Мөнгөний бодлогын сорилт нь ханш

Мөнгө ба бизнес

Валютын ханшийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний уламжлалт бодлого чиглэх нь

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал хойшлов. Пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ бүтэц хуралдахаар товоо зарлаад байсан юм. Харин энэ өдөр Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”- ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад энэхүү бодлогын баримт бичиг чиглэж байгаа.

Төв банк бодлогын хүүгээ 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Наймдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 14 хувиар суларсан. Төгрөгийн ханшийн энэхүү уналтыг тогтворжуулах үүднээс Монголбанк бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлсэн билээ. Бодлогын хүүг өсгөсөн үеэс иргэдийн гадаад валютын худалдан авалт богино хугацаанд буурсан гэж Төв банк тайлбарлаж буй. Улмаар гадаад валютын дотоодын зах дээрх ханшийн хүлээлт тогтворжиж эхэлсэн ч үр дүн багатай байна.

Төгрөгийн ханш энэ сар гарсаар үргэлжлэн суларч эхлэв. Төв банкны зарласан ханшаар ам.доллар пүрэв гарагт 2284.39 төгрөгтэй тэнцэж, түүхэн дээд цэгтээ хүрлээ. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн ч ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсаар байна. Эдийн засгийн тусгал нь валютын ханш. Манай улсын эдийн засгийн өсөлт саарахын хэрээр бизнесийн идэвхжил суларч, банкны зээлийн чанар муудсаар байна.

Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд “Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ, валютын захад зөвхөн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор оролцоно” гэж тэмдэглэжээ. Ингэхээр Төв банк дотоодын валютын захыг тогтворжуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх нь. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны үндсэн чиг үүргийн нэг. Энэ утгаараа валютын ханшийн өнөөгийн өсөлтийг сааруулахын тулд Төв банк ажиллах нь.

Төв банк валютын ханшийг "онилж" байна
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар валютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэж пүрэв гарагт мэдэгдэв.

Төв банк бодлогын хүүгээ 15 хувь болгож өсгөсөн нь валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахыг зорьж буйн илрэл. Гэхдээ Монголбанкны хувьд, их хэмжээний валют гаргаж, интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж хомс байгаа. Наймдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 1.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь дотоодын импортын хэрэглээний зургаан сарын хэрэгцээг хангах хэмжээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж, орж ирэх валютын урсгал нэмэгдэхгүй бол нөхцөл байдал хүндхэн байгаа. Коксжих нүүрсний үнэ эрчимтэй өсөж байгаа ч манай улсын нүүрсний компаниуд, тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани хямд үнээр нүүрсээ борлуулсан хэвээр. Угтаа валют орж ирэх боломжтой сувгуудын нэг нь нүүрсний салбар болж буй.


Төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом чангарсан тул пүрэв гарагт Монголбанк валютын дотоодын захад гадаад валютын дуудлага худалдаа буюу интервенц хийсэн. Энэ өдөр банкууд 2272-2290 төгрөгийн ханшаар 31.61 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Төв банк 2286.21 төгрөгийн ханшаар 14.4 сая ам.доллар нийлүүлсэн байна. Валютын нөөцийн хэмжээ хязгаартай тул төв банк интервенц үргэлж хийх нь хүндрэл дагуулж мэдэх талтайг зарим эдийн засагч хэлж байгаа юм.


Манай улс 1993 онд уян хатан ханшийн дэглэмд шилжсэн байдаг. Уул уурхайн салбараас дотоодын эдийн засаг хамаарал ихтэй тул ханшийн хэлбэлзэл өндөртэй. Ханшийн үндсэн гурван дэглэм байдаг. Үүнийг нэг нь Монголбанкны баримталж буй удирдлагатай хөвөгч ханшийн дэглэм. Уг дэглэмийн үед валютын ханш эрэлт, нийлүүлэлт буюу түүний урсгалаар тодорхойлогдох учиртай. Гэхдээ валютын захад ханшийн огцом хэлбэлзэл бий болсон үед Төв банк хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор интервенц хийдэг. Үүний сөрөг тал нь гадаад валютын нөөц хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэггүй явдал юм.

Удирдлагатай хөвөгч ханш нь тодорхой ханшийн түвшинг зорилт болгодоггүй. Харин бодлогын оролцоо нь ханшийн огцом хэлбэлзлийг бууруулахад чиглэдэг юм. Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргыг Монголбанкны шинээр томилогдсон удирдлагууд хэрэглэж байгаа. Эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импортын урсгал нэмэгдэх тусам Төв банк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар сонгоно гэдгээ пүрэв гарагт зарласан.

Тэгэхээр богино болон дунд хугацаанд бодлогын хүү бууруулах боломж эндээс харагдахгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгсэл давамгайлсан бол ирэх жилүүдэд уламжлалт бодлого ноёрхох нь. Төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бус валютын ханшийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний уламжлалт бодлогоо чиглүүлж байна.

САНАЛ БОЛГОХ