МБХ: Нийслэлийн хэмжээнд эзнээ хүлээж буй 8800 гаруй айлын орон сууц бэлэн байна

Мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд барилгын ажил нь бүрэн дуусаж, худалдан авагчаа хүлээж байгаа, бэлэн болсон 8800 гаруй айлын орон сууц байгаа гэж Монголын барилгачдын холбооноос мэдээллээ. Харин барилгын ажил нь үргэлжилж байгаа төслүүдийг нэмээд тооцвол ойрын 1-2 жилийн хугацаанд зах зээлд 30 орчим мянган айлын орон сууц нийлүүлэгдэх хүлээлттэй байна. Эдийн засгийн идэвхжил саарч, иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор барилгын салбарт эрэлт буурч байгааг салбарын төлөөлөл онцолж байгаа юм. Иймд эрэлтийг дэмжих, салбарын уналтыг зогсоох чиглэлд шинэ Засгийн газарт тодорхой саналуудыг уламжлаад байна. Наймдугаар сарын эцсийн дүн мэдээллээр улсын хэмжээнд 86 мянга 221 иргэн орон сууцны 3.8 их наяд төгрөгийн зээл аваад байгаа аж. Үүний дийлэнх буюу гурван их наяд гаруй төгрөгийн зээлийг "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр" буюу найман хувийн хүүтэй зээл бүрдүүлж байгаа юм.

Цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд санхүүжилтийн зөв механизм шаардлагатай байгааг арилжааны банкууд онцолж байна. Ялангуяа сүүлийн саруудад банкуудад дээрх хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж өгөөгүйн улмаас банкны өндөр өртөгтэй эх үүсвэрээр зээлийг санхүүжүүлж байгаа нь цаашдаа эрсдэл дагуулна гэж үзэж байгаа юм. Үүний нэг болох ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, мөн хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлд Засгийн газрын шийдвэр гарч, ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн дээд хязгаарыг 100 ам метр болгоод байна. Ингэснээр зах зээлд борлуулагдахгүй байсан гурван өрөө орон сууцнууд эргэлтэд орж, харьцангуй худалдан авах чадвар өндөртэй иргэдийн бүлэг хөтөлбөрт шинээр хамрагдах боломж бий болно гэж үзжээ. Мөн барилгын салбарт хөрөнгө оруулагчид, барилгын гүйцэтгэгч компаниуд үнийн асуудалд илүү уян хатан бодлого баримталж, үнээ бууруулах асуудлыг судлах хэрэгтэй гэж Монголын барилгачдын холбооноос мэдээлж байна.



САНАЛ БОЛГОХ