Биополитикийн золиос -2

ЗГМ: Сэдэв

Импортын тахианы махнаас зөвхөн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн антибиотикийн үлдэгдэл илэрдэг

“Дотоодын зах зээлд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний антибиотикийн агууламжийг тогтоох судалгааг нэн түрүүнд импортын хүнс, тахиа шувууны махнаас эхлэх хэрэгтэй” хэмээн НЭМХ-ийн Хоол судлалын төвийн мэргэжилтэн, доктор Э.Эрдэнэцогт анхааруулав.

Ийн үзэх үндэслэл хангалттай бий. Гаалийн мэдээг сөхье. 2015 оны эхнээс энэ оны нэгдүгээр улирлыг дуустал манай улсын хилээр 5800 гаруй тонн тахианы мах оруулж ирсний талаас илүү хувь нь БНХАУ- аас импортлогджээ. МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын мал эмнэлгийн байцаагч С.Бүрэнтөгсийн ярьснаар тахиа, 11 гахайн мах, өөх импортлох боломжтой БНХАУ-ын 20 аж ахуйн нэгж манайд бүртгэлтэй байдаг аж.

Манай улс цөөн хэдэн антибиотикийн үлдэгдлийг л шинжилж чаддаг

Харин удаах нь АНУ болж таарав. Манай улс 1600 гаруй тонн буюу импортынхоо 28 орчим хувийг дэлхийн нөгөө хагасаас бүрдүүлдэг юм байна. Хоёр их гүрэн нийлээд монголчуудын импортын тахианы махны хэрэгцээний 75 орчим хувийг хангадаг гэсэн үг. Гэтэл хөдөө аж ахуй дахь антибиотикийн хэрэглээгээр АНУ, Хятадын өмнө гишгэх улс дэлхийд байхгүй.

АНУ-д борлуулж буй нийт антибиотикийн 80 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт шингэдэг гэсэн тооцоог тус улсын Хүнс, эмийн захиргаа гаргасныг “Time” сэтгүүлд дурджээ.

Энэ тоо хүнд хэрэглэдгээс дөрөв дахин их үзүүлэлт. Тэгвэл Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, малынхаа шимийг нэмэгдүүлэхэд жилд 15 мянга гаруй тонн антибиотик буюу нийт хэрэглээнийхээ талаас илүү хувийг хэрэглэдэг байна. Уг тоо тасралтгүй өссөөр 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх тооцоог Европын холбоо, АНУ-ын судалгааны байгууллагууд гаргажээ.

Терроризм, уур амьсгалын өөрчлөлтөөс ч илүү хүн төрөлхтөнд заналхийлж буй антибиотикт тэсвэртэй нянгийн өвчлөлийг үүсгэж буй хуруу дарам цөөн шалтгаан бий. Үүний нэг нь антибиотиктой хүнсний хэрэглээ. Яагаад? Учир нь антибиотик хүн, малын биед хуримтлагдаж, бас үрждэг. Үүнийг нотлох хангалттай олон жишээ НЭМХ-гээс гаргасан антибиотиктой хүнсний талаарх мэдээлэлд бий.


ХҮНЭЭС ИЛҮҮ АМЬТАНД “ТУСТАЙ”
Махны чиглэлээр өсгөж буй шувууны аж ахуйд антибиотикийг хэд хэдэн зорилгоор хэрэглэдэг. НЭМХ-гийн мэдээлэлд дурдсанаар “Хөдөө аж ахуйн тэжээвэр малыг байрлуулж буй орчин нөхцөлийг мал, амьтанд тохирсон, эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзэхэд хэцүү. Тиймдээ ч мал, амьтан өвчилж, олноороо устдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик хэрэглэдэг” гэжээ.

Түүнчлэн махны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор янз бүрийн дааврын бэлдмэл хэрэглэдэг нь малыг өвчлүүлж, улмаар антибиотик хэрэглэх нэг шалтгаан болдог аж. Товчхондоо, орчин үеийн мал, амьтан хүн төрөлхтний тасралтгүй өсөж буй махны хэрэгцээ, уургийн дутагдлыг нөхөх үүднээс антибиотикоор “угжуулсаар”. ДЭМБ-ын тооцоогоор хөгжиж буй орнуудын тахиан махны хэрэглээ ХХ зууны сүүлийн хагаст хоёр дахин нэмэгдсэн байна.

Энэ тасралтгүй өсөлтийг хангахын тулд тахианы махны гарцыг хэрхэн нэмэгдүүлснийг танд сонирхуулая. 1925 онд нэг тахиаг 1.13 кг жин татуулахад өдөрт 20 кг тэжээлээр 112 өдөр борддог байжээ. 1950 он гэхэд 112 өдөр нь 70 өдрөөр хорогдов. Харин 2010 оны байдлаар 2.27 кг жинтэй тахиа ердөө 50 хүрэхгүй өдрийн настай. Ийн өсгөхөд тахианы өдөрт идэх тэжээл нь антибиотик болоод бусад төрлийн нэмэгдэл бодисын тусламжтай дөрвөн кг болж буурсан байх юм.

ХҮЧИНГҮЙ ХОРИГ
Антибиотиктой мах, хүнсний хэрэглээг анхаарлын гадна хэрхэвч орхиж болохгүй бас нэг чухал шалтгаан бий. Фермүүд өнөөг хэр нь мал, амьтанд хориотой антибиотикуудыг хэрэглэсээр байна. (Монголчуудын тэсвэртэй нянгийн тоо өмнөх оны мөн үеэс 27 хувиар нэмэгдэж буй төлөв гарсныг манай сонины 196 (474) дугаарт нийтлэгдсэн “Биополитикийн золиос-1” нийтлэлд дурдсан.) Тухайлбал, фторхинолины (f luoroquinolone) бүлгийн антибиотикийг 2005 онд АНУ, нэг жилийн дараа Европын холбоо фермүүдэд хэрэглэхийг хоригложээ. Үүний шалтгаан нь фторхинолины бүлгийн антибиотик нь амьтны гаралтай болон бохир хүнснээс үүссэн сальмонелл зэрэг халдвартай дайтах эмчилгээний гол зэвсэг болдог байна.

Хөгжиж буй орнууд тахианы махан дахь бүхий л антибиотикийн үлдэгдлийг тогтоочихсон
Гэтэл энэ бүлгийн антибиотикуудын үлдэгдэл манайд орж ирж буй махнуудаас зөвшөөрөгдөх хэмжээнд гэдэг нэрийн дор илэрсээр байгааг албаны эх сурвалж хэлэв. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)- д 2014-2016 онд МХЕГ-ын мал эмнэлгийн байцаагчийн дагавар бичиг бүхий 13 компанийн импортын 2000 тонн тахианы махыг төлөөлөх 40 тохиолдлын 80-100 дээжид хийсэн шинжилгээгээр дээрх фторхинолин, тетрациклины бүлгийн антибиотикийн үлдэгдлүүд илэрсэн байна. Илэрч буй үлдэгдлийн дийлэнх нь фторхинолины бүлгийн антибиотикийн үлдэгдэл аж. Мөн тетрациклин нь өдгөө манай гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд сонгомолоор хэрэглэдэг ховор антибиотик гэдгийг Улсын клиникийн төв эмнэлгийн Эм зүйн албаны дарга С.Уянга тайлбарлав. Тэр ч бүү хэл, лабораторийн мэдрэх багаж тухайн хүнсний бүтээгдэхүүнийг эмийн үлдэгдэлтэй л гэж зааж байгаа бол огт хэрэглэж болохгүй, устгалд оруулах ёстой гэдгийг Мал эмнэлгийн ухааны доктор, УМЭАЦТЛ-ийн ерөнхий эмч, дэд захирал асан С.Цэрэнчимэд анхаарууллаа.

Манай улсын хүчин чадал, бэл бэнчингийн хүрээнд илэрч буй үлдэгдэл нь зөвхөн дээрх хоёр төрлийн антибиотик. Гэтэл импортын тахианы маханд наанадаж 5-7 бүлгийн антибиотикийн үлдэгдэл шалгах шинжилгээ хийхээр заасан байдгийг УМЭАЦТЛ-ийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний тасгийн химич Х.Дэлгэр ярьсан юм.

» Хөдөө аж ахуй дахь антибиотикийн хэрэглээгээр АНУ, Хятадын өмнө гишгэх улс дэлхийд байхгүй.

» Лабораторийн мэдрэх багаж тухайн хүнсний бүтээгдэхүүнийг эмийн үлдэгдэлтэй л гэж зааж байгаа бол огт хэрэглэж болохгүй.

» Импортын тахианы маханд зонхилон илэрч буй фторхинолины бүлгийн антибиотик нь амьтны гаралтай болон бохир хүнснээс үүссэн сальмонелл зэрэг халдвартай дайтах эмчилгээний гол зэвсэг болдог байна.

» 1925 оноос хойш нэг тахианы өдрийн тэжээлийн хэмжээ дөрөв дахин багассан атлаа жин нь хоёр дахин нэмэгдсэн.

Харамсалтай нь, хөрөнгө мөнгө, цаг хугацааны хязгаарлалт, мөн мэргэжлийн хяналтын байцаагчийн заавраар нэг дээжид нэг л төрлийн антибиотикийн үлдэгдэл шалгадаг. Өөрөөр хэлбэл, бидний ходоод руу өөр хэчнээн төрлийн, хэдий хэмжээний антибиотикийн үлдэгдэлтэй мах орж байгааг тогтооход манай улсын чадал боломж нь хүчрэхгүй гэсэн үг. Гэтэл “Бидний антибиотикуудыг авраач” хөдөлгөөний тайланд дурдсанаар хөдөө аж ахуйд 8-9 бүлгийн 14 орчим төрлийн антибиотик хэрэглэдэг аж. Нөгөөтэйгүүр Иран, Тайланд, Энэтхэг, Вьетнам гээд хөгжиж буй ертөнцийнхөн үндэсний хэмжээнд тахианы маханд агуулагдах антбиотикийн үлдэгдлийг хэдийнэ судлаад тогтоочихсон байна.

ТААМАГЛАХ АРГАГҮЙ ТААВАР
Антибиотиктой хүнсийг шинжилж илрүүлэхээс бус гаднаас нь хараад мэдэх арга байхгүй. Тиймээс бид өөрсдөө ч мэдэлгүйгээр антибиотикт тэсвэртэй нян тээгчид болдог.

Амьтныг зөвхөн өвчлөлөөс хамгаалахаас гадна хоол шингэц, өсөлтийг нь дэмжих зорилгоор тэжээлд нь антибиотик хольдог. Түүгээр ч үл барам нядалсны дараа ч махных нь жинг нэмэгдүүлэхээр антибиотиктой усанд хийх, эсвэл шууд тарьдаг байна. Оросын судлаачдын хийсэн туршилтаар тахианы 1.55 кг маханд антибиотик тарихад жин нь бараг 25 хувь буюу 400 гр-аар нэмэгдэж байжээ. Ийм мах удаан хугацаагаар хэрэглэх нь элэг, бөөр болон тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна бидний биед агуулагдах төрөл бүрийн нян антибиотикт дасалтай болох нэг шалтгаан болдог юм.

Мах, хүнсэнд агуулагдах ихэнх эмийн бодис химийн найрлагын хувьд тогтворгүй байдаг. Тиймээс хадгалах, боловсруулах явцад задралд орох нь тухайн бодисын шинж чанар, бүтээгдэхүүний төрлөөс хамааран харилцан адилгүй байдгийг химич Х.Дэлгэр тайлбарлалаа. Тэрбээр “Тахианы маханд илэрч байгаа тетрациклиний бүлгийн эмийн хувьд хасах 4-20 градуст зургаан сар хадгалахад агуулагдаж байсан хэмжээ нь хэвээр байдаг” гэв. Бидний мэдэхээр левомицетин буюу хлорамфениколын бүлгийн антибиотикууд, сульфонамид зэрэг эмийн үлдэгдэлтэй хүнсийг болгож, боловсруулахад эмийн хэмжээ нь тогтвортой, заримдаа нэмэгдэх тохиолдол ч байдаг байна.

Харамсалтай нь, олон улсад өнөөг хүртэл хүнсэнд агуулагдах үлдэгдэл бодис тухайн хүнсийг боловсруулах явцад хэрхэн задардаг талаар хийсэн судалгаа хангалттай биш. Үүнийг явцуу сонирхолдоо хөтлөгдсөн үндэстэн дамнасан компаниуд ашиг хонжоо олох зөөлөн дэвсгэр болгон ашигласаар. Харин үйлийн үрийг нь хүн төрөлхтөн үүрч, биополитикийн золиос болсоор байна.
САНАЛ БОЛГОХ