Яагаад Дональд Трампийн нэр хүнд өссөөр байна вэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампийг дэмжигчдийн тоо энэ долоо хоногт Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг дэмжигчдийн тоотой тэнцэж ирлээ. Хоёрдугаар сард түүнийг БНН-ыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж таамаглаж байсан хүн цөөн боловч сүүлийн хагас жилийн хугацаанд Дональд Трампийг дэмжигч, сонгогчдын тоо нийт сонгогчдын 44 гаруй хувийг бүрдүүлж байгааг “Bloomberg Politics”-ийн судалгаанаас харж болно. Тэрээр яаж хоёрхон сарын дотор дэмжигчдээ хоёр дахин нэмэгдүүлэв?
Колорадо мужийн Христийн их сургуулийн Улс төрийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч, “Centennial Institute” “think-tank”-ийн захирал Жефф Хант энэ асуултын хариултыг өгсөн юм. Улс төрийн онолын дагуу АНУ-ын иргэдийг дөрвөн давхаргад хувааж болдог нь: “uber-rich” буюу хэт баячууд, улс төрчид, дундаж давхаргынхан болон ядуус. Хэт баячууд улс төрчдийг санхүүжүүлэн өөрийн бизнесийг тэлэхээс гадна засгийн газрын нийгмийн хамгааллын хөтөлбөрөөр дамжуулан ядуусыг дэмждэг. Улс төрийн орчинд нэг давхарга “тоогдохгүй” үлддэг нь “дундаж давхаргынхан” гэж тэрээр хэлж байлаа. Дональд Трамп жижиг дунд бизнесийн татварыг Рональд Рэйганий үеэс хойш байгаагүйгээр бууруулна гэсэн нь энэ бүлгийн саналыг дуудаж байна гэж тайлбарласан юм. Түүнчлэн түүнийг Конгресстой хамтран үр дүнтэй шийдлүүдийг хийж чадна гэж консервативчууд үзэж байна.
Дональд Трамп кампанит ажил, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа, хоёр намын мэтгэлцээнд өөрийгөө авч яваа байдал, ёс зүй нь цөмийн бөмбөгийн түлхүүрийг гартаа атгахад зохихгүй хүн гэх шүүмжлэлийг дагуулж байгаа. Гэхдээ консерватив сонгогчид хувь хүний зан чанараас илүү дэвшүүлж буй бодлогыг нь дэмждэг гэж профессор Хант онцолж байсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй