Нулимстай урлаг

Дэлхийн хандлага

Сөнөсөн тэнгис энэ эрчээрээ ширгэвэл 2050 онд бүрмөсөн устана

Таван жилийн дараа ширгэх Сөнөсөн тэнгист Израйлийн 1200 иргэн нүцгэлж, зурагчин Спенсер Туник үзэсгэлэнгээ гаргалаа. Тэдний нүцгэн бие яг л анхаарлын тэмдэг нуурт хөвж буй мэт харагдана. Тэрхүү үйл явдлаас хойш таван жил өнгөрчээ.

Тухайн үед Спенсер Туник нүцгэн биеийн сайхныг хийгээд Израиль, Баруун Эрэг, Йорданы нутагт дамнан орших Сөнөсөн тэнгисийг алдаршуулах зорилготой байв. Гэвч Сөнөсөн тэнгис жилд 1.2 метрээр ширгэж, байгаль орчин хамгаалагчдын санааг зовоож буй. Улмаар Туникийн төсөл тэнгисийн гоо үзэсгэлэнг эргэн сануулах зорилготой болж өөрчлөгджээ.

Туник 2011 онд авсан уг зураг Израилийн Тель-Авив хотын үзэсгэлэнд энэ намар дэлгэгдэх төлөвтэй байна. Энэ үеэр уг тэнгис сүүлийн таван жилийн хугацаанд хэрхэн ширгэснийг харуулах аж.

Дэлхийн дулаарал, үйлдвэрлэл, уул уурхай, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр гол мөрөн ширгэж буй асуудлыг Туник урлагаар илэрхийлэхийг зорьсон. Тэрбээр энэ сард Израилийн Минерал далайн эрэгт буцаж очин, устаж байгаа далай тэнгисүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ гэв.

Гэвч ширгэсэн тэнгис Минерал далайн эрэгт аюултай том нүхнүүд үлдээсэн тул хүн хүрч очиход бэрх болжээ. Уран бүтээлч энэхүү харьцуулсан зургаараа устан үгүй болж буй байгаль дэлхийн гайхамшгийн талаар энгийн иргэд болон эрх мэдэлтнүүдэд сэрэмжлүүлэг өгч, тэднийг арга хэмжээ авахад нөлөөлнө хэмээн найдаж байгаа аж.

Сөнөсөн тэнгис энэ эрчээр ширгэсээр байвал 2050 он гэхэд хамгийн доод цэг нь бүрмөсөн байхгүй болохыг эрдэмтэд анхааруулж байгаа. Харин Туник “Би 1991 оноос хойш дэлхийгээр аялж, төрөл бүрийн яс үндэс, шашин шүтлэг, гарал угсаатай хүмүүстэй хамт сонирхолтой бүтээлүүд хийлээ. Гэвч Израиль бол миний зүрхний утсыг хөндсөн цорын ганц орон. Басхүү чөлөөт урлагийн бүтээл хийх боломжтой Ойрх Дорнодын ганц улс юм” гэжээ.

Зураг бол хүн төрөлхтнөөс үүдэлтэй. Гэвч эргээд тэднийг аюулд учруулж байгаа урвуу холбоог харуулах хүчтэй зэвсэг. Хойд мөсөн далайд хөвөх гудасны дайтай мөсөн дээр томхон үнэг шиг биетэй, хэрзгэр цагаан баавгай байгаа харагдана. Энэ бол зурагчин Керстин Лангенбергерийн зураг. Түүний энэхүү ганц зургийг хараад л хайлж буй Хойд туйлын байдлыг тов тодорхой ойлгож чадна. Зурагчид байгаль эхийн нулимсыг бүтээлээрээ харуулж буйн нэг жишээ нь энэ билээ.

САНАЛ БОЛГОХ