OPEC-ийн шинэ шийдвэр

Түүхий эд

Газрын тос олборлогч 14 улс гарцаа танахад нэгдлээ

Газрын тосны эрэлт, нийлүүлэлт тэнцэх эхний дохиог OPEC асаалаа. Хэдийнэ хальсан газрын тосны нийлүүлэлтийг хумихын тулд OPEC-ийн 14 улс гарцаа танахаар гараа өргөжээ. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40 хувийг хангадаг эдгээр улс сүүлийн найман жилд анх удаа олборлолтоо танахаар шийдвэрлэсэн нь энэ.

OPEС-ийн орнууд газрын тосны олборлолтоо танах, царцаахаар сүүлийн зургаан сар эрчимтэй хэлэлцсэн. Харин энэ долоо хоногт Алжирт болсон уулзалтаар нэгдмэл шийдвэрт хүрч чадсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар OPEC өдрийн гарцаа 800 мянгаар хумьж, 32.5 сая баррельд хадгалах нь. Шинжээчдийн “түүхэн” хэмээн тодорхойлж буй энэ шийдвэрийн дараа дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш Улаанбаатарынхаар 15.00 цагийн байдлаар зургаа орчим хувиар өслөө. “Brent”-ийн ханш 49 ам.долларыг шүргэлээ. Үүнтэй зэрэгцэн газрын тосны компаниудын хувьцааны ханш дээшилсэн. Дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын тэргүүлэгчдийн нэг “ExxonMobil” компанийн хувьцааны ханш лхагва гарагт 4.4 хувиар чангарчээ. Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлт.


OPEC-ийн шинэ шийдвэрийн араас шинжээчид янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Энэ дунд газрын тосны ханш богино хугацаанд одоогийн үнээс үл ялиг өсөж, 50 ам.долларт хэлбэлзэнэ гэх таамаг давамгайлав. Харин ханш цаашид чангарах, эсэх нь OPEC-ийн амлалт болон бусад олборлогчийн алхмаас шалтгаалах аж. “Morgan Stanley”-ийн тооцоогоор энэ шийдвэр ирэх оноос зах зээлийн тэнцвэрт нөлөөлнө. Мөн 2018 он хүртэл нийлүүлэлтийн илүүдэл арилахгүй. Ийм бүүдгэр төлөвийг “Vitol” групп танилцуулаад амжлаа. OPEC-ийн мэдэгдлээс хэдхэн цагийн дараа “Goldman Sachs”- аас танилцуулсан тайланг хүргэе. Тус группийн таамгаар гарцаа танах шийдвэр богино хугацаанд ханшийг дэмжинэ. Гэхдээ ирэх он хүртэл газрын тосны үнэд хүчтэй нөлөөлөхгүй. Ирэх онд газрын тосны зах зээл сул хэвээр байна. OPEC- ийн орнууд өдрийн гарцаа 200 мянгаар бууруулж, 30 сая баррельд хүргэвэл 2017 оны хоёрдугаар хагас хүртэл зах зээл дэх илүүдэл татрахгүй. Харин өдрийн гарцаа 700 мянган баррельд хүргэсэн тохиолдолд энэ оны эцэс гэхэд нийлүүлэлтийн илүүдэл үгүй болно гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас тооцоолжээ.
» OPEC-ийн шийдвэрийн дараа газрын тосны ханш зургаан хувиар өсөв.
» Газрын тосны зах зээл 2018 он хүртэл нийлүүлэлтийн илүүдэлтэй байна.
» Газрын тосны ханш чангарах, эсэх нь OPEC-ийн амлалт, бусад олборлогчийн алхмаас шалтгаална.
Одоогоор гишүүн орон бүр олборлолтоо хэдий хэмжээгээр танах нь тодорхойгүй байна. Ирэх арваннэгдүгээр сарын 30- нд Вена хотод болох уулзалтаар илүү тодорхой болгох аж.

Энэ шийдвэрээс өмнө OPEС- ийн гишүүн Ираны газрын тосны сайд гарцаа танах боломжгүй гэж мэдэгдсэн. Үүнээс үүдэн Алжирын хурлаар гишүүд нэгдсэн саналд хүрч чадахгүй гэж шинжээчид таамаглаж байсан юм. Учир нь Ираны газрын тосны экспортын хориг цуцлагдсан. Сүүлийн дөрвөн жил хоригт “хүлэгдсэн” Иран улс гарцаа өсгөхөө мэдэгдээд байсан юм. Мөн Иран болон Саудын Арабын харилцаа сайнгүй байсан нь OPEС-ийн олборлогчид нэгдэх магадлалыг бууруулж байсан. Тэгвэл Алжирын уулзалтаар гишүүн орнууд санал нэгдсэн бөгөөд үүнд OPEC-ийн тэргүүлэх олборлогч Саудын Араб онцлох үүрэгтэй оролцжээ.

Эцэст нь, OPEC-ийн шийдвэр газрын тосны нийлүүлэлт өсөхгүй, зах зээл тэнцвэржих хүлээлт үүсгээд байна. Жилдээ сая тонн газрын тос экспортолж, эргүүлээд төдий хэмжээний түлш импортолдог Монгол Улсад энэ нь сайн бөгөөд саар чимээ. Бидний худалдан авдаг шатахууны үнэ өсөж мэдэх ч хилийн чанадад борлуулдаг газрын тосны орлого дээшлэх нь.
САНАЛ БОЛГОХ