Дамдин аваргыг ид үед нь шороодуулсан цөөн хэдийн нэг

Спорт

Арын сайхан хангайгаас олон сайн бөх төрөн гарсны нэг нь улсын заан Чойндонгийн Адъяа. Хөдөөгийн залуусын нэгэн адил малын зах дээрээс бөхийн замналаа эхэлсэн тэрбээр улсын наадамд нэг удаа долоо, хоёр удаа тав давж байжээ. Уг нь цолоо ахиулах бүрэн боломжтой байсан гэдэг. Гэвч хүнд бууж өгснөөсөө хойш өөдтэй барилдаагүй гэдгээ ний нуугүй өгүүлж байв.

Адъяа заан 1957 оны наадамд анх зодоглож, 1959 онд нь начин цолны босго алхжээ. Харин 1962 онд, улс хувьсгалын 41 жилийн ойгоор долоо давж, хэр баргийн хүн хүрээд байдаггүй заан цол хүртсэн юм. Тэр жил тав дээр Ч.Бээжин аваргыг, зургаад дархан аварга Д.Дамдинг, долоод хүчтэй заан Ө.Эрдэнэ-Очирыг өвдөг шороодуулсан юм. Дамдин аваргын хувьд 1956-1960 онд таван жил дараалан түрүүлж, 1961 онд нь үзүүрлэсэн, ёстой л гарлаа, давлаа гэгдэж явсан ид үе нь. Аварга галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан ид үедээ тоотой хэдхэн удаа өвдөг шороодсон. Түүнийг ид үед нь хаясан цөөн хэдийн нэг нь Адъяа заан болжээ. “Дамдин эрчээрээ давхиад ороод ирэхэд нь алгадаад цохичихсон чинь тэр чигээрээ ойчсон. Аваргыг хаясандаа итгэж өгдөггүй. Зүүдлээд байна уу гэж бодоод гуяа чимхээд үзсэн чинь өвдөж байна аа. Бас хүмүүс шуугилдаад явчихаар нь давсан юм байна гэдгээ ойлгосон. Дамдин гуай их бяртай. Хоёр гарны бяр нөхцөлгүй. Намайг бариад авах л юм бол умайтал базаад хаяна шүү дээ” хэмээн Адъяа заан “Таван цагариг” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байжээ.

Хүмүүс шуугилдаад явчихаар нь аваргыг давсан юм байна гэдгээ ойлгосон

Тэрбээр наадамд түрүүлнэ гэгдэж байсан хамаг хүчтэнийг цувуулан хаясан хэрнээ долоогийн даваанд нэг нутгийн Ж.Чойжилсүрэнд буугаад өгчихсөн гэдэг. Гэвч Чойжоо заан үзүүр, түрүүнд Д.Жамц арсланд унан улсын наадамд түрүүлэх боломжоо ашиглаж чадаагүй юм. “Тэр үеэс хойш Чойжоо, бид хоёрын хэн нь ч өөдтэй барилдаагүй” хэмээн өвгөн заан харамсангуй дурссан удаатай.

Адъяа заан багаасаа эмнэг хангалтай ноцолдож өссөн болохоор гартаа мундаг бүлтэй хүн байж. Гэхдээ өөрөөсөө илүү бусдын бяр чадлыг ярих дуртай. Ялангуяа Ө.Эрдэнэ-Очир арслангийн мундаг бярыг дурсан ярьдаг. Тэр хоёр Өмнөговьт тээвэрт явж байж. Гэтэл “Зил 130” машиных нь хойд тэнхлэг хугарчээ. Ингээд хүн дуудаж машинаа янзлахаар болсон байна. Эрдэнэ-Очир арслан машин доогуур орж, түлхэж өгөхөөр болж гэнэ. Ингэхдээ машины нум гэдийтэл түлхдэг байжээ. Тэр том машины нум гэдийтэл түлхэнэ гэхээр мундаг бяртай байсан нь тодорхой. Бас нэг удаа нөгөө хоёр чинь идэшний махаа хүлээн авахаар болжээ. Арслангийн ах нь сувай үнээ бүдүүн хоньтой төхөөрөөд хамтад нь ширэнд боогоод явуулчихаж. Хоёр бөх өнөөхөө машины тэвшин дээр гаргахаар болов. Эхлээд Адъяа заан дээр гараад татсан ч хүчирсэнгүй. Харин Эрдэнэ-Очир машины тэвшин дээр гарч ирээд гурван давхар хөлдүү арьсыг хуга татаад дээш гаргаж байсан гэнэ. “Энэ үед би Эрдэнэ-Очирыг тамтаггүй бяртай золиг юм даа гэж бодсон. Их бяртай хэрнээ түүнийгээ мэддэггүй бөх байж дээ. Хэрэв одоогийнх шиг шахааны барьцанд хүрч барилддаг байсан бол Эрдэнэ- Очир олон түрүүлнэ” хэмээн найзынхаа талаар бахархан дурсчээ.

Адъяа заан бага залуугаасаа хүнд хүчир ажил хийж ирсэн байдаг. Цэргээс халагдаж ирснийхээ дараа намын төв хорооны дарга нарын ундны усыг зөөдөг байв. Нэг айлд 20 литрийн хоёр лааз ус хүргэж өгнө. Тэгээд өдөрт 150 айлын усыг зөөнө гэхээр багагүй ажил болох нь тодорхой. Сүүлд том тэрэгний жолооч болж, тээвэрт явдаг байхдаа ачигчийн ажил их хийсэн гэдэг. 100 кг жинтэй 200 гаруй шуудай давсыг ганцаараа зөөх нь энүүхэнд. Гэхдээ хүнд хүчир ажил хийлээ гээд муудсангүй. Өдгөө 80 гарсан энэ буурал эрүүл саруул, энх тунх аж төрж байна.

САНАЛ БОЛГОХ