Андын сэтгэлийг алтаар өнгөлдөггүй

Кино

Өрнөлийг баримжаалж болох ч, төгсгөл нь тааварлах аргагүй

Гэгээ тасарч, харанхуй бүрнээ нөмрөхөд сайтар зохион байгуулсан төлөвлөгөөний дагуу дөрвөн оргодол хоёр хуягийн гараас хөнгөхөн мултарч амжив. Нуусан алтныхаа араас мөшгих тэдний гарт тарчилах залуусын тэмцлийг шар хивсэн дээгүүр ёслол төгөлдөр угтуулж, хувцасаа хар, цагаанаар хослуулсан урлаг, соёлын хээнцэр эрхмүүд анхааралтай гэгч үзэх аж.

Монголын шоу бизнесийн ертөнцийн шинэ дүр төрхүүдээр гол баатруудаа амилуулсан “Галзуу зугаалга” адал явдалт, тулаант киноны нээлт өнгөрсөн бямба гарагт “Тэнгис” кино театрт ийнхүү эхлэв. “Хас урлан” студи, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл “Галзуу зугаалга”- ын зураг авалтыг 4K форматаар олон улсын стандартын дагуу хийснээрээ онцлог аж. Мөн найруулагч болон гол дүрийн зарим жүжигчний хувьд анхны уран бүтээл нь болж буй юм. Дүр сонголтод шинэ жүжигчдийг түлхүү оруулснаа продюссер Б.Шүүдэрцэцэг “Заримдаа нэг жилийн дотор нэг жүжигчний тоглосон таван кино гардаг. Бид үүнээс зайлсхийхийг зорьсон” хэмээн тодотгосон юм.

Их сургуулийн нэг ангийн найзууд Мишээлд төрсөн өдрийн гэнэтийн бэлэг барихаар хотоос гарч, нэгэн балгаст очно. Хээрийн нохой, шувуу ч тоож үүрлэхээргүй болсон энэ балгаст саваагүй зандаа хөтлөгдсөн залуус андын нөхөрлөл, үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгох адал явдалтай тулгардаг. Холливүүдад 1990-ээд оны сүүлчээс эрчээ авсан залуус, өсвөр үеийнхэнд зориулсан адал явдалт киноны монгол хувилбар “Галзуу зугаалга”-аар дамжин манай үзэгчдэд хүрч байна. Хамгийн саваагүй нь аюул осолд түрүүлж өртдөг бол эр зоригтой нь бүх бэрхшээлийг даван туулж, аймхай нэгэн анхааралд бага өртдөг учраас амьд үлдэх магадлал өндөр гээд америк стилийн киноны баатруудын нийтлэг онцлог “Галзуу зугаалга”-д бий.

Амьдралын гэнэтийн сорилт тулгарахад андын сэтгэл, үнэнч хайрын үнэ цэнийг уландаа гишгэж байгаа Билгүүн бол “Галзуу зугаалга” киноны үйл явдлын өрнөл, зангилаа, тайлалыг базсан гол дүр. Энэхүү сөрөг дүрийг загвар өмсөгч Э.Энхболд амилуулжээ. Билгүүн зомби болон хувирах даалгавартай байсан тул балгаст найзуудаасаа түрүүлээд иржээ. Энэ үеэрээ тэр цүнхтэй алтан гулдмайнууд олох агаад тэдгээрийг ойролцоох ойн захад нууна. Хожим нь түүний хүн чанарыг сорьж, найз нөхдийнх нь амь насаар хэмжигдэх эд гэдгийг хөнгөмсөг, бардам тэрбээр эс анзаарна. Харин Билгүүний төдийгүй бусад найзынх нь хүн чанарын сорилт болсон алтан гулдмайнууд ямар учраас оргодлуудын эзэмшилд орсныг кинонд огтоос үзүүлсэнгүй. Тэгсэн авч алтгүй бол киноны гол хэлэх гэсэн санаа огтоос гарахгүй, үйл явдал ч амттайгаар эс өрнөх байлаа.

Харин төрсөн өдрөө тэмдэглэж буй Мишээлийн дүрд “MONROZE” салоны загвар зохион бүтээгч С.Сарнай тогложээ. “Галзуу зугаалга” бол “Яг түүн шиг” шоуны хоёр оролцогчийн хувьд анхны кино бүтээл гэдгийг зориуд тодотгон хэлье. Найз залуу болох Билгүүнийг хоригдлуудаас биеэрээ хамгаалж буй болон киноны төгсгөлд “Чиний сэтгэл царай шигээ сайхан биш байж” хэмээн хэлэх хэсгүүд нь Мишээлийн дүрийг хамгийн сайн гаргаж чадсан жүжиглэлт. Гэхдээ хайртдаа голдоо ортол гомдсон Мишээлийн уйлж буй дүрийн жүжиглэлт туйлаас ядмагхан харагдсаныг нуух юун. Манай сонинд өгсөн ярилцлагадаа ч уйлах хэсгийг жүжиглэхэд үнэхээр хэцүү байснаа С.Сарнай хүлээн зөвшөөрч байсан билээ.


Киноны үйл явдлыг сонирхолтой болгосон өөр нэг дүр нь “Нэг гулдмай, нэг амь” зарчмаар оргодлуудын савраас найзуудаа нэг нэгээр суллаж байгаа сүйхээтэй Тайванаа юм. Түүнийг “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр олонд танигдсан жүжигчин А.Алтанхуяг амилуулсан байна. Мөн Мишээлтэй өрсөлдөх боломжийг алддаггүй, хөнгөмсөг мэт харагддаг ч үнэн чанартаа хүнлэг бөгөөд хэрсүү бүсгүй Хулангийн дүрийг жүжигчин С.Өлзийхүү, Ц.Хүсэлбаатар нарын охин Х.Баярмаа чадварлаг амилуулжээ. Харин алтаа үгүйлэхийн эрхэнд үе үе санаа алдаж, хүн чанарыг алттай жишсэн Р.Чойномын мөртүүдийг “Сүмтэй бударын чулуу”-аас уншиж буй сөрөг дүрийн гол баатар болох оргодлуудын ахлагчийн дүрийг СТА Г.Золбоот бүтээсэн байна.

Найруулагч болон зарим гол дүрийн хувьд анхны уран бүтээл нь "Галзуу зугаалга"
Мишээлийн төрсөн өдрийн баярт мөнөөх дөрвөн оргодол гэнэтийн зочид болж ирснээр гол үйл явдал эхэлнэ. Цааш нь өрнөлийг баримжаалж болох ч төгсгөл нь тааварлах аргагүй ажээ. Мөн үйл явдал хоорондын дараалал цэгцтэй байсан нь кино зохиол чамбай болсны нэг илрэл болов уу. Тулалддаг хэсгүүдийн хөгжмийг “Нисванис”-ийн Л.Энх-Амгалангийн бүтээлээр хөглөж, кадр солигдох хугацааг оновчтой тааруулсан нь үзэгчдийг үйл явдалд татан оруулж, кино дуусан дуустлаа уйдахааргүй өвөрмөц өрнөлтэй, албадмал шийдэлгүй болсон гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Түүнчлэн дүрүүдийн харилцан ярианд үе үе хошин өнгө аяс оруулж, сөрөг баатаруудын бүтэлгүйтлийг хөгжилтэй байдлаар үзүүлсэн нь адал явдалт, тулаант киноны үйл явдлыг хөнгөн болгож өгчээ. Энэ дашрамд дуулгахад, “Галзуу зугаалга” трейлэрт гардаг шигээ хүчирхийлэл ихтэй, хүнд кино биш. Гэхдээ киноны гол үйл явдалд төдийлөн хамааралгүй боловч бага насны хүүхдийн нүдэн дээр хутганы үзүүрээр нүүр амаа эрээ цээргүй оролдох хэсгүүд нь алтан хальсанд үлдээх хүчирхийллийн дүр зураг биш л баймаар.

Хүний амь нас алтан гулдмай байтугай ганц гар утасны ч үнээр үнэлэгдэхгүй шахам болсон энэ цаг үед үнэнч нөхөрлөл, уучлалыг алтны гялбаа бус хүн чанар өнгөлдөг гэдгийг кино урлагт урнаар мөнхрүүлснийг үзэгчид ухаарах биз ээ.
САНАЛ БОЛГОХ