тогтмол нэмэгдэж, нийгэмд томоохон байр суурь эзлэх хандлагатай байгаа. Тийм ч учраас ахмадуудад чиглэсэн ажил, тэр дундаа хөдөлмөр эрхлэлтэд анхаарна хэмээн өмнөх Засгийн газар нэлээд идэвхтэй ярьж байсан. Гэвч өдгөө энэ асуудал намжиж, юун ахмадтай манатай болов.
Хөгширсөн болохоос үхсэн биш гэдэг биз дээ. Нас бол зөвхөн тоо. Та өнөөдөр тоохгүй ч нэг л өдөр 50 насны босгыг алхаж, төд удалгүй тэтгэврийн насныхны эгнээнд шилжинэ. Ирээдүйд та өөрөө орхигдохгүйн тулд “хөгшин” гэж бүү ханд. Та биднийг хөгшрөхийн цагт амьдрахад таагүй нийгэм угтаасай гэж хэн ч хүсэхгүй биз ээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй