Ногоон төслүүд урагшаа

Эрчим хүч

Жилийн 320 орчим хоног нь цэлмэг нартай хэмээн өөрсдөө шогширч, байгалийн энэхүү шавхагдашгүй нөөцийг ашиглан эрчим хүчний хэрэгцээгээ хангах хэрэгтэй хэмээн үе үеийн салбарын сайд ам булаалдан ярьсаар 10-аад жилийг үдэв. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний ердөө долоон хувийг л сэргээгдэх хүчнээс хангаж буй хангалтгүй тоо бидэнд байна. Засгийн газраас энэ хувийг 2030 он хүртэл 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч үүнээс ч илүү нөөц бололцоо манай улсад байгааг Японы Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн буюу IGES-ийн ерөнхий судлаач Казүхиса Коакүцү пүрэв гарагт болсон Монголын Бизнесийн зөвлөлийн ээлжилт уулзалтын үеэр онцоллоо.

Киотогийн протоколыг санаачлан, хүлээсэн үүргээ хамгийн сайн биелүүлж ирсэн Япон улс Фүкүшимагийн газар хөдлөлтийн дараачаас атомын цахилгаан станцаас татгалзахаас аргагүй болсон. Хүссэн хүсээгүй уламжлалт цахилгаан станцыг тодорхой хэмжээнд ашиглаж, нүүрс ашиглагч буюу нүүрсхүчлийн хий ялгаруулагч орнуудын тоонд дахин “нэгдсэн”. Энэхүү “нүгэл”-ээ наманчлахын тулд тус улс Хамтарсан кредитийн механизмыг бий болгосон билээ. Энэ нь хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шинэ технологи бүхий төслүүдийн хөрөнгө оруулалтын 50 хувийг Японы Засгийн газраас санхүүжүүлэх механизм бөгөөд Монгол Улс уг механизмыг хэрэгжүүлэх анхны улс болж 2013 онд гарын үсэг зурсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Төв аймгийн Борнуур сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг найман байгууллагыг нэгдсэн халаалттай болгож, нүүрсээр халаадаг байсан үр ашиг муутай найман уурын зуухыг зогсоосноос гадна нийслэлийн 118 дугаар сургуулийн халаалтыг цэвэр технологиор шийдсэн. Үүнээс гадна 10 мВт-ын нарны цахилгаан станц Дарханд барих, эрчим хүчний дамжуулалтын шугамыг хэмнэлттэй болгосон зэрэг таван төсөл хэрэгжүүлээд буй.

350 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжийг танилцууллаа

Харин энэ удаа IGES хамтран ажиллах гэрээ байгуулснаар шинэ технологи нэвтрүүлж, хүлэмжийн хийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсэн ногоон төсөл боловсруулагчдыг Монголын Бизнесийн зөвлөлийн тусламжтайгаар олж, тэдэнд хөрөнгө оруулах зорилготой гэдгээ ноён Казүхиса Коакүцү дурдлаа. Японы Засгийн газар энэхүү механизмыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар Азийн хөгжиж буй орнуудад 58 сая ам.долларыг хөрөнгө оруулахаар зэхжээ. Харин энэ мөнгөнөөс шанагаар хутгаж авах уу, дуслыг хүртэх үү гэдэг нь манай төслүүдийн үр ашгаас хамаарна. Тэдний анхаарлыг сэргээгдэх эрчим хүчний салбар илүүтэй татаж байгааг онцолъё. Энэ сонирхолд нь нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчний салбараа сэргээх боломж бидэнд байна.

Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн “Бизнесийн боломж, бололцоог таниулсан, 350 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалт татах гарц, хамтын ажиллагааг эхлүүлэх үүдийг энэ удаагийн уулзалтаар бизнес эрхлэгчдэд олголоо. Мөн Монголын бизнесийн зөвлөл “Засгийн газрын мэдээ” сонин, “Forbes” сэтгүүл болон “Bloomberg” телевизтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэх төлөөлөл болсон эдгээр байгууллага манай бизнесийн зөвлөлийн түншлэгч болж байна. Ингэснээр бизнесийн орчны тогтвортой байдлыг сайжруулах, баялаг бүтээх орчныг бий болгох дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх боломж илүү сайн нэмэгдэж байна. Түүнчлэн импортыг орлох, экспортод гарах шинэлэг бизнесийг сурталчлан таниулахад нэг суваг үүгээр бий боллоо” хэмээн тодотгов.


САНАЛ БОЛГОХ