Горилогч 14489, гомдогсод 7207
Орон нутгийн сонгуулийг “настнуудын оройн зоог” хэмээн егөөддөг
Төрийн бүх шатанд эрх барих улс төрийн хүчнийг тодруулдаг сонгуулийн үргэлжлэх хугацаа Монголд дөрвөн жил. Энэ дөрвөн жилийнх нь хоёрт амсхийж, хоёрт нь давалгаалдаг хэмнэлийн хамгийн өндөр “долгиолдог” нь хоёрын хоёр сонгуультай 2016 он. Араас нь Ерөнхийлөгчийн сонгууль буюу хойтонгийн гал тахиа жил.
УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн ард гарсан монголчуудыг одоо орон нутгийн тодотголтой улс төрийн удаах давалгаа нөмөрлөө. Дээрээ суудал нь тодорхой болсон улс төрийн хүчнүүд доороо “хөл”- тэй байх, эсэхийг удахгүй болох сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар шийднэ.
Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлээд байгааг СЕХ-ны албан ёсны сайтад бичжээ. Товчоор хэлбэл, энэ удаагийн орон нутгийн сонгуульд горилогч 14489 байгаа бол гомдогсод нь 7207. Харин намаар нь авч үзвэл орон нутгийн сонгуульд МАН, АН, ИЗНН, МНН, БНН, МАХН, Эх орон нам, МҮАН, ХҮ намаас нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм. Мэдээж гол өрсөлдөөн АН, МАН-ын дунд өрнөнө.
Харин бусад намын хувьд бүх тойрогт бус харин аль боломжтой гэсэн газартаа ганц нэгээр нэр дэвшин, орон нутгийн сонгуулийн “газрын зураг”-ийг алаг цоог болгосон байна.
Тэгвэл өнөөдөр дээр өгүүлсэн 14489 горилогч үнэмлэхээ гардаж авна. Харин сонгуулийн сурталчилгаагаа ирэх сарын 1-нээс албан ёсоор эхлүүлэх хуваарьтай.
2016 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 17 хоног. Энэ нь УИХ-ын сонгуулийнхтай ижил гэсэн үг. Өрсөлдөгчөөсөө давж, өөрийгөө таниулна гэдэг амар зүйл биш. Тэр тусмаа 17 хоног гэдэг шинэ, залуу нэр дэвшигчдийн хувьд муушигт харанхуй орсонтой л адил. Тэр тусмаа орон нутагт нэр дэвшигчид олонд төдийлэн танигдаагүй хүн байдгийг харгалзан үзвэл хуулиар олгосон хугацаа “чамлалттай”. Гэхдээ цас зузаарахын түрүүчээр болж буй сонгуулийг сунжруулах нь улс орны аж амьдралд хэрэгтэй тул баталсан хугацаандаа багтаж дуусгахаас аргагүй.
Сонгуульд өрсөлдөгчдийн хувьд гол асуудал үүнд байна. Харин зохион байгуулагчдын “толгойны өвчин” нь сонгогчдын ирц. Сонгуулиас сонгуулийн хооронд буураад буй иргэдийн идэвхийг сэргээх оролдлогыг бага ч болов хийдэг ч тусаа өгсөн нь ховор. Харин нэг шийдвэл ард түмний хүч юунаас ч илүү гэдгийг 2016 оны УИХ- ын сонгууль харуулсан нь нийт сонгогчдын 65.2 хувь саналаа өгсөн явдал. Эрх баригчдын шийдвэр улс орны эдийн засаг төдийгүй иргэдийн хэтэвчинд шууд нөлөөлсөн тул… хэмээх гаргалгааг 20 гаруй жил урвуу үзүүлэлттэй байсан сонгуулийн ирц гурван хувиар өссөнтэй холбон судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь үнэмлэхүй ялсан МАН-ын сайнд бус, эрх барьж байсан Ардчилсан намд тавьсан ард түмний үнэлгээ гэдгийг тодотгох хэрэгтэй.
Тэгвэл гурван долоо хоногийн дараа болох орон нутгийн сонгуулиас зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ынх шиг хэмжээний ирц хараад нэмэргүй.
Учир нь сум, дүүргийн сонгуульд иргэд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Мөн аравдугаар сарын 19-ний лхагва гараг төдийгүй, орон нутгийн сонгуультай холбогдуулан бүх нийтээр нь амраах тухай заалтыг хуульд тусгаагүй байгаа.
Сонгуульд иргэдийн саналыг идэвхтэй өгүүлэх хөшүүрэг нь санал хураалтыг ажлын аль нэг өдөр зохион байгуулж, тухайн өдрөө бүх нийтээр амраах явдал. Харин албан ёсоор амраагүй иргэд ажлынхаа завсар зайгаар санал өгье гэж зорьдоггүйн баталгаа нь өмнөх сонгуулиуд. Тиймдээ ч орон нутгийн сонгуулийн саналыг “настнуудын оройн зоог” хэмээн егөөддөг биз. Тэгвэл ирц буурч буйн гол буруутнууд залуус. Тэдний ихэнх нь сонгууль, улс төрийн талаарх боловсрол, идэвх, хамгийн гол нь хүсэл байдаггүй. Гэтэл манай улсын хүн амын 66 хувь нь 30-аас доош насныхан. Бүр тодруулбал, тэдний 30 хувь нь 16-30 насныхан байдгийг албаны статистик мэдээнээс харж болно.
» Дөрвөн жилийнх нь хоёрт амсхийж, хоёрт нь давалгаалдаг тэр хэмнэлийн хамгийн өндөр “долгиолдог” нь хоёрын хоёр сонгуультай 2016 он.
» Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил одооноос ханцуй, хошуу хавиар эхэлчихсэн л байгаа.
» Аравдугаар сарын 19- ний лхагва гараг төдийгүй, орон нутгийн сонгуультай холбогдуулан бүх нийтээр нь амраах тухай заалтыг хуульд тусгаагүй.
» Залуусын ихэнх нь сонгууль, улс төрийн талаарх боловсрол, идэвх, хамгийн гол нь хүсэл байдаггүй.
Харин олон улсад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд хоёр янзын аргыг түгээмэл хэрэглэдэг аж. Энэ нь саналаа өгвөл урамшуулал, эс бөгөөс хариуцлага тооцно. Тухайлбал, урамшуулал буюу сонгуульд оролцсоны төлөө татварын хөнгөлөлт эдлүүлэх. Эсвэл төрөөс авах үйлчилгээний үед хөнгөлөлт үзүүлдэг. Харин саналаа өгөөгүй бол торгууль хүлээнэ. Ийм жишээ Австрали зэрэг улсад бий аж. Тухайн улсад иргэд нь сонгуульд санал өгөх үүрэг хүлээнэ. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгоно гэх заалтыг сонгуулийнхаа хуульд тусгасан жишээ олон.
Энэ талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг “Манай улсын тухайд шууд торгоно гэхээс илүүтэй янз бүрийн хөнгөлөлт үзүүлж болж байна. Тухайлбал, банкнаас зээл авахад сонгуульд саналаа өгсөн, эсэх нь нэг гол шалгуур болох ёстой. Мөн татварын хөнгөлөлт үзүүлж болно” хэмээн манай сонинд байр сууриа илэрхийлж байсан. Ямар ч байсан орон нутгийн сонгуулийн хуанлийн хоног хуульд заасны дагуу гүйгээд эхэллээ. Үнэмлэхээ өнөөдөр авсан нэр дэвшигчид дөрөв хоногийн дараа шаналгаат 17 өдрөө эхлүүлнэ.
Харин орон нутгийн сонгууль өндөрлөв үү, үгүй юу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлнэ. Угаасаа ханцуй, хошуу хавиар хэдийнэ эхэлчихсэн л байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай намууд өрсөлддөгөөрөө тоглоомын тойрог арай хумигдмал гэдгийг онцолъё.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй