Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа
Засгийн газар ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдэд Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалаад байна. Тодруулбал, “Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр хүндрэлээс гарч, өсөлтийг дэмжихэд эерэг нөлөөтэй. Тиймээс шаардлагатай бараа, бүтээгдэхүүн сонгохдоо Монголдоо үйлдвэрлэснийг худалдан авч, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах"-ыг уриалсан. Үүнээс гадна Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тодорхой үүрэг, чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өглөө. Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулахыг даалгалаа.
Мөн стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжих асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтад харгалзан үзэх хөнгөлөлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт замаар тусгахыг судалж, санал боловсруулахыг холбогдох албаныханд үүрэгдлээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй