Ипотек өрхийн төсвийг цэгцэлж байна

Нийтлэл

Ипотекийн зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 3.3 хувьтай байна

Орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээлд энэ оны наймдугаар сард нийт 1299 иргэн хамрагджээ. Ингэснээр 75.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл нэг сарын хугацаанд шинээр олгогдсон байна. Зээлд хамрагдсан 967 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, үлдсэн 332 нь банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагджээ.

Наймдугаар сард ипотекийн зээлээр орон сууцтай болсон хүмүүсийн нэг нь Н.Оргил. Тэрбээр эхнэр Б.Цолмонтойгоо нийлээд сард 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Тэд өөрийн гэсэн байргүй. Тиймээс аав, ээжийнхээ хажуу өрөөнд амьдардаг байсан бөгөөд цалингийнхаа дийлэнх хувийг хоол, хувцас, найзуудтайгаа уулзах зэрэгт зарцуулдаг байж. Тодорхой хэмжээний хадгаламж бүрдүүлсэн ч энэ нь урьдчилгаа 30 хувийн 10 хувьд ч хүрээгүй байна.

Харин аав, ээжийн дэмжлэгээр орон сууцны зээлд хамрагдсанаар сар бүр цалингийнхаа тодорхой хувийг зээлдээ өгч, үлдсэн мөнгөөр амьжиргаагаа залгуулах шаардлагатай болжээ. Ингэснээр санхүүгийн хувьд сахилга баттай зарцуулалт хийх болсон байна. Урьдын хандлагадаа ч эрс өөрчлөлт гаргахад хүрсэн аж. Тэдэнд төлбөрийг нь 100 хувь төлөөд орон сууцанд орох боломж байгаагүй учраас зээлд хамрагдсан гэж байсан. Шинэ орон сууц нь тэдний хуримтлал буюу ирээдүйн баялаг.

Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн дээрх ипотекийн зээлийн үлдэгдэл 3.89 их наяд төгрөгт хүрснээр нийт зээлдэгчдийн тоо 86.2 мянгыг давсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд буюу 2013 оноос хойш шинээр 60 гаруй мянган өрх орон сууцтай болж амжээ. Үлдсэн 20 мянга нь түүнээс өмнө зээл авсан иргэд. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар буурчээ. Энэ нь урьдчилгаа 30 хувиа бэлнээр төлж, банкны тавьж байгаа шаардлагад нийцсэн өрхийн тоо цөөрч байгаатай холбоотой аж.

Наймдугаар сарын байдлаар 86.2 мянган иргэн ипотекийн зээлтэй байгаагаас 63.7 мянга нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд хамрагдсан байна. Уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Харин 20.6 мянга нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээл бол үлдсэн буюу 1857 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагджээ.

Шинэ орон сууц нь тэдний хуримтлал буюу ирээдүйн баялаг
Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд дээрх хөтөлбөр чиглэж буй. Үүнээс гадна ипотекийн хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж үздэг. Орон сууцны санхүүжилтийн тогтвортой, урт хугацааны тогтолцоог бэхжүүлэх учиртай хөтөлбөрийн зээл наймдугаар сарын эцэст ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн 77.8 хувийг бүрдүүлж байна. 20.6 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байгаа бол үлдсэн хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлжээ.

Ипотекийн нийт зээлийн 99 хувь нь төгрөгийн зээл бол нэг хувь нь валютын зээл байна. Төгрөгтэй харьцах ам .долларын ханш өдөр ирэх тусам өсөж буй. Энэ нь ам.долларын зээлтэй иргэдэд багагүй хүндрэл үүсгэж, өрхийн эдийн засагт дарамт болсоор. Зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл энэ оны наймдугаар сарын байдлаар 3.3 хувьтай тэнцжээ. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 1.3 хувьтай байна. Эндээс нийт ипотекийн зээл нь банкны системийн зээлээс чанарын үзүүлэлт харьцангуй сайн болох нь харагдаж байгаа юм.

Наймдугаар сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 18.7 хувиар буурчээ. Харин өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Үүнд эдийн засгийн удаашрал ч нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ наймдугаар сарын байдлаар 58.1 сая төгрөг байгаа юм. Тухайн сард 410 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх оны мөн үеэс 68.4 хувиар өсчээ. Ипотекийн зээл олгох хэрээр энэ хэмжээ өснө гэсэн үг.

Тайлант сард банкууд гурван сараас 30 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 19 жил байна. Зээлийн үлдэгдлийн дундаж хугацаа наймдугаар сарын байдлаар 16.4 жил байгааг Монголбан кнаас мэдээлсэн юм. Тодруулбал, наймдугаар сард олгосон зээлийн дийлэнх буюу 37.6 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон байна.

Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүгээ 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн. Энэхүү бодлогын шийдвэр нь банк, санхүүгийн зах зээл дэх зээлийн бүтээгдэхүүний хүүнд их, багаар нөлөөлж эхэлсэн билээ. Харин ипотекийн зээлийн хүү тогтвортой түвшинд хадгалагдаж байгаа юм. Бан куудын наймдугаар сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 8.41 хувьтай байна. Үүнийг ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад дундаж хүү 8.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт. Таван хүүтэй зээлийг зогсоосон тулд орон нутаг дахь ипотекийн зээл олголт цаашид буурах төлөвтэй байгаа юм. Энэ оны наймдугаар сарын байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.6 хувийг Улаанбаатар хотод, үлдсэн 23.4 хувийг орон нутагт олгосон зээл бүрдүүлж байна.
САНАЛ БОЛГОХ