Замын түгжрэлээс эрчим хүч үүсгэнэ

Технологийн цаг

Эрчим хүч хуримтлуулах зам зардлаа нөхөж чадах эсэхэд эдийн засагчид эргэлзэж байна

АНУ-ын Калифорни муж улсын эрх баригчид замын түгжрэлд зогсож буй автомашинуудаас эрчим хүч хуримтлуулах аргыг турших шинжлэх ухааны төслийг эхлүүллээ.

Замын түгжрэлээс эрчим хүч үүсгэх арга нь үл бүтэх санаа биш болохыг тус муж улсын Эрчим хүчний комиссын орлогч захирал Майкл Грэйвли тайлбарлав. “Зам дээгүүр автомашин явах, түгжрэл дунд зогсох үед үүсдэг эрчим хүч чичиргээ болон дулааны хэлбэрээр сарнин алга болдог. Зөвхөн Калифорни муж улсаар жишээ авахад л ийм эрчим хүчийг хуримтлуулах боломж маш их. Бид ойрын ирээдүйд энэхүү сул эрчим хүчийг хуримтлуулах аргыг олж чадах болов уу” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Жолоо барих нь зөвхөн эрчим хүч хэрэглэдэг бус, үүсгэдэг ажил болж хувирах талаар технологийн судалгааны байгууллагын ажилтан Пол Банжи тайлбарласан юм. Тэрбээр, өмнө нь Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх төвийн захирал байсан билээ.

Түүний санаа нь пьезоцахилгаан буюу хөдөлгөөн, даралт зэрэг механик үйлчлэлээс үүссэн эрчим хүчийг цахилгаан гүйдэл болгон хувиргах үүрэгтэй төхөөрөмж ашиглах явдал. Ийм төхөөрөмж ашиглан үйлдвэр, аж ахуйн газрын цахилгаан хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломжтой эсэх судалгааг сүүлийн үед их хийх болсон. Үүний зэрэгцээ пьезоцахилгаан төхөөрөмжийг хувцас, гутлын уланд ашиглах замаар ухаалаг утас зэрэг мобайл төхөөрөмжийг цэнэглэж болох аж.

Эрчим хүч үүсгэдэг замын ашгийг тооцож үзэх зорилгоор Калифорни муж улсын удирдлага, эрдэмтдийн баг хоёр сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Израйльд хэдэн жилийн өмнө үүнтэй төстэй төсөл хэрэгжиж эхэлсэн ч, амжилтгүй төгссөн түүхтэй.


Эрдэмтэд замын түгжрэлээс эрчим хүч гаргах аргад эргэлздэггүй. Гэхдээ ийм эрчим хүч хуримтлуулах төхөөрөмж суурилуулсан зам зардлаа нөхөж чадах эсэхэд төрийн ажилтнууд, эдийн засагчид эргэлзэж байна. Учир нь автомашины замыг гол төлөв 10-30 жил тутамд шинэчилдэг.

Ийм технологиор барьсан зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллаас үүдэлтэй элэгдэл, гэмтлийг тэсвэрлэх чадвараар сул байх нь гарцаагүй хэмээн Сиэттл дэх Вашингтоны их сургуулийн иргэний инженерчлэлийн ухааны профессор Жо Махони болгоомжлов. Тэрбээр “Замын гадаргуу ба замд суулгаастай төхөөрөмж хоёрын аль нь ачаалалд удаан тэсэх бол” гэсэн асуудлыг хөндсөн.

Туршилтын төсөл амжилттай болж чадвал тус муж улсын захиргаа илүү өргөн цар хүрээтэй хоёр дахь шатны туршилтыг эхлүүлнэ. Энэхүү ноу-хаугийн ачаар 2030 он гэхэд Калифорни муж улсын цахилгаан хэрэглээний дор хаяж тал хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах боломжийг эрдэмтэд төлөвлөжээ. Тус муж улс энэ оны эцэс гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилго тавиад байна. Зарим материалыг механик өөрчлөлтөд оруулахад цахилгаан гүйдэл үүсдэг үзэгдлийг бүр XIX зуунд Францын физикч, ах дүү Жак, Пьер Кюри нар нээжээ.

Франц инженерүүдийн нээлт хожим нь гар чийдэн, микрофон зэрэг төрөл бүрийн хэрэгсэл доторх бичил мэдрэгч төхөөрөмжийг ажиллуулахад хэрэглэгдэх болжээ.
САНАЛ БОЛГОХ