Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна

Мэдээ

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил харьцангуй сайн буюу 90 хувьтай байна. Эрчим хүчний сайд П.Ганхүү улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа онцоллоо. Түүний мэдээлснээр эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын хэмжээнд дулаан, цахилгааны эрчим хүчээр хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай хангаж ажиллахын тулд 2016-2017 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа ажээ. Эрчим хүчний салбарын эх үүсвэр, дулаан, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ компаниудын хэмжээнд их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар 1562 нэр төрлийн засвар шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал 2011 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн 35 МВт-ын хүчин чадалтай Булганы дулааны станцыг 2017 он гэхэд ашиглалтад оруулахаар төсөөлжээ. Энэхүү төслийн гүйцэтгэгчээр “Энержи плас” компани ажиллаж байгаа аж. Үүнээс гадна Эрдэнэт Дулааны цахилгаан станцын 35МВт-ын өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын Засгийн газрын 53.8 сая ам.долларын төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр болоод байна. Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэж буй эрчим хүчний үнэ өртөг буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Эрдэнэт Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 36 МВт байгаа бөгөөд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэх ажээ.



САНАЛ БОЛГОХ