Rio Tinto: Гурван тэрбум ам.долларын бондоо эргүүлэн худалдаж авна

Уул уурхай

Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Rio Tinto” групп гурван тэрбум ам.долларын бондоо эргүүлэн худалдан авахаар боллоо. Тухайлбал 2017-2018 оны 1.5 тэрбум ам.долларын бондоо авах бол үлдсэн нь 2022 он хүртэлх бондууд байх юм байна. 2016 он гарсаар “Rio Tinto” компани өрийн хэмжээгээ бууруулах үүднээс бондуудаа эргүүлэн худалдан авах болсон юм. Энэхүү саналаас өмнө 4.5 тэрбум ам.долларын бондоо худалдан аваад байлаа. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард 1.5 тэрбум ам.долларын бондын хугацаа дуусаж, төлбөрөө барагдуулж байсан юм. Уул уурхайн салбарын нөхцөл байдал таагүй байсантай холбогдуулан энэ оны эхэнд “Moody's” агентлаг тус компанийн зээлжих зэрэглэлийг "A" ангиллаас буулгасан байна. “Rio Tinto” группийн зүгээс нөхцөл байдлыг ухамсарлаж ногдол ашгийн хэмжээгээ хоёр дахин бууруулах мөн өрийн хэмжээгээ бууруулах алхмуудыг шат дараатай авч хэрэгжүүлэх болсон байна. Үр дүнд нь дийлэнх зээлжих зэрэглэлийн байгууллагууд төлөвийг нь эерэг болгон өөрчлөөд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ