Ургац хураалт 14 хувьтай байна

ЗГМ: Тодруулга

500 мянга орчим тонн үр тариа хурааж авна

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Алтансүхээс ургац хураалтын талаар тодрууллаа.

-Ургац хураалтын явц хэдэн хувьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоног буюу есдүгээр сарын 16-ны байдлаар үр тариа хураалт 14 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ургац хураалтын явц хоёр дахин илүү гэсэн үг. 2015 оны өдийд ургац хураалт 7.7 хувьтай байсан. Тодруулбал, төмс 42.9, хүнсний ногоо 33.4, малын тэжээл 13, тослог ургамал таван хувьтай байна. Энэ жил 953 цэргийн албан хаагч, 755 оюутан, 502 сурагч гээд нийт 2210 хүн гэрээгээр ургац хураалтад ажиллаж байгаа. Ер нь цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймагт ургац хураалт тааруу байгаа юм. Энэ долоо хоногт хур тунадас багатай байх учраас ажил нэлээд урагшлах байх.

-Ургац алдсан талбай байгаа юу?

-Урьдчилсан тооцоогоор 20 мянга орчим га талбайд ургац алдах төлөвтэй. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн цөөн хэдэн суманд цаг агаараас үүдэж ургацын хураалт тааруу байна. Энэ нь нийт талбайн 7-8 хувийг эзэлж байгаа юм.

-Гурилын хэрэгцээнд хэдэн тонн улаан буудайг зарцуулах тооцоо байгаа вэ?

-Энэ жил нийт 355.3 мянган га талбайд улаан буудай тарьсан. Урьдчилсан байдлаар 482.1 мянган тонн үр тариа хурааж авна. Үүнээс дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээний буюу 375.7 тонныг гурилын үйлдвэрүүдэд өгөхөөр төлөвлөсөн. Харин 14.5 мянган га талбайгаас 174.7 мянган тонн төмс хурааж авна. Мөн 117 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тослог ургамал, 42.5 мянган тонн малын тэжээл хурааж авах ёстой.

-Тариаланчдаас нэг тонн буудайг хэдэн төгрөгөөр авах гэж байна?

-Одоогоор тодорхойгүй л байна. Гурилын үйлдвэрүүд өөрсдийнхөө үнээр тариаланчидтай тохиролцоод явж байгаа учраас хэлэхэд эрт байна. Өнгөрсөн жил нэг тонн улаан буудайг 505 мянган төгрөгөөр Тариаланг дэмжих сангийн өр, авлагад авсан. Харин гурилын үйлдвэрүүд буудайн чанараас шалтгаалж харилцан адилгүйгээр үнэлж байсан.

-Улсын нөөцөд энэ жил хэр хэмжээний буудай авах вэ?

-Улсын нөөцөд 7.5 мянган тонн улаан буудайг үр болгож авах захиалга ирсэн.

-Тэгвэл экспортод гаргах буудайн хэмжээ тодорхой болсон уу?

-Тэжээл, спирт, гурил, улсын нөөцийн хэрэгцээнд зарцуулаад 50 мянга орчим улаан буудай илүү гарах төлөвтэй. Үүнийг экспортолно гэж тооцож байгаа. Гэхдээ улс хоорондын хорио цээрийн байгууллагуудын шийдэх ёстой асуудал цөөнгүй байгаа учраас яг хэзээнээс экспортлох нь тодорхойгүй байна.

-Энэ жил тариаланчдын урамшуулалд хэдэн төгрөг зарцуулах гэж байгаа вэ? -Өнгөрсөн жил 5.6 тэрбум төгрөгийг тариаланчдын урамшуулалд олгосон. Харин 2017 онд үүнд 16 тэрбум төгрөг төсөвлөсөн.


САНАЛ БОЛГОХ