Гурван жилийн хог нэг шилэн саванд

Нийтлэл

Хүн жилд дунджаар 697 килограмм хог хаягдал үйлдвэрлэж байна

Энэ бол Нью Йоркийн их сургуулийн хүрээлэн буй орчин судлалын ангийн оюутан Лоурен Зингерийн гурван жилийн туршид хаясан хог. Үүнээс өөр юу ч үгүй. Түүнийг хүмүүс “Солиотой” хэмээн гоочилж, итгэдэггүй. Гэвч тэрбээр хог хаягдалгүй хэв маягаар сүүлийн гурван жил амьдарч чадсан нэгэн.

Zero waste буюу хог хаягдалгүй амьдрал гэдэг нь товчхондоо хогийн саванд юу ч хаяхгүй, ландфилл рүү юу ч илгээхгүй байхыг хэлдэг. Боломжгүй санагдаж байгаа биз. Тэгвэл үүнийг амжилттай хэрэгжүүлж чадсан Лоурен Зингерийн түүхийг сонирхуулъя.

Лоурен төгсөх дамжааны оюутан байхдаа хүрээлэн буй орчныг хэрхэн хамгаалах тухай лекцэнд суучихаад гарч явжээ. Тэдний ангид гялгар ууттай, хуванцар савтай хоол авчирч, мөн л хуванцар халбага, сэрээгээр байнга иддэг нэг оюутан байж . Уудаг ус нь ч хуванцар савтай. Хичээл бүрийн дараа тэр охин уут, саваа хогийн саванд хийхийг нь харах бүрт Лоурен бухимддаг. Ирээдүйд байгаль дэлхийгээ хамгаалах үүрэг хүлээх гэж буй хүмүүм атлаа өөрсдөө хуванцар хаягдал өдөр бүр үйлдвэрлэж буй нь тоогүй санагдаж. Лоурен тэр оройноо гэртээ хариад хоол хийх гэтэл хөргөгчинд нь байгаа бүх хүнс хуванцар савлагаатай, гялгар ууттай байгааг хараад хэлэх үг ч олдоогүй байна. Энэ үед ад үзээд байсан ангийнхаа охиноос өөрөө ч нэг их ялгаагүй гэдгээ ухаарчээ. Улмаар хуванцар сав ашиглаж, хог хаягдал үйлдвэрлэхээ бүрмөсөн болихоор шийдсэн тухайгаа TED хуралд илтгэл тавьж хуваалцсан юм.


Хуванцраас татгалзах тийм ч амар биш. Өглөө сэрээд л хуванцар сойзон дээр, хуванцар савнаас оо шахаж шүдээ угаана. Цаашлаад нүүрний саван, гоо сайхны бүтээгдэхүүн гээд өдөр тутмын хэрэглээний дийлэнх нь хуванцар савлагаатай байдаг. Лоуренд энэ бүхнээс татгалзаж, итгэл үнэмшлээрээ амьдрах ганц л сонголт байсан нь гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрөө хийх. Одоо тэрбээр өөрийн гэсэн хаягдалгүй гоо сайхны бүтээгдэхүүний брэндтэй болсныг энд онцлох хэрэгтэй болов уу. Хэрхэн хог хаягдалгүй амьдрах талаар ойлголт өгөхийн тулд Лоурен Зингер болон энэ хэв маягаар амьдардаг хүмүүсийн хэрэгжүүлдэг гурван алхмыг дурдъя.

1. Хуванцар савлагаатай хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах. Хүнсээ цуглуулахдаа гэрээсээ даавуун уут, шилэн саваа авч явж болно. Түүнчлэн ногоо, жимс, мах, будаа зэргээ хүнсний захаас худалдаж авна.

2. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ өөрөө хийх. Энэ нь сонсогдож байгаа шигээ тийм ч хэцүү зүйл биш. Гэртээ хийсэн маск, чийгшүүлэгч, цайруулагч тэргүүтэн нь олон улсад эрчээ авч байгаа. Гоо сайхны мэргэжилтнүүд ч энэ төрлийн зөвлөгөөг цахим сувгаараа харамгүй өгөх болсон. Лоурен интернэтээр багахан судалгаа хийж шүдний оо, чийгшүүлэгч, үнэр дарагч, нүүр цэвэрлэгч, тос зэрэг бүтээгдэхүүнээ өөрөө хийж сурсан юм.

3. Хэрэггүй хэрэгцээгээ танах Эмэгтэйчүүд нэг зүйл аваад л удалгүй уйдаж, хог хаягдал болгодог. Тэр тусмаа мөнгөтэй үед дэлгүүр хэсэхэд хэрэггүй зүйлс ч хэрэгтэй юм шиг санагддаг. Харин хог хаягдалгүй амьдрахын тулд өөрт нэн хэрэгтэй, урт хугацаанд хэрэглэнэ гэсэн зүйлээ л авах нь зүйтэй ажээ. Гэрт илүү зүйл цөөн байх тусам цэвэрлэхэд хялбар. Түүнчлэн цөөхөн зүйлтэй байх тусам хүн тэднийгээ гамнаж, хамаа замбараагүй хаяж, шинийг авчихъя гэж бодоод байдаггүйг Лоурен хэлэв.

» Хувь хүний үйлдвэрлэсэн хог хаягдал үндсэн гурван зүйлээс бүрддэг. Үүнд хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүний савлагаа болон жимс, ногооны органик хаягдал багтаж байна.
» Дээрх гурван төрлийн хог хаягдлаас татгалзаж чадвал хүний үйлдвэрлэдэг хог 90 хувиар буурна.
» Гэр аргаар хийсэн гоо сайхны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсээр байна.
Энэ бүхэн эхлээд хэцүү санагдаж болох ч нэгэнт шийдсэн хойно төсөөлснөөс ч хялбар гэдгийг Лоурен Зингер сануулсан. Тэр бол энгийн л нэг бүсгүй. Бусдын л адил залхуурах үе олон бий. Тэрбээр “Хэрэв хог хаягдалгүй амьдралын хэв маяг түвэгтэй байсансан бол би тэсэхгүй байхсан” гэв. Хог хаягдалгүй амьдралаас хүртэх ашиг тус нь гайхалтай. Нэгдүгээрт, мөнгөнд хэмнэлттэй. Хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт савлагааны илүү зардал төлөхгүй. Мөн өөрт туйлын хэрэгтэй зүйлсийг л авч сурснаар хэрэггүй зүйлсэд үргүй зардал гаргахгүй. Хоёрдугаарт, эрүүл хооллоно. Дахин боловсруулж, химийн элдэв орц найрлага хольж, хуванцар саванд хийгээгүй, шинэхэн сүү, тараг, ногоо, жимс, самар хэрэглэж эхэлнэ. Эрүүл, шинэ хүнс хэрэглэхэд хүний бие аажмаар эрүүлжиж, сэтгэл санаа ч дээрддэг байна. Лоурений биеийн жин сүүлийн гурван жилд хэвийн болсныг тэрбээр онцолсон. Эцэст нь, мөнгө хэмнэж, эрүүл хооллож, сэтгэл санаа сайхан байвал хүн аз жаргалтай болдог.

Хүн өдөрт дунджаар 1.9 кг хог хаягдал үйлдвэрлэдэг. Энэ нь жилд 693 кг буюу 8-10 хүнтэй тэнцэх жин юм. Хувь хүний үйлдвэрлэдэг хог хаягдал үндсэн гурван зүйлээс бүрддэг. Үүнд, хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүний савлагаа, жимс, ногооны хаягдал. Хүнс цуглуулахдаа даавуун уут, шилэн болон ган төмөр (Stainless steel) савтайгаа явж, гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрөө хийж, жимс, ногооны хаягдлыг бордоо болгож сурахад л хүн үйлдвэрлэдэг хаягдлаа 90 хувиар бууруулж чадах юм.

Лоурен хэнийг ч ийм хэв маягаар амьдрахыг шаардсан удаагүй. Тэр зүгээр л итгэл үнэмшлийнхээ дагуу амьдардаг. Хэрэв та энэхүү хэв маягийг сонирхож, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Trash is for Tossers” цахим хаягаар ороорой.


САНАЛ БОЛГОХ