Дотоодын тавилгын эрэлт буурав

Монголдоо Бүтээцгээе

Сүүлийн үед дотоодын тавилгын борлуулалт буурсан нь эдийн засаг тааруухан байгаатай холбоотой гэж салбарынхан дүгнэж байна. Энэ оны эхний найман сард Монгол Улсын хэмжээнд тавилгын үйлдвэрлэл болон бусад дагалдах жижиг боловсруулах үйлдвэрийн борлуулалт 5.6 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөс 30 хувиар буурсан дүн болжээ. Зөвхөн наймдугаар сарын үзүүлэлтийг харахад жилийн өмнөхөөс борлуулалт нь ойролцоогоор хоёр дахин буурсан болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Тавилга үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа бөгөөд тухайлбал, 2016 онд 600 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн “Nature Urguu” компанийн тавилгын үйлдвэрийн 70-80 хувь нь сул зогсоод байгаа ажээ. Өнгөрсөн тавдугаар сараас тавилгын импортын татварыг дөрөв дахин нэмэгдүүлээд байгаа юм.

Ингэснээр 5500 метр куб хавтангийн импортыг хязгаарлаж, энэ хэрээр дотоодын хавтангийн үйлдвэр өргөжих боломжтой болно гэж тооцоолжээ. Хэдий тийм боловч энэ нь хараахан үр дүнгээ өгч эхлээгүй байгаа гэдгийг зах зээлд "Kitchen all" нэрээрээ танигдсан “Долоон болдог” компаниас мэдээллээ. Улсын хэмжээнд 500 шоо метр хавтан үйлдвэрлэдэг 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй цаашид 10 гаруй тэрбум төгрөгийн хавтан экспортлох боломжтой болно гэж салбарынхан дүгнэж байна. Мөн Засгийн газраас дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг дэмжих чиглэл баримталж байгааг зөв алхам гэж үзэж байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ