Д.Бумдарь: АН-ыг задрах, зөвшилцөх сонголт хүлээж байна
Ярилцлага
Манайд улс төрийн буруу соёл тогтчихоод арилахгүй байгаа юм
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Бумдарьтай ярилцлаа.
-Сүүлийн үед манай улсад ардчилал байна уу гэх зүйл яригдах боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай улсад ардчилал бий. Гэхдээ энэ нь араг яс төдий л байна. Манайх олон намын тогтолцоотой орон. Одоо 26 нам, эвсэл байна. Үүргээ төгс биелүүлж чадахгүй байгаа ч, гүйцэтгэх засаглал бий. Тэгэхээр 1990 оноос хойш бид ололттой яваа гэсэн үг. Ардчиллын үнэт зүйлсийг бүрдүүлж чадаагүй институци сул байгаа учраас л иргэд үл итгээд байна. Нөгөөтэйгүүр, улс төрийн намууд төлөвшөөгүй болохоор төлөөллийн ардчиллыг бий болгож чадаагүй. Ард түмэн хоёр намаас өөр хүчтэй улс төрийн хүчин алга гэсэн залхалтын байдалтай болсон. Гэвч энэ хоёрыг улам сайжрах ёстой гэсэн шаардлагаа ард түмэн тавьдаг байх учиртай.
-Ардчилсан нам нэр шигээ ардчилсан байж чадаж байгаа юу. Улс төр судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү?
-Ардчилсан нам дотроо нээлттэй, чөлөөтэй хэдэн фракцид хуваагддаггүй байх ёстой. Одоо хэдэн фракцид хуваагдсан дүр зураг л харагдаж байна. Энэ намынхан Монголд ардчилсан нийгмийг авчирсан. Шилжилт хийж чадсан гэж ярьдаг боловч, өөрсдөө үүнийхээ эсрэг амьдардаг. Нам дотроо шинэчлэгдэж зайлшгүй цус сэлбэлт хийж байх нь чухал. Энэ зүйл үндсэндээ байхгүй байна. Бидний мэддэг 26 жилийн өмнөх С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг өнөөдөр ч намын лидер хэвээрээ байгаа. Энэ бол байж болохгүй үзэгдэл. Намын лидер найм, удлаа гэхэд л 12 жил удирдагч байх ёстой. Ийм байдлаар цус сэлбэхгүй яваад байхаар ил тод, ардчилсан байдал нь алдагдаж байгаа юм. Хоёрдугаарт, фракцид хуваагддаг, мөн улс төрийн лидер нь байр сууриа тууштай хадгалах зорилготой байхаар буруу улс төрийн соёл нам дотор тогтоод байна. Өөрсдийнхөө тогтоосон буруу соёлоос болоод сонгуульд том ялагдал хүлээсэн. Дээр нь ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байна. Энэ маягаараа цаашаа явбал нам задарна. Дараагийн залуу үе нь бууриа сахиж үлдэх, олон жил болсон улстөрч нь зайгаа барьж холдож болзошгүй дүр зураг харагдах болсон. Хэрэв ийм байдалд хүрэхгүй гэвэл хүчтэй сөрөг хүчин байхын тулд зөвшилцөлд хүрэх нь зөв. Ардчилсан намын өмнө задрах, зөвшилцөх гэсэн хоёр сонголт хүлээж байна.
-Босоо удирдлагын тогтолцоотой биш учраас задрал явагдах нь гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэдэг юм билээ?
-Монголд ч, гадаадад ч адилхан бүх намд фракц, жигүүр байдаг. Гэхдээ үзэл баримтлал нь тодорхой байвал фракц, жигүүрүүд нэгдэж чаддаг. Харин Ардчилсан намын үзэл баримтлал яг юу юм бэ. Монгол орныг яаж хөгжүүлэх юм, ямар арга замаар гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Нам дотроо олон ургалч үзэл байж болно. Тэмцэлдэж, муудалцаж болно. Ингэж байж ил тод байж чадна. МАН ч ялгаагүй дотроо жигүүр, фракц бий. Яагаад нэгдэж чадаад байна гэхээр зүүний гэдэг үзэл баримтлалдаа маш сайн баригдаж чаддаг. Гэтэл ардчилсан нам болохоор либерал гэж яриад байдаг хэрнээ үүнийгээ зарим гишүүн нь ойлгодоггүй ч байж магадгүй. Энэ байдал нь АН-ыг нэгдмэл биш болгож харагдуулдаг.
Намын лидер найм, удлаа гэхэд л 12 жил удирдагч байх ёстой. Ийм байдлаар цус сэлбэхгүй яваад байхаар ил тод, ардчилсан байдал нь алдагдаж байгаа юм.
-Бид сонголтоо хийж, эрх баригч намд итгэл хүлээлгэлээ. Цаашид улс төрийн байдал ямар байх бол?
-Ард түмний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Мөн можаритор системийг ардчилсан нам өөрсдөө гаргасан. Тэгэхээр нэг нь хийж, нөгөө нь сонгуулийн үр дүнг хүртсэн болохоор аль алинаас нь бахархал, гомдол төрөхгүй байх. Сонгуулийн үр дүнг ямар болсон бэ гэдгийг мөрийн хөтөлбөр болон шинжлэх ухааны дүгнэлтээр тодорхойлдог. Шинжлэх ухааны дүгнэлт гэдэг нь тухайн иргэдийн санал өгөөд дэмжсэн хувь нь парламентын гишүүдийн эзэлж буй хувьтай тэнцүү байна. Хэрэв ийм үр дүн гарсан бол сайн сонгууль боллоо гэж үздэг. Жишээлбэл, иргэдийн 66 хувь нь Ардын намыг дэмжлээ гэж бодъё. Тэгвэл тус нам 66-70 хувийн суудалтай байх ёстой. Гэтэл өнөөдөр 50 хувь авангуутаа 90 гаруй хувийн суудал эзэлнэ гэдэг хамгийн муу сонгууль болсныг харуулж байна. Энэ бол Ардчилсан намын хийсэн хамгийн буруу үйлдэл. Үүндээ АН-ынхан өөрсдөө л харамс. Энэ Засгийн газар одоохондоо бүтцийн өөрчлөлт, эдийн засгийг гацаанаас гаргах тухай л ярьж байна. Түүнээс тайлан тавихгүй байна шүү дээ.
Бид АН-аас ийм данстай төдий хэмжээний өр хүлээж авсан. Ийм бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр боллоо ч гэдэг юм уу, ард иргэдэд тодорхой тайлан тавих ёстой. Өнөөдөр хэт их ялсан байдалтай бялуу хуваалтан дээрээ гацчихаад байна. Уг нь МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж гарч ирсэн. Үүнийгээ хэрэгжүүлж чадвал хамгийн том дэвшил болно. Мэргэжлийн бус хүнийг албан тушаалд тавьчихаар төрийн бүх ажлыг гацаадаг. Яамдын томилгоо найр тавьсан шинжтэй болчихоор мэргэжлийн Засгийн газар биш болж байгаа юм. Тиймээс л мэргэжлийн Засгийн газрыг үнэнчээр байгуулаасай гэж хүсэж байна. Мэргэжлийн Засгийн газрын суурийг тавиад өгвөл ядаж улс төрийн соёл тогтоно.
-Та сая улс төрийн соёлын талаар хөндлөө. Тэгвэл манай улсад улс төрийн соёл байна уу?
-Япон бол улс төрийн өндөр соёлтой орон. Тэр улсаас суралцах ёстой. Монголд өнөөдөр эрх мэдэлтэй болчихвол юуг ч мөнгөөр худалдаж авахад бэлэн байна. Эрх мэдэлтэй болчихоороо албанаас буухгүй байхын төлөө зүтгэдэг. Манайд улс төрийн буруу соёл тогтчихоод арилахгүй байна. Эрх мэдлийг авсан бол эргээд хариуцлага хүлээх үүргээ мартдаг. Ард түмэн ч үүнийг шаарддаггүй.
-Монголын төр бөх бат байж чадаж байна уу?
-Хүчирхэг төр байхгүй. Инстутици нь бүрэн утгаараа тогтож чадаагүй учраас араг яс л байна гэж би түрүүхэн хэлсэн. Төрийн байгууллагуудын хэрхэн ажиллах уялдаа холбоо нь тодорхойгүй байдаг. Судлаачийн үүднээс харвал Ерөнхийлөгчийн засаглалтай юу, парламентын засаглалтай юу гэдэг нь тодорхойгүй болсон. Уг нь Ерөнхийлөгч бэлгэдлийн чанартай байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн хагас засаглалтай ч юм шиг. Тиймээс манай төр бат бөх биш. Хэзээд унахад бэлэн байдаг. Нэг талаас нь нурахад нөгөө талаас нь шаварддаг тийм л тогтолцоотой болсон. Төр тогтворгүй болохоор шинэ Засгийн газар тогтох бүрт төрийн бүх байгууллагын удирдлага солигдож байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй