А.Цогцэцэг: Сорьц тээвэрлэдэг болж байгаа учраас эмнэлгүүдийн ачаалал буурна

Ярилцлага

Зөвхөн өөрөө л болж байвал боллоо гэсэн сэтгэлээр ханддаг байдлыг тэвчихгүй

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй салбартаа бодлогын түвшинд хийх ажлынх нь талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайдын ажил хүлээж аваад багагүй хугацаа өнгөрсөн байна. Та хамгийн түрүүнд ямар тушаал шийдвэр гаргав?

-Ажил хүлээж аваад хоёр сар боллоо . Эрүүл мэндийн салбар өөрөө том айл. Гурван сая иргэнд хүрч, тусламж үйлчилгээ үзүүлэх том үүрэг хүлээдэг . Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулахаас эхлээд хийх ажил их. Засгийн газар дөрвөн зорилтын хүрээнд 22 хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн . Энэ хөтөлбөрөө задлаад 160 ажил хийхээр төлөвлөөд буй . Хууль эрх зүйн орчныг сайжруулахаас ажлаа эхэлж байна. Түүнчлэн эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал маш чухал байгаа. 29 эх эндсэн үед Сайдын ажлыг хүлээж авсан. Тиймээс эхийн эндэгдлийг бууруулахад анхаарч, эхний тушаал шийдвэрээ гарга , теле хурлуудыг зохион байгуулсан. Эдийн засаг, санхүүжилт хүнд үед тусламж үйлчилгээ доголдчих вий гэдэгт санаа зовних юм. Тиймээс байгаа бүх боломжийг ашиглан, мөнгөгүйгээр шийдэх ажлуудыг эхлүүлэсэн. Үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин, эмч , ажилчдын ёс зүйн асуудалд анхаарч байгаа. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гаргасан.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалаас гаргах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж оруулсан. Энэ ажил хэрэгжих боломжтой юу?

-Хөтөлбөрт 0-5 насны хүүхдийн эмийн зардлыг Нийгмийн даатгалын сангаас гаргаж байхаар оруулсан. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ асуудлыг шийдэх боломжтой . 0-5 насны хүүхдийн эмчилгээний эмийг НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар эм үйлдвэрлэгчээс нь худалдан шууд авах хүсэлт тавьсан . Хэрэв дэмжигдвэл хямд өртгөөр, чанартай эм авдаг болно гэсэн үг.

-Өнгөрсөн жил улаан бурхан өвчний дэгдэлт өндөр байлаа. Бараг 100 гаруй нярай эндсэн. Энэ жил дахиад улаан бурхан дэгдэнэ гэж ДЭМБ-ын шинжээчид хэлсэн. Тэгэхээр төчнөөн хүүхэд улаан бурхны халдварт өртөх магадлалтай гэсэн тандалт судалгаа хийдэг үү?

-Халдварт өвчний дэгдэлтийн судалгааг жил бүр гаргадаг. Энэ тандалт судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх , вакцинжуулах ажлыг цаг тухайд нь хийж байх ёстой. Улаан бурхны эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьтай байгаа. Хамрагдаагүй үлдсэн хэсгийг ва кцинжуулах шаардлагатай байна. Тав , зургаан сартай хүүхдүүд улаан бурхнаар өвчилж, цөөнгүй эндэгдэл гарсан. ДЭМБ-аас улаан бурхны дэгдэлтийн үед зургаан сартай хүүхдэд вакцин хийж болно гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу эхний ээлжинд гурван дүүрэгт хийхээр болсон. Вакцины нөөц хангалттай байгаа.

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Засгийн газар амалсан. Энэ амлалт биелэх болов уу?

-Энэ жил эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг байгаа түвшнээс нь бууруулахгүй байхыг хичээж байна. Эдийн засаг тогтворжоод ирвэл санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж бодож байгаа . Ер нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг улсын төсөв, даатгал, бусад үйл ажиллагаанаас бүрдүүлж ирсэн. Иймд өөр эх үүсвэрийг хайх боломж байгаа, эсэхийг судалж байна. Энэ тохиолдолд санхүүжилт тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломж бий.

Улаан бурхны дэгдэлтийн үед зургаан сартай хүүхдэд вакцин хийж болно

-Эрүүл мэндийн салбарт ирэх жил хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна вэ?

-Манай салбарын хувьд урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажилд нэлээд их мөнгө зарцуулагддаг. Эдгээр ажилд одоогоор 100 тэрбум төгрөг шаардлагатай байна. Улс мэдээж ийм хэмжээний мөнгө өгч чадахгүй байх. Гэхдээ бид шаардлагатай төсөв хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэхээр УИХ -д оруулчихаад л байгаа.

-Барьж дуусаагүй барилгыг ашиглалтанд оруулна гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байсан. Яармагт барьж байгаа 300 ортой эмнэлгийн барилгын ажил зогсоод удсан. Тантай нийлээд дөрвөн сайд дамжиж байна. Энэ барилгыг гүйцээх боломж бий юү. Салбарынхаа гал тогооноос гарч ирсэн сайдын хувьд таныг энэ эмнэлгийн барилгыг дуусгах байх гэж найдаж байна?

-Энэ эмнэлгийн барилгын асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Төгс шийдсэн зүйл алга. Санхүүжилтийн эх үүсвэрийг эцэслээгүй концессын гэрээгээр байх уу, эсвэл буцалтгүй тусламж орж ирэхээр бариулах уу гээд шийдэх зүйл бий. Түүнээс төсвөөс 20 тэрбум төгрөг гаргаад барих бололцоогүй байна. Эхлүүлсэн барилгаа дуусгахгүй байгаад байхаар тоногдоод , өртөг нь улам нэмэгдээд байдаг. Тэгэхээр богино хугацаанд хурдан шийдвэрлэх шаардлагатай байна. Манай салбарт шийдэгдэхгүй зогссон олон төсөл, хөтөлбөр байна. Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүд зогсчихсон байна гэдэг улс орны эдийн засагт хүндрэл учруулна. Судлаад үзэхэд ян з бүрийн л шалтгаан гарч ирдэг.

Жишээлбэл, “Цахим эрүүл мэнд” төсөл зогсчихсон байсныг үргэлжлүүлэхээр боллоо. Засгийн газрын хөнгөлөлттэй зээл учраас мөнгө нь цаанаа тоолуур шиг эргэж байгаа. Хэрэгцээ байхад бид энэ төслийг цааш нь явуулах л ёстой. Зарим нэг нь үүнийг шүүмжилж байна. Улс орон, салбарыг бодохгүй хүмүүс улс төр хийж байгаад би харамсаж байна. Энэ төслийг хууль, шүүхийн байгууллага гацаагаагүй. Зарим нэг хүмүүсийн хоорондын харилцааны асуудал л байсан. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслийн маргаантай асуудлыг шийдэх гэж хэд хэдэн уулзалт хийж, төслийг хөдөлгөлөө . Энэ бүхний үр дүн гарна гэж найдаж байна. Бид болгоомжилж суухаас илүү тулгамдсан гацаанд орсон асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд нь шийдээд явах нь чухал л даа.

Манай салбарт шийдэгдэхгүй зогссон олон төсөл, хөтөлбөр байна

-Та ажил хүлээж авснаас хойш хөдөөгүүр их явлаа. Орон нутгийн эмнэлгүүд ямар байдалтай байна вэ?

-Гурван аймгийн 14 сумаар орлоо. Нөхцөл байдал хүнд байна . Баян -Өлгий аймгийн зарим суманд шинэ эмнэлэг барих шаардлагатай байгаа. Ингээд нөгөө л санхүүжилтийн асуудал ярих хэрэгтэй болж байна.Гаднын хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр өгсөн зүйлийг зогсоогоод байх нь зохимжгүй юм. Монгол Улс өөрсдөө боломжтой бол гаднаас зээл авахгүй , хандив тусламжийн төсөл , хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байж болно шүү дээ. Гэтэл өөрсдөө боломжгүй хэрнээ гаднын зээл тусламжийг ямар нэгэн шалтаг хайгаад явуулахгүй байж болохгүй. Зөвхөн өөрөө л болж байвал боллоо гэсэн сэтгэлээр ханддаг байдлыг тэвчихгүй. Энэ байдлыг засахын төлөө ажиллах болно.

-Эрүүл мэндийн салбарт хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ. Таныг ирэхэд хэд нь зогсчихсон байсан бэ?

-Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа . Хамгийн том нь Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр IV”, V төсөл. Уг төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг загвар төв болгож байгаа. Мөн хоёрдугаар эмнэлгийн хашаан дотор БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Самсунг” компанийн барьж буй оношлогоо эмчилгээний төв байна . Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр тус улсын "HUAWEI" компанийн гүйцэтгэж буй эмнэлгийн программ хангамжийг сайжруулах “Цахим эрүүл мэнд ” төсөл байна. Эдгээр бүх төсөл маргаантай асуудлууд дагуулсан. Тиймээс Сангийн яамтай хамтарсан Ажлын хэсэг байгуулаад шийдвэрлэхээр боллоо.

-Нэмэлтээр гаднаас зээл тусламж авах бололцоо байгаа юу?

-Болж өгвөл гаднаас зээл, тусламж авах гарцыг л хайна. Бидэнд өөр санхүүгийн боломж хомс байна.

-Танд нэн түрүүнд шийдвэрлэх ямар ажил байна вэ. Эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад мэдээж анхаарах байх тийм үү?

-Гемодиализийн асуудал байна. Бөөрний дутагдалд орсон хүмүүс долоо хоногт гурван удаа диализийн аппаратанд орох шаардлага тулгардаг. Хувийн эмнэлэгт очоод нэг удаа орохдоо дээд тал нь 120 мянган төгрөг төлдөг. Харин улсын эмнэлэгт үнэгүй эмчлүүлдэг боловч ачааллаа дийлдэггүй. Энэ тусламж үйлчилгээг өргөтгөж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Хэрэв бидэнд бололцоо байвал улсын, хувийн гэж ялгалгүйгээр санхүүжилтийг нь олгочихмоор байгаа юм. Улсын хэмжээнд диализийн аппаратанд орох шаардлагатай 500 хүн бий. Өнөөдрийн байдлаар 400 гаруй нь эмчилгээнд алдаг, оног ордог. Харин үлдсэн 100 гаруй нь огт тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ асуудлыг ирэх долоо хоног гэхэд шийднэ. Мэдээж хүн амын төвлөрлөөс болоод эмнэлгүүдийн ачаалал их байгаа нь үнэн. Анхан шатны тусламж үйлчилгээг гурав дахь шатлалын эмнэлгээс авах гэж зүтгээд байна. Тиймээс манай яам Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран био аюулгүй сорьц тээвэрлэх тушаал, журам гаргаж байна. Ингэснээр тухайн өвчтөн анх үйлчлүүлсэн эмнэлэг дээрээ оношоо бүрэн тогтоолгож эмчилгээгээ гүйцэт хийлгэнэ. Бүх аймаг, өрхийн эмнэлгүүдийг сүүлийн үеийн нарийн тоног, төхөөрөмжөөр хангах боломжгүй. Тиймээс онош тодруулах шаардлагатай тухайн эмнэлэгт хийх боломжгүй сорьцыг тээвэрлэх гэж байгаа юм. Сорьцоо тоног төхөөрөмж сайтай эмнэлэгт өгч онош тодруулна гэсэн үг. Түүнээс гадна эмнэлгүүдийг хооронд нь телемедицинээр холбож , зөвлөгөө өгөх энэ ажлыг хэрэгжүүлж байна. Гурван сарын дараа гэхэд үйл ажиллагаа нь жигдэрнэ. Про фессорын баг ажиллаад онош тогтоож өгнө. Бас эмнэлгүүдийн ачаалал ч буурна.

» Өнөөдөр төрөлхийн тэмбүүтэй тохиолдол гарч байгаа нь хаа хаанаа хяналтгүй байгаагийн илрэл.

» Бид болгоомжилж суухаас илүү тулгамдсан, гацаанд орсон асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд нь шийдээд явах нь чухал л даа.

» Өсвөр насныханд системтэй сургалт явуулах, эрүүл мэндийн боловсрол орхигдож байгаа нь дээрх олон асуудлыг дагуулж байна.

-Нийгмийн халдварт өвчний тархалтыг анхаарахгүй байж болохгүй байх. Ялангуяа, тэмбүүгийн тархалт байнга нэмэгдэх боллоо. Тиймээс өвчлөлийг бууруулахын тулд та ямар ажил хийх вэ?

-Энэ бол миний анхаарлын төвд байдаг асуудал. Улс орны шилжилт , хүний эрх чөлөө, ардчилал нэрийн дор нийгмийн халдварт өвчин тээгчдийн хавьтлыг илрүүлж, албадан эмчилдэг ажил орхигдсон. Социалист нийгмийн үед тэмбүүгээр өвчилсөн хүн заавал хавьтлаа авчирч эмчлүүлдэг, хяналтын сувилагч явж эмчилдэг байлаа. Тэр үед төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Гэтэл өнөөдөр төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гарч байгаа нь хаа хаанаа хяналтгүй байгаагийн илрэл. Тэмбүү , БЗДХ , сүрьеэгийн өвчлөлийн тархалт газар авчихаад байгаа нь маш том асуудал. Энэ чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллана. Аймаг орон нутагт арьс өнгө, сүрьеэгийн диспансер байсныг татан буулгасан. Улаанбаатар 500 мянган хүн амтай байхад ХӨСҮТ ийг барьсан. Агааржуулалтын систем нь социалист нийгмийн үеийнхээрээ, салхины урсгалын доор том зах худалдааны төвүүд байрладаг, эргэн тойронд орон сууц барьсан, байршлын хувьд тохиромжгүй байна.

-Өсвөр насныхны дунд жирэмслэлт элбэг тохиолдож байна гэж эмч нар ярьдаг. Арван жилийн сургуульд эрүүл мэндийн хичээл оруулж болдоггүй юм уу?

-Манай яам БСШУСЯ-тай эрүүл мэндийн хичээлийн талаар хамтарч ажиллах санал хүргүүлж байгаа. Боловсролын суурь сургалтад эрүүл мэндийн хичээл байсныг хассан. Энэ маш чухал хичээл байлаа. Өсвөр насныханд системтэй сургалт явуулж, эрүүл мэндийн боловсрол олгох асуудал орхигдож байгаа нь дээрх олон асуудлыг дагуулж байна. Эрүүл мэндийн тухай хуульд нэгдсэн эмнэлгүүдийн дэргэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх газар байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ заалт хэрэгжихгүй явсаар ирсэн. Нөгөөтэйгүүр, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох ажил хийх хэрэгтэй байгаа. Иймд манай Засгийн га зар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарах зорилго тавьсан.

САНАЛ БОЛГОХ