“Clean Energy” компани салхин цахилгаан станцын хоёр дахь төслөө эхлүүлж байна

Бүтээн байгуулалт

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анхдагч “Clean Energy” компани хоёр дахь цахилгаан станцын төслөө эхлүүлж байна. 50 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг байгуулахад нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 85 сая ам.долларын санхүүжилтийг гаднаас татах юм байна. Үүнээс 25 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк олгохоор болжээ.

Санхүүжилтийг баталгаажуулах арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо болно. Төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас гадна “JAICA” зээлийн санхүүжилт гаргана. 2008 оноос судалгааны ажил нь эхэлсэн станцын барилгын ажил дөнгөж эхэлж байгаа бөгөөд ирэх оны 12 дугаар сард ашиглалтад орох хүлээлттэй байгаа юм. Бүтээн байгуулалтын ажилд 300 орчим ажлын байр, ашиглалтын үед 25 байнгын ажлын байр бий болох тооцоо гарчээ. Нийт хоёр МВт-ын хүчин чадалтай 25 салхин цахилгаан үүсгүүр суурилуулахаар болсон байна.

Энэхүү цахилгаан станц нь жилд 120 мянган тонн нүүрс, 1.6 сая тонн цэвэр ус хэмнэх төдийгүй, 180 мянган тонн нүүрс хүчлийн хий ялгарахаас сэргийлнэ. Мөн үйлдвэрлэсэн 200 сая кВт.ц эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлж "Оюу Толгой", "Таван Толгой" зэрэг төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой юм байна. “Clean Energy” нь анхны салхин цахилгаан станцын төсөл болох Салхитыг хэрэгжүүлж байсан бөгөөд “Newcom” болон Японы “SoftBank”-ийн хувь нийлүүлсэн компани юм.


САНАЛ БОЛГОХ