Нийтийн тээвэрт 500 автобус явсан ч хүрэлцэнэ

ЗГМ: Тодруулга

12 жил ашигласан автобусыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглодог

Өглөө, оройд нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэж, зарим иргэд автобусанд багтахгүй үлдэж байна. Нийтийн тээврийн салбар эргээд 20-н жилийн өмнөх үедээ очлоо гэж иргэд бухимдаж байгаа. Ингэж нийтийн тээврийн ачаалал нэмэгдсэн нь юутай холбоотой талаар Нийтийн тээврийн газрын ОНХГ-ын мэргэжилтэн М.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэдэн автобус явж байна вэ?

-Нийтийн зорчигч тээвэрт 1798 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 1260 нь их оврын автобус байдаг. Өнөөдрийн байдлаар 929 их багтаамжийн автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан байна. Мөн туслах шугамын зургаан чиглэлд 22, буухиа үйлчилгээний 12 чиглэлд 18 бага оврын автобус үйлчилж байгаа.

-Хэдэн автобус нийтийн тээвэрт явбал хотын иргэдэд хүрэлцээтэй байх вэ?

-Жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, түгжрэл ихэсч байгаа шүү дээ. Хэрэв зам түгжрэлгүй бол 500 автобус үйлчилгээнд явсан ч хотын иргэдэд хүрэлцээтэй. Яг ажил эхлэх, тарах үеэр замын түгжрэл ихэсдэг. Жишээ нь, Дарь-Эхэд автобус түгжрээд зогсоход хотын төвд хүлээж байгаа иргэд “автобус ирэхгүй байна” гэж бухимддаг. Хотын дэд бүтцийг цэгцэлж, замын түгжрэлийг бууруулахгүй бол 2000 автобус үйлчилгээнд яваад ч энэ асуудлыг шийдэж чадахгүй.

-Энэ жил хэдэн автобусыг ашиглалтаас хасах вэ. Ер нь үйлчилгээнд явж буй автобусны насжилт ямар байгаа вэ?

- 2016 онд нийт 156 том оврын автобус, такси насжилтаараа хасагдахаар байна. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний ерөнхий шаардлага буюу MNS:5012:2011 стандартын дагуу 12 жил ашигласан автобусыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглодог. Үүний дагуу 2016-2018 онд нийт 471 автобус, троллейбус хасагдах судалгаа гарсан. Ер нь их багтаамжийн автобусны 48 хувь нь 7-10 жил, 38 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм. Харин дөнгөж 11 хувь нь 0-3 жил, гурван хувь нь 4-6 жил ашигласан шинэвтэр автобус байна.

-Ашиглалтаас гарсан автобусны тоог хэрхэн нөхөх вэ?

-Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байна гэсэн гомдол байнга ирдэг. Бид боломжоороо парк шинэчлэлт хийж байгаа. Тухайлбал, 2015 онд 20 угсраа автобус, 30 дунд оврын автобус, 20 экобус гээд нийт 70 тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт хийсэн. Харин ирэх жилүүдэд ашиглалтаас гарах автобусыг хэрхэн нөхөх талаар бодлогыг хэлэлцэж, боловсруулж байна.

-Том оврын автобус хүрэлцэхгүй байхад микро автобусны тоог цөөллөө гэж зарим иргэн бухимддаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Үйлчилгээнээс хассан микро автобусуудын ашиглалтын хугацаа нь 2014 онд дууссан байсан. Одоо ашиглах боломжтой гэсэн 34 микро автобус зургаан чиглэлд явж байгаа.

» Их багтаамжийн автобусны 48 хувь нь 7-10 жил ашиглагдсан бол 38 хувь нь 10- аас дээш жилийн насжилттай.

» 2015 онд 20 угсраа автобус, 30 дунд оврын автобус, 20 экобус гээд нийт 70 тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт хийсэн.

» Замын түгжрэлийг бууруулахгүй бол 2000 автобус үйлчилгээнд яваад ч хүрэлцэхгүй.

-Зарим автобусны компанид шатахуун, зардлаа хэмнэхийн тулд хол зайтай явдаг гэсэн хардлага байна. Ийм боломж бий юу?

-Тийм боломж байхгүй. Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсээс зорчигчдын урсгалын судалгааг хийдэг. Аль чиглэлд хэчнээн иргэн, ямар давтамжтайгаар зорчиж байна вэ, хэчнээн тээврийн хэрэгслийг хэдэн минутын зайтай явуулбал тохирох вэ гэдгийг судалдаг. Тухайн чиглэлд хамаарах хороодоос хүн амын тоо, өдөрт нийтийн тээврээр зорчдог хүмүүсийн судалгааг авч нэгтгэдэг. Үүний үндсэн дээр чиглэлүүдийн зай, хугацааг гаргадаг юм. Түүнээс биш тухайн аж ахуйн нэгж шатахуунаа хэмнээд дур зоргоороо явна гэж байхгүй. “Улаанбаатар смарт” компанийн карт уншдаг төхөөрөмж нь бүх автобусны байрлалыг мэдээлдэг. Тиймээс үйлчилгээнд явж буй бүх автобусыг хянах боломжтой. Хэрэв цаг хугацаандаа яваагүй тохиолдолд тухайн компанийн ажлын гүйцэтгэлээс хасч, цагийн хөлсийг олгодоггүй.

-Оюутнуудын нийтийн тээврээр зорчих зардлын талыг нь хасах шийдвэр гарсан. Энэ хэзээнээс хэрэгжих вэ?

-Нийслэлийн ИТХ-ын 2015 оны аравдугаар сарын 22-ны тогтоолоор оюутнуудын хичээлдээ ирэх, явах зардлыг төрөөс даадаг болсон. Харин саяхан хуульд өөрчлөлт оруулж, зөвхөн нэг талын зардлыг нь төрөөс төлөхөөр шийдвэрлэсэн. Хэдийгээр хуульд өөрчлөлт оруулсан ч холбогдох журмуудыг өөрчлөөгүй байгаа. Журамд өөрчлөлт орвол оюутан ажлын өдөрт нэг удаа л хөнгөлөлттэй смарт картыг ашиглах эрхтэй болно.

САНАЛ БОЛГОХ