Энэтхэг сөнөөгч онгоцоо дахин нэмэгдүүлэх шаардлагатай тулгарлаа

Мэдээ

Киран Стэйси

Хэлэлцээ эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрсөний эцэст Энэтхэг улс Францын Dassault компаниас 36 ширхэг Rafale сөнөөгч онгоцыг найман тэрбум еврогоор худалдаж авахаар өнгөрсөн долоо хоногт гэрээ байгууллаа. Энэтхэг улсын түүхэн дэх зэвсгийн хамгийн том наймааны нэг болох уг гэрээ нь Шинэ Делигийн агаарын цэргийн хүчний дутууг нөхөхөд чухал алхам болов.

Гэхдээ худалдан авах хэлэлцээ хэт сунжирч, анх тохиролцсон тоо гуравны нэг хүртлээ багассан нь Энэтхэгийн батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд хангалтгүй хэмээн зарим нь үзэж байна. Наймааг амжилттай дуусгахад биечлэн оролцож туслалцаа үзүүлсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дутсан 90 онгоцыг хаанаас нөхөх талаар эргэцүүлж байна.

“Энэтхэгийн агаарын зэвсэгт хүчийг бэхжүүлэхэд чухал алхам боллоо. Удаан сунжирсан энэ наймаа цэргийн бусад хөтөлбөр, санаачилгад ч төвөг удсан. Ядаж 36 гэдэг дэндүү бага тоо” хэмээн Энэтхэгийн чөлөөнд гарсан хурандаа, батлан хамгаалахын шинжээч Ажай Шукла тайлбарлав.

Энэтхэг улс арав гаруй жилийн өмнөөс эхлэн, ОХУ-д үйлдвэрлэсэн Миг-21 онгоцны паркаа шинэчлэх талаар эргэцүүлэх болсон юм. Тус улсын байлдааны онгоцуудын хувьд нэг зэрэг нисэх чадвартай онгоцны тоо цөөн байгаа нь гол бэрхшээл. Одоогоор Энэтхэгийн агаарын цэргийн хүчний онгоцууд дотор ОХУ-д үйлдвэрлэсэн Су-30 МКИ загварууд л уг үзүүлэлтээр хамгийн сайн буюу 55 хувьтай.

Хоёр ширхэг Rafale онгоцны үнээр Энэтхэгийн агаарын хүчин таван ширхэг Су-30 МКИ сөнөөгч авч болох байлаа.
Францын тал нэг дор хөөрөх чадвартай нийт онгоцны 75 хувийг нь бүрдүүлэхээр амласанаас энэтхэгчүүд 12 тэрбум еврогоор 126 ширхэг Rafale худалдаж авахаар анх төлөвлөж байлаа. Гэвч Нарендра Модигийн Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор “Энэтхэгт үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнээр зэвсэгт хүчнээ хангахад анхаарах болсон нь байдлыг өөрчлөв. Хожим нь онгоцны ихэнхийг Энэтхэгт угсрах ёстой гэсэн шаардлага тавьсанаас шалтгаалж анх төлөвлөсөн 126 онгоцноос ердөө 36-г авахаас аргагүйд хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт Кашмирт Энэтхэгийн цэргийн баазад халдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй уялдан Пакистаны эсрэг батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх ажилд сэтгэл зовнисон энэтхэгчүүд онгоцны тоо цөөн байгаад сэтгэл түгшиж байна. “Гэрээгээр нийлүүлэх онгоцны тоо цөөрөх тусам Пакистаны талд ашигтай” хэмээн Лондон дахь Кингз коллежийн Олон улсын харилцааны шинжээч Уолтер Ладвиг тайлбарлав.

Наймаа дэндүү үнэтэй туслаа хэмээсэн гомдолдогчид ч цөөнгүй. “Хоёр ширхэг Rafale онгоцны үнээр Энэтхэгийн агаарын хүчин таван ширхэг Су-30 МКИ сөнөөгч авч болох байлаа. Энэ онгоц байлдааны чадварын хувьд Rafale-тай адил” хэмээн ноён Шукла анхааруулж байна.

Зэвсэгт хүчнээ шинэчлэх ажилд Энэтхэг улс анх удаа тулгарч байгаа нь энэ биш юм. Өнгөрсөн онд тус улс дөрвөн жил үргэлжилсэн тендерийг эцэслэн шийдвэрлэж, 180 мянган ширхэг байлдааны винтов худалдаж авсан. Асуудлын шалтгаан нь иргэний албан хаагчдаас бүрддэг Энэтхэгийн хүнд сурталт тогтолцоо армиа шинэчлэн зэвсэглэх ажилд оновчтой шийдвэр гаргаж чаддаггүйд оршино.

Энэтхэгийн агаарын хүчинд ашиглаж буй сөнөөгч онгоцнуудаас Rafale нь хийцийн хувьд ялгаатай долоо дахь загвар. Долоон өөр загварын сөнөөгч онгоц тус бүрт тохирсон эд анги, материал техникийн дэмжлэг, дадлагажуулалт шаардлагатай. Rafale нэмэгдсэнээр Энэтхэгийн байлдааны эскадрилийн тоо 33- 35 болж өсөх юм. Гэхдээ Засгийн газар зогсоосон ч, 42 буюу Энэтхэгийн агаарын хүчний удирдлагаас нэхэж буй 45 эскадриль дутуу хэвээр үлдэж байна. Тус улсад нэмж Rafale худалдаж авах арга байж болно. Гэвч үнэ тохиролцож чадахгүй байгаагаас гэрээг дахин шинээр эхлэхээс аргагүй. Эсвэл оросуудтай хамтран ажиллах замаар илүү боловсронгуй орчин үеийн байлдааны онгоц бүтээж болох юм.

Юутай ч, одоогийн нөхцөлд Энэтхэг орон дутагдаж байгаа онгоцуудаа нөхөх нь эн тэргүүний шаардлага болоод байна. “Ядаж ганц ч гэсэн гэрээ байгуулж дөнгөлөө” хэмээн ноён Шукла өгүүлэв.
САНАЛ БОЛГОХ