"ING” групп 5800 ажлын байр цомхотгохоо мэдэгдлээ

Мэдээ

Европын Төв банкны бодлогын хүүгээс шалтгаалж банкуудын зардал өссөн төдийгүй үйл ажиллагаа нь тааруу байгааг Швейцарийн “Bellevue Group”-ийн шинжээчид онцолж байна. Тэр дундаа Европын банкууд сүүлийн үед олон тооны ажлын байр цомхотгох талаар мэдэгдэл хийсээр байгаа юм. Тухайлбал, Нидерландын “ING” групп 5800 ажлын байр цомхотгохоо мэдэгдлээ. Германы “Commerzbank” өнгөрсөн долоо хоногт 9600 ажлын байр цомхотгоно гэсэн мэдэгдлийн дараа “ING” групп мөн цомхотгол хийх талаар мэдээлсэн юм. Ингэхдээ нийт 900 сая еврогийн зардлыг танах зорилгоор ирэх таван жилд цомхотголоос гадна технологийн салбарт 800 сая еврогийн хөрөнгө оруулахаа мэдэгдсэн.

Энэ хүрээнд интернэт, мобайл банк, автомат системд голчлон анхаарах аж. Мөн тус группийн гол өрсөлдөгч “ABN Amro” банк 2020 он гэхэд нийт ажилтныхаа зургаан хувийг цомхотгохоор төлөвлөжээ. Евро бүсийн орнуудын зах зээлийн байдал тогтворгүй байгаа энэ үед банкуудын ашиг буурч зардлаа танахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Статистик харвал, Bloomberg-ээс гаргадаг Европын банкуудын санхүүгийн үйлчилгээний индекс 2016 онд жилийн өмнөхөөс 24 хувиар буурчээ. Цаашлаад Европын “STOXX 600” индекс 11 хувь байгаа нь 10 жилийн хамгийн доод үзүүлэлт аж.



САНАЛ БОЛГОХ