Засгийн газар шинэ төсвөө өнөөдөр өргөн барина

Засгийн газар

УИХ-ын намрын чуулганаар 2016 оны төсөв болон төсөөллийг зэрэг хэлэлцэнэ

Монгол Улсын эдийн засаг уруудах уу өгсөх үү, ард иргэдийн амьдрал дээрдэх үү, ажлын байр нэмэгдэх үү, иргэдээ орон сууцжуулах аян үргэлжлэх үү гээд олон асуудал Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын явуулж буй бодлогоос хамаарна. Улсын төсвийн орлого дөрвөн их наяд гаруй төгрөгөөр тасалдаж, ирэх жилүүдэд төлөх бондын төлбөрүүд хүлээгдэж, ам.долларын ханш 2000 хэдийнэ хол давлаа. Төгрөгийн ханш суларсан амаргүй цаг үед Засгийн газар элдэв лоозон, уриагүйгээр ажлаа эхэлсэн ч, эдийн засгийн хямрал энэ засгийн онилох бай нь болоод буй.

Ажлаа авсан даруйдаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг илтгэх тоо баримтыг олон нийтэд дэлгэж, 4.4 их наядаар хэмжигдэж байсан төсвийн алдагдлыг бууруулахын тулд 2016 оны төсөвт тодотгол хийсэн. Төлөвлөсөн хэмжээндээ төсөвт тодотгол хийж чадаагүй тул Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулж, Их хурлаар хэлэлцүүлнэ гэдгээ Ерөнхий сайд амлаад байгаа. Өөрөөр хэлбэл, үүсээд байгаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямралын гол шалтгааныг олж, тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн юм.

Эдийн засгийн хямрал энэ засгийн онилох бай нь болоод буй
Тэгвэл дээрх хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хийжээ. Уг хөтөлбөр үндсэн хоёр бүлэгт хуваагдаж байгаа аж. Тодруулбал, бодит салбарт хийгдэх бодлогын арга хэмжээ бүлэгт эдийн засгийн бодит салбаруудыг дэмжихийн зэрэгцээ төрөлжүүлэх чиглэлд анхаарахаар болжээ. Харин удаах бүлэг буюу макро эдийн засаг, санхүүгийн салбарыг дэмжих хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх болон банк санхүүгийн салбарт хийгдэх өөрчлөлтийн талаар тусгасан гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл болон мөнгөний бодлогыг хэлэлцэж, өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Онцлоход, УИХ-ын намрын чуулганаар 2016 оны төсөв болон төсөөллийг зэрэг хэлэлцэнэ. Учир нь өнгөрсөн парламент 2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх үүрэгтэй байсан ч хугацаандаа амжаагүй юм.
САНАЛ БОЛГОХ