Эрхшээлийн эсрэг

Экологи

Хирсний эвэр хар зах дээр нэг кг нь 60 мянган ам.долларт хүрдэг

Цэнхэр гарагийн устах аюулд орсон амьтдын төрөл зүйл арслан, заан, хирс гээд цөөн хэдээр хязгаарлагддаггүй. Устах аюулд орсон учраас хууль бусаар агнах, наймаалахыг нь хориглосон амьтан, ургамлын 500 орчим төрөл зүйл бий. Харамсалтай нь, ховор ургамал, амьтны хууль бус худалдаа жилд 20 тэрбум ам.долларт хүртлээ өсөн нэмэгдэж байна.

Хүн төрөлхтний хоол хүнс, гоёл чимэглэл, тансаг хэрэглээ, уламжлалт эмчилгээний эрэлт хэрэгцээний улмаас эдгээр амьтан газрын хөрснөөс арчигдах ёсгүй юм. Үүнийг батлахын тулд Устах аюулд орсон амьтдын хууль бус худалдааны эсрэг конвенци (CITES)-д нэгдсэн 181 орны төлөөлөл, байгаль хамгаалагчид энэ сарын 22-нд дээд хэмжээнд чуулж эхэллээ.

ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотноо хагас сарын турш өрнөх уг чуулганаар хууль бус агнуур, тээвэрлэлтэд хамгийн их өртдөг хөхтнөөр панголин хэмээх ер бусын өвөрмөц арьстай нэгэн амьтныг нэрлэжээ. Панголины арьс Хятад, Вьетнамд нэн эрэлттэй байдаг нь уламжлалт эмчилгээнд хэрэглэдэгтэй холбоотой аж. Байгаль хамгаалах “WildAid” байгууллагын мэдээллээр өнгөрсөн арван жилд панголины тоо толгой хагас сая гаруйгаар цөөрчээ. Энэхүү хөхтний хулгайн ан цэцэглэсэн газар нь Африк тив. Хамгийн сүүлд Хонконгод Африкаас тээвэрлэсэн паголины 11 тонн арьсыг хууль сахиулагчид хураан авсан байна. Амьтдын сайн сайхны төлөөх олон улсын сангийн мэргэжилтэн, панголин судлаач Марк Хофберг “Хууль бус худалдаа үргэлжлэх аваас энэхүү нэн ховор, өвөрмөц амьтан бидний нүдэн дээр ор тас алга болно” хэмээн сануулжээ.

Харин ОХУ болон Төв Азийн орнуудад европчууд ирж хөхтөн болон шувуу агнадгийг CITES- ийнхан онцлов. 2000-2010 онд хатуу зохицуулалт дор агнах биологийн төрөл зүйлийн жагсаалтад орсон амьтдаас 10245- г Төв Азийн нутгаас агнасан бөгөөд ихэнх нь аргаль, хүрэн баавгай, чоно байсан байна.

Зэрлэг амьтдын агнуураас төсвийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг Африкийн 29 орон заан агнах дүрэм журмыг улам чангаруулах хүсэлтэй байгаа аж. Харин Камерун, Этиоп, Габон болон Нигери зэрэг улсын төлөөлөгч байгаль хамгаалагчдын өөдөөс “Африкчууд байгалийн баялгаа хэрхэн ашиглахыг бүү заа” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Уг нь зааны соёоны худалдаа CITES- ийн гишүүн орнуудад хориотой. Гэвч соёог нь хууль бусаар худалдах гэсэн “араатнууд”-ын гарт 15 минут тутамд нэг заан амиа алддагийг тогтоожээ.

CITES- ийн чуулганаар далай тэнгисийн амьтдаас хамгийн их цөөрч байгаа нь силкэн махчин загас, төрөл бүрийн яст мэлхий, гоёл чимэглэлийн зориулалтаар олборлодог хясаа зэргийг нэрлэсэн байна. Мөн тансаг тавилгын хэрэглээг дагаж зандан модыг олноор нь тайрч, худалдах нь сүүлийн жилүүдэд нэмэгдээд буй. 2005- 2014 онд зандан модны хууль бус худалдаа 65 дахин нэмэгдэж, зах зээл нь жилд хоёр тэрбум ам доллараар хэмжигдэж байна. Энэ байдлаараа ургамлын энэ төрөл зүйл удахгүй устахын дохио болж байгааг мөн анхааруулжээ. CITES- ийн ерөнхий нарийн бичгийн дарга Жон Сканлон “Гэмт хэргийн болон террорист бүлэглэлүүдийн хувьд эрсдэл багатай хэмээн тооцдог зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг чангаруулсан Засгийн газрууд олон болсон” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Амьтан, ургамлыг хамгаална гэдэг зөвхөн байгаль хамгаалж буй хэрэг биш юм. Орон нутгийн ард иргэд, аюулгүй байдал, улс орны эдийн засагт ч нөлөөлдөг. Тиймээс үйл хэргээ цөхрөлтгүй үргэлжлүүлнэ гэдгээ байгаль хамгаалагчид онцолжээ.


САНАЛ БОЛГОХ