Хагдрах модгүй газар ойн төгөлтэй болов

Сурвалжилга

Баяннуурчууд ойжуулалтын талбайгаасаа хоёр тонн чацаргана авчээ

Харгана болсон элсэрхэг газарт чацаргана, улиас, бургас төдийгүй улаан лооль, чинжүү, тарвас ургаж байна. Өнгөрсөн жилээс тарьж эхэлсэн зулзган моднууд өдгөө 40, 50 см өндөр болж, хүнээр бол хоёр жилийн дараа эрийн цээнд хүрч, ургацаа өгч эхэлнэ. Цөлжиж байна гээд цөхөрч үлдэх бус үүний эсрэг тэмцэж болдгийн тод жишээг бид өөрсдийн нүдээр харлаа хэмээн Өгий нуур сумын иргэд ярилаа.

Улаанбаатар хотоос тийм ч холгүй буюу 360 км-ийн зайд орших Архангай аймгийн Өгий нуур сумыг өнгөрсөн амралтын өдрөөр зорив. Мэнэнгийн талаар мэнэртлээ давхисныг бодоход хангай нутагт уул ус, ургамал амьтан гээд үзэж харах юм ихтэй, хүрч очих зам харгуй ч сайтай юм. Жирийтэл зурайх замаар таван цаг гаруй давхисны эцэст Өгий нуурын эрэг дээрх жуулчны баазад ирэв. Үдээс хойш очсон тул нуурийн эрэг дагуу жиндүү салхитай. Усны давалгаа үе үе хүчтэй түрж, ганц хоёр усны шувууд эрэг дээр гарсан харагдана. Мөн загас барих гэж яваа нутгийн иргэд болон гаднын жуулчид байхаас өөр сонин зүйл тэнд үгүй.

Өгий нуур сумыг зорьсон шалтгаан нь цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй ойжуулалтын төслийн үйл ажиллагаатай танилцах байв. Тус сумын ойжуулалтын талбайн хөрөнгө оруулалтыг БНСУ-ын "Самсунг" группийн ажилтнууд хандивладаг аж. Тус компанийн арван хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад ирсэн бөгөөд өөрсдийн хөрөнгө оруулсан ойжуулалтын талбайн ажилтай танилцахаар тус сумыг зорьж, нутгийн иргэдтэй хамт нэг өдрийг мод тарьж өнгөрөөсөн нь энэ.

Нэг дүүрэг зургаан суманд нийт 680 га газарт 680 мянган мод тарьжээ
Үүний өмнө манай улсын долоон өөр газарт ойжуулалт хийж буй БНСУ-ын “Ногоон Ази” хэмээх төрийн бус байгууллагын талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй. Учир нь тус төрийн бус байгууллагаас Монгол орны цөлжилт, шар шороон шуургыг намжаах зорилгоор хөрөнгө оруулагч олж, ойжуулалтын жишиг талбайг байгуулдаг юм. 2001 оноос эхэлсэн тэдний ажил маш амжилттай явж байгааг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нэг дүүрэг зургаан суманд нийт 680 га газарт 680 мянган модыг өөрсдийн хөрөнгө оруулалтаар тарьж, 90 хувийн ургалттай байгаа аж. Баяннуур сумын ойжуулалтын талбайд гэхэд л төрөл бүрийн мод тариад 10 жил болжээ. Энэ намар тус сумын талбайн чацаргана онцгой их ургаж, нутгийн иргэд хоёр тонн чацаргана хураан авч, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн нь тэдний магнайг тэнийлгэжээ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед өөрсдийн хүч хөдөлмөрийн шимийг хүртэж, нэмэлт орлоготой болно гэдэг юутай сайхан.

Өгий нуур сумын хувьд 2015 оноос 50 га газарт ойжуулалт хийж эхэлжээ. Ингэхдээ сумын төв цаашлаад Өгий нуурын экосистемийг хамгаалах зорилгоор сумын баруун хойд талд буюу салхины чиглэл тийш хамгаалалт бий болгон, мод тарьсан байна. 20, 30 га бүхий хоёр талбайд өнгөрсөн жил 25 мянган ширхэг мод тарьснаас 10 мянган чацаргана, 10 мянган улиас, 5000 бургас суулгасан. Харин өнөө жил хоёрдугаар талбайдаа мөн тооны мод тарьж ургуулжээ. Гэхдээ өнгөрсөн жил цаг агаарын нөхцөл байдал тааруу, усалгааны системийг оройтож шийдсэн зэрэг шалтгаанаас болж төдийлэн санасан хэмжээнд ургаж чадаагүй гэнэ. Гэхдээ энэ жилийн моднууд тун сайн ургасан гэдгийг талбайн зохион байгуулагч Ш.Отгончимэг хэллээ.

“Ногоон Ази”-ийнхны баримталдаг гол зарчим нь зөвхөн мод тарих бус тарьж, ургуулах ЗГМ© цаашлаад амьжиргаагаа дээшлүүлэх хүсэлтэй орон нутгийн иргэдийг дэмжих юм. Тиймдээ ч ойжуулалт хийж буй газар бүртээ зөвхөн тухайн нутгийн иргэнийг ажилд авдаг гэж “Ногоон Ази” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Чой Хён Сүг хэллээ. Тэрбээр "Модыг сайн тарих, арчлах нь бидний хамгийн гол анхаарал хандуулдаг асуудал юм. Учир нь орон нутгийг цөлжилтөөс хамгаалаад зогсохгүй иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэднийг газар тариалангийн чиглэлээр бие даан хөгжих гээд олон боломж олгож буйгаараа энэ ажил их онцлог. Бид энэ үйлсийг хамтдаа мод тарих төдийхнөөр биш байгаль дэлхийгээ хамгаалж, ирээдүйгээ тарьж байгаа гэдэг үүднээс харж байгаа" гэв. Тэдэнд ойжуулалтын талбайгаа өргөжүүлэх, тоог нь нэмэх төлөвлөгөө одоохондоо байхгүй. Харин сургалтын төвтэй болж, орон нутгийн иргэд буюу талбайн ажилчиддаа мод үржүүлэг, ойжуулалт, нарийн ногоо тариалах буюу газар тариалангийн талаар цогц мэдлэг олгох зорилт дэвшүүлээд байгаа аж. Энэ төвөөр дамжуулан иргэдийг чадавхижуулах, цаашлаад Монголыг ногооруулах зорилготой.

Өгий нуур сумын хувьд нутгийн 30 гаруй иргэнийг цалинжуулж, талбайдаа ажиллуулж байгаа аж. Хоёр талбайд тус бүр нэг гүний худаг ухаж, усалгааны системийг шийджээ. Харин энэ жил зургаан хүлэмж барьж, чинжүү, улаан лооль, тарвас зэрэг нарийн ногоо тарьсан нь үр шимээ өгч, ирсэн зочдоо шинэ ургацаар дайллаа. Өөрсдийн гараар тарьж ургуулсан ногоогоо хэрэглээндээ аваад зогсохгүй сумын иргэдийг хангадаг болсон гэх чихэнд чимэгтэй мэдээг иргэд хэлж байлаа. Энэ л үр дүнг харах гэж л төслийн багийнхан чармайдаг болох нь тэдний ярианаас мэдрэгдэв. Ийн хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн нутгийн иргэд цаашид хоршоо байгуулж, өөрсдийн гараар бүтээсэн зүйлдээ эзэн болох зорилго тээжээ. Нутгийн иргэдтэй хамтран 500 гаруй мод тарихаар төлөвлөсөн солонгосчууд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 900 гаруй чацаргана, улиас, бургасны мод суулгаж буянтай ажлын ард гарсандаа туйлын баяртай байгаа харагдав.

Тэрчлэн Өгий нуурын ойжуулалтын талбайд сайн дурын 20 гаруй насны хоёр солонгос залуу тэнд ажиллаж, амьдраад өдгөө нэг жил болжээ. Тэд нэг жилийн хугацаатай Монголд мод тарихаар өөрсдийн хүслээр иржээ. Ингэхдээ бүр маш олон залуусын дундаас сонгогдож ирсэн гэсэн шүү. Сумын төвийн захиргаанаас гаргаж өгсөн байшинд амьдардаг бөгөөд манай иргэдтэй хамт өдөр тутам мод тарьж, ургуулах ажил хийдэг аж.

Энэ үеэр орон нутгийн удирдлага болон нутгийн иргэд ирэх жил дуусах төслийн санхүүжилтийг сунгаж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. "Самсунг" Барилгын салбарын хүний нөөцийн албаны менежер Шим Жэ Бүн “Бид Өгий нуур суманд хэрэгжиж буй ойжуулалтын төсөл хэр үр дүнтэй явж байна, нутгийн иргэд үүнд ямар сэтгэгдэлтэй байгаатай танилцахаар ирсэн. "Самсунг"-ийн 10 мянга гаруй үндсэн ажилтан сар бүр цалингийнхаа тодорхой хувийг хандивлаж, энэхүү сайн дурын ажлыг хийдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний хөрөнгө оруулсан ажил хэрхэн явагдаж байгааг “Ногоон ази”- аас мэдээлдэг байсан. Харин бид өөрсдийн биеэр ойжуулалтын талбай дээр ирж, нутгийн иргэдтэй уулзаж, хамтдаа мод тарилаа. Монголчууд биднийг маш халуун дулаанаар угтан авсан. Бидний төсөөлж байснаас хол давсан үр дүн харагдлаа” гэв. Иргэдийн тавьсан хүсэлтийг эх орондоо очоод ажилтнуудаа уламжилна гэдгийг Шим Жэ Бүн хэлээд “Энэ төслийг хэрэгжүүлэхээс өмнө бид нэг жил судалгаа хийсэн. Сайн дурын ажлыг хийхээс илүүтэй орон нутгийн иргэдийг энэ ажилд татан оролцуулах нь чухал. Төсөл дуусвал үргэлжлүүлэх, эсэхээ дахин судалж үзсэний үндсэн дээр дараагийн шийдвэрээ гаргана” гэсэн юм.


Түүнчлэн “Ногоон Ази” төрийн бус байгууллага орон нутагт цөлжилт, шар шороон шуурганы эсрэг мод тариад зогсохгүй нутгийн иргэдийн нийгмийн асуудалд ч анхаарал хандуулдаг юм байна. Өгий нуур сумын цэцэрлэг 1990 онд ашиглалтад орсон ч тухайн үед дутуу баригдсан учраас ашиглахгүй хэсэг байж байгаад 2003 оноос хүүхдүүдээ хүлээн авдаг болжээ. 2007 онд дутуу орхисон дээвэр болон сантехникийн ажлыг гүйцээснээс хойш өнөөг хүртэл ямар ч урсгал болон их засварын ажил хийгдээгүй. Харин энэ зун “Ногоон Ази”-ийн хөрөнгө оруулалтаар модон цонхнуудыг бүгдийг нь вакумаар сольж, хөндий байсан шаланд бетон цутгаж, паркеталсан нь дулаан алдалтыг бүрэн зогсоожээ. Мөн тэд 1965 онд ашиглалтад орсон Соёлын төвд урсгал засвар хийжээ. “Улс орны эдийн засаг хүндэрсэн, сум орон нутагт хөрөнгө мөнгө төсөвлөж чадахгүй байгаа энэ үед дээвэр, шал гээд хамгийн гол ажлыг маань тус төрийн бус байгууллага нугалчихаад байхад үлдсэн жижиг сажиг засварыг өөрсдийн хүчээр сэлбэж, Соёлын төвийнхөө өнгө үзэмжийг сайжруулахад анхаарна” гэж Соёлын төвийн эрхлэгч Б.Бадамханд хэллээ.
Өгий нуур сумын хувьд 2015 оноос 50 га газарт ойжуулалт хийж эхэлжээ. Ингэхдээ сумын төв цаашлаад Өгий нуурын экосистемийг хамгаалах зорилгоор сумын баруун хойд талд буюу салхины чиглэл тийш хамгаалалт бий болгожээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Өгий нуур ширгэж, өндөглөж зусдаг шувууд нь дайжиж байгаа талаар байгаль орчны сэтгүүлч, Балдорж шагналт Ц.Цэвээнхэрлэн энэ асуудлыг хөндөж бичсэн байдаг. Биднийг очих үеэр ч нутгийн иргэд энэ асуудлыг тавьж, нуур ширгэж буйд санаа зовнин суугаагаа хэлж байлаа. 18 метрийн гүн байдаг нуур өдгөө 14 метр хүрэх үгүйтэй болжээ. Ийн ширгэж байгаагийн шалтгааныг Өгий нуурын эх авдаг хөгшин Орхон голын эхэнд алтны гурван уурхай ажиллаж байгаатай холбоотой гэж нутгийнхан үзэж байна. Харин өнөө жил тэнгэр хангай хур бороо хайрласны хүчинд нуурын усны түвшин бага зэрэг дээшилсэн гэдгийг Өгий нуур сумын Өгий багийн өндөр настан М.Нацагдорж хэлэв.

Энэ нууранд 50 гаруй төрөл зүйлийн усны шувуу нутаглаж, 15 төрлийн нэн ховор загас амьдардаг аж. НҮБ-ын ус, намгархаг газрын усны шувуудыг хамгаалах Рамсарын конвенцийн хавсралтад манай улсын 11 нуур байдгийн нэгд нь Өгий нуур ордог гэдгийг байгаль орчны гавьяат Ц.Дамдин ярилаа. Тэрбээр Өгий нуурийн экосистемийг хамгаалах зорилгоор энэ газарт гаднын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсний нэг нь ЖАЙКА- гийн тусламжаар Өгий нуурын шувуу судлах төв байгуулсан юм. Тиймээс нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн нэгэн болжээ. Энэ салбарт хоёргүй сэтгэлээр насаараа зүтгэсэн Дамдин гуайг байгаль орчны салбарт танихгүй хүн гэж үгүй төдийгүй нутгийнхан тоглоом шоглоомоор нуурын ойролцоо хөшөөг нь босгоно гэж ярьдаг юм билээ. Мөн гаднын иргэд орон нутгийн иргэдээс дутахгүй Өгий нуурын экосистемийн асуудалд санаа зовниж, цөлжилтийг сааруулах ажил хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа энэ үеэр ярьж байлаа.


САНАЛ БОЛГОХ