Хятадын банкны салбар Нью-Йоркт нээгдэв

Мэдээ

Габриэль Вилдау

БНХАУ-ын төв банк болох Хятадын ардын банк (People’s Bank of China) юанийн төлбөр тооцооны салбараа Нью-Йорк хотноо нээлээ.

Дундад улсын валютыг олон улсын зах зээлд өргөн нэвтрүүлэхээр БНХАУ-ын төв банкнаас оффшор байгууллага байгуулах ажиллагаа ийнхүү бүрэн хэрэгжиж эхэллээ. Хятадын ардын банк төлбөр тооцооны салбараараа Нью-Йорк дахь Хятадын банкийг (Bank of China) албан ёсоор сонгосон талаар төв банкны төлөөлөгч мягмар гарагт мэдэгдсэн юм. Уг өөрчлөлтийн дүнд БНХАУ-ын төрийн өмчийн банкууд Хонконг, Лондон, Сингапур, Франкфурт, Парис, Йоханнесбург, Сидней зэрэг олон хотод Хятадын төв банкны төлбөр тооцооны салбарын үүрэг гүйцэтгэдэг боллоо.

Хятадын банкны Нью-Йоркийн салбар нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг гадаадын банкууд дотроо хамгийн том нь. Нийт 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тус банк АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлтийн 25 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр тооцоо эрхэлдэг талаар вэб сайтад нь тайлбарлажээ.

Ерөнхий сайд Ли Көчян даваа гарагт Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаныхаа дараа Нью-Йоркийн Уолдорф Астория зочид буудалд Юанийн арилжаа, төлбөр тооцоо эрхэлсэн АНУ-ын Ажлын хэсгийг хүлээн авлаа. Уг Ажлын хэсэг эдүгээ Хятадын даатгалын конгломератад харьяалагддаг болсон.

“Нью-Йоркт төлбөр тооцооны банк байгуулсан нь АНУ-д юанийн хэрэглээг өсгөж, юаниар тооцдог бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтэд дөхөм үзүүлнэ” хэмээн тус Ажлын хэсэгт ажилладаг, урьд нь АНУ-ын Сангийн сайд байсан Тимоти Гейтнер тайлбарлав.

Ажлын хэсгийн удирдлагад Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блүмберг, цагтаа мөн л Сангийн сайд байсан Хэнри Паулсон нар багтаж байна. Хятадын оншор валютын зах зээлтэй харьцах тусгай эрх бүхий, оффшор юанийн арилжаа, хил дамнасан төлбөр тооцоо эрхлэх юанийн төлбөр тооцооны банк байгуулснаар оффшор төвүүдийн хоорондох хөрөнгийн урсгал сайжирна.

Хятадын ардын банкнаас тус улсын банкуудын зөвхөн оффшор салбаруудад төлбөр тооцооны эрх олгодог байсан журам өөрчлөгдөх талаар ноён Ли цухуйлгаж байв.

“Нью-Йорк дахь Хятад бус банкуудад ч юанийн бизнес эрхлэх боломжийг бид дуртайяа олгоно” хэмээн мягмар гарагт болсон дайллагын үеэр ноён Ли мэдэгдсэн байна. Хятадаас хөрөнгө гадагш урсах болсноос шалтгаалан юанийг олон улсжуулах ажиллагааны эрч өнгөрсөн онд саарсан. Тэргүүлэх оффшор төв болох Хонконгийн юанийн нөөц долдугаар сард сүүлийн гурван жилд тохиолдож байгаагүйгээр багаслаа. Хил дамнасан төлбөр тооцоонд ашиглаж буй дэлхийн валютын жагсаалтад юань 2016 оны эхний хагасын байдлаар канад долларын дараа зургадугаарт ортлоо уруудав.

Ханш нь өсөх тооцоонд тулгуурлан дуртайяа юань худалдан авдаг байсан гадаадынхны чиг хандлага сүүлийн хэдэн жилд эсрэг тийшээ эргэсэн талаар зах зээл судлаачид тайлбарладаг. Хэтийн урт хугацаандаа Нью-Йорк дахь төлбөр тооцооны банк л юанийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.


САНАЛ БОЛГОХ