Сэтгэлгээ нь ч гэсэн нүүдэллэж чаддагийг харуулах хэрэгтэй
Дотор хүн намайг урлагтаа зүтгэ гэсэн
А.Очирболд өнгөрсөн жил болсон “НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн”-гээс “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн уран бүтээлч. Уг үзэсгэлэнд 55 орны 250 уран бүтээлч оролцож, 1200 гаруй уран бүтээлээ дэлгэсэн юм. Харин тэрбээр энэ жилийн “НордАрт”- д урилгаар оролцсон бөгөөд удахгүй Герман улсын галерей Хофманд хамтарсан үзэсгэлэнгээ гаргахаар явахаас нь өмнө “Хүмүүс” буландаа урьж, ярилцсанаа хүргэе.
-Та “НордАрт”-д хоёр удаа оролцлоо. Уран бүтээлчийн хувьд өөрийгөө танихад энэ наадам ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Хаана яваа, хэнтэй амьдарч буйгаа хүн мэдэх хэрэгтэй. Зөвхөн Очирболд гэдэг бөмбөрцөг үүсгэчихээд яваад байж болохгүй. Чих худал, нүд үнэн гэдэг. Тиймээс өөрийгөө хаана яваагаа шударгаар харах хэрэгтэй. Өөртөө шүүмжлэлтэй хандаж сурах хэрэгтэй. Надад бол би хаана байна, яах гэж байгаа вэ гэдгээ харах сайхан байсан.
-Тэгвэл “НордАрт”-ын үзэгчдэд тоогдоход танд юу нөлөөлсөн бэ?
-Миний үнэнч сэтгэл. Би урлагт үнэнч байсныхаа төлөө “НордАрт” гэдэг наадмаас шагнал хүртлээ. Би уран барималчийн диплом өвөртөлчихөөд хэзээ ч наймаа хийж яваагүй. Баримлаа босгоод л явсан. Тийм учраас энэ бүхний минь л үр шим юм даа. Том, жижгийн тухай би өнөөдөр ярьмааргүй байна.
-Энэ жилийн “НордАрт”-ын бүтээлүүдээс танд сэтгэгдэл төрүүлсэн ямар бүтээл байсан бэ?
-Хятадын уран бүтээлч Лью Рувангийн 108 чононоос бүтсэн “Чонон сүрэг айсуй” сэтгэлд үлдсэн сайхан бүтээл байсан.
-Та Монгол бүтээлүүдийг үндэсний хэв маягаас илүү үндэсний философи шингээж урлах ёстой гэж ярьсныг уншиж байсан. Энэ талаараа тайлбарлаж болох уу?
-Хүмүүс Европын, барууны урлаг гэж их ярьдаг. Барууны сонгодог урлагт тооцогдож байгаа бүтээлүүд л европын өөрийнх нь соёл. Харин нэн орчин үеийн урлагийн эхлэл нь тэнд эрчимтэй хөгжсөн. Европын гэх үндэсний хэв шинжээс илүү дэлхийн урлаг болж хөгжсөн гэх үү дээ. Харин бид үндэсний онцлогоо тэр дэлхийн урлагт шингээж өөрийн байр сууриа эзлэн бататгах ёстой. Өөрөөр хэлбэл, байдаг зүйлийг байдгаар нь хийхгүй л гэсэн үг.
-“Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээл үндэсний философи шингэсэн болохоор дэлхийн урлаг болсон гэсэн үг үү?
-Тийм. 2015 оны “НордАрт”-д орсон бүтээл бол гүзээг дөрвөн хүний толгойд углаж харуулсан. Гүзээнд бүхнийг багтаадаг нь монгол ахуйн философи. Гэвч томруулаад харвал даяарчлалын эрин зуунд дэлхий өөрөө өөрийгөө мэдээллийн ертөнцөд хийгээд баглачихсан. Ингэж гүзээг дэлхийн ойлголтод оруулж тайлбарлаад байгаа юм. Монгол ахуйгаа дэлхийд яаж борлуулах вэ л гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тухайлбал, модернизмын үед Пикассо Африкийн хэв маягийг уран бүтээлдээ ашиглахдаа дэлхийн соёл, дэлхийн хэлээр хүргэсэн. Пикассогийн бүтээлийг хэн ч харсан Африкийн гэхээсээ илүү модернизмын кубизмын урсгал гэж хүлээж авдаг. Үүнийг бид дэлхийн урлаг биш Европын урлаг гэж буруу ойлгодог. Тиймээс өөрсдийн урлагаа үзүүлж байгаа нь энэ гээд Монгол гэдэг нэг дэлхий үүсгэчихдэг. Тэгсэн мөртлөө тэр нь дэлхийн биш үндэсний л урлаг байгаад байна. Ер нь энд тэндэхийн томоохон наадам, биеннальд очиход би Герман гээд л бавари хувцсаа өмсөөд, уулынхаа дууг дуулаад явж байхыг хараагүй.
-Та яагаад уран барималч болсон юм бэ. Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
-Аав минь авьяастай хүн байсан. Хөгжим тоглодог, уран зураг зурна. Гарын ур нь надад заяасан байх. Бас өөрөө юм бүтээх гэсэн төрөлхийн араншин аавд минь байсан. Энэ араншин надад нөлөөлсөн болов уу. Бүтээсэн ч, эвдэлсэн ч өөрөө л оролддог зан нь өвлөгдсөн.
-Уран барималд материалын сонголт хэр зэрэг чухал вэ?
-Уран бүтээл тухайн үзүүлж буй орон зайдаа амьдрах ёстой. Тиймээс ямар газар, хэдий хэмжээний орон зайд юу үзүүлэх вэ гэдэг их чухал учраас судалгаа хийх хэрэгтэй. “НордАрт” бол цементэн ханатай, үйлдвэрийн асар том хуучны байр. Би тэнд тэр хуучин байшингийн нэг хэсэг мэт, анхнаасаа хамт байсан тийм л баримал тавихыг хүссэн. Үүндээ тааруулан материалын сонголтоо хийсэн юм. Миний баримал “НордАрт”-ын орон зайд анхнаасаа л амьдарч байсан мэт.
-Та голдуу ямар материалыг сонгодог вэ. “Өнгөгүй өнгө” үзэсгэлэнд ган илүү ноёлсон байсан?
-Би янз бүрийн материалаар хийдэг. Монголд анх удаа ган баримал бүхий үзэсгэлэн гарсан нь “Өнгөгүй өнгө”. Гангаар хийсэн шалтгаан бол салхи, бороо зэрэг байгалийн үзэгдэл өнгөгүй мөртлөө өнгөтэй. Шороо босоход салхи, солонго татахад бороо өнгөтэй болдог. Бас халуун, хүйтэн агаарын мөргөлдөөнөөс бий болдог туйлын туяаг хийе гэж бодсон. Ган баримлуудад үзэсгэлэнгийн заалны хар, цагаан гэсэн хоёр л өнгийн тоглолт тусаж байсан. Үзэгчид орж ирэхэд миний үзэсгэлэн өнгөтэй болно. Улаан хувцастай хүн ган морины дэргэдүүр өнгөрөхөд улаан дэлтэй морь мэт харагдаж байсан нь гайхалтай байсан. -Харин морин тойруулгад босгосон баримал сүрдмээр харагддаг? -Морин тойруулга дээрх морь бол азарга. Азарга нь сүргээ хамгаалдаг эзэн амьтан. Тэрхүү эзэрхэг чанарыг нь харуулах гэтэл салхи, гал, давалгаа гээд л байгалийн хүчирхэг үзэгдлүүд санаанд буусан. Дэл нь ус мэт хуйларч, сүүлийг нь гал шиг дүрэлзүүлж, ухаандаа таван мах бодийг шингээх гэж үзсэн. Тийрэлт нь хүртэл аянга ниргэж байгаа мэт. Азарганд өшиглүүлэхэд аянганд цохиулсан юм шиг л болно биз дээ. Хүмүүс мангас морь гээд хүртэл нэрлэчихсэн байсан. Үүнд нь ч баярладаг. Азарга сүргээ хамгаалаад чоно зэрэг амьтныг ёстой мангасдана биз дээ. (инээв)
-Урлаг сонирхогчид байнга шинэ зүйл хайж явдаг. Та тэдний хүслийг гүйцээхийн тулд уран бүтээлийн сэдлээ хаанаас авдаг вэ?
-Хаана, юу үзүүлэх, ямар орчинд тоглох гэж буйгаа давхар бодно л доо. Одоо бол бүтээлээ олон улсын уран бүтээлчидтэй хөл нийлүүлэн хийчих юмсан гэж хүсэх болсон. Гэхдээ агуулга концептондоо өөрийн онцлог, философио тууштай тусгана.
-Тэгэхээр олон улсад гарах гэсэн монгол уран бүтээлчдийн нийтлэг алдаа нь энэ гэж хэлэх гээд байна уу та?
-Монголчууд яагаад шинэ юм сэтгэж болдоггүй юм бэ. Нүүдэлчин юм бол сэтгэлгээгээрээ ч гэсэн нүүдэллээд явах ёстой шүү дээ. Нүүдэлчдийн соёл ингэж сэтгэдэг гэдгээ харуул л даа. Гэхдээ гүйцэтгэлдээ олон улсын стандартыг анхаарах нь чухал. Үнэхээр тэгж л сэтгэмээр байна.
Хүн бүр сайхныг мэддэг ч гагцхүү уучлалт гуйж чаддаггүй
-Дэлхийн урлагийг бүтээх талаар та яриад байна уу?
-Тийм ээ. Үндэсний урлагаасаа хачир чимэг аваагүйг дэлхийн урлаг гээд байна. Шашин бүхэн өөр өөрийн сүсэгтэн, бишрэгчдийн орон зайтай. Тухайн ард түмэн бурхдыг өөрсдийн урлагаар илэрхийлсэн. Тэгвэл дэлхийн бурхан бол урлаг.
-Дархан хүн бурхан ухаантай гэж ярьдаг. Тэгвэл уран барималч хүнд ямар ухаан заяасан байдаг вэ?
-Уран дархан бол аливааг чимэглэдэг. Бурхан ухаантай учраас хүний хэрэглээг маш сайн ойлгодог. Харин баримлын урлаг бол өөр. Жишээ нь, байшингийн гадаа, асар уудам тал газар, эсвэл нэг албан газрын лоббид ямар баримал зохих вэ гэдгийг тохируулдаг. Тухайн орон зайд зориулсан бүтээл л хийнэ.
-Олон нийтийн талбайд уран баримал босгох завшаан тохиолдвол та юу босгох юмсан гэж боддог вэ?
-Надад тийм боломж олдвол сайхан байна. Өөрөө очиж талбайгаа үзэж байгаад л нэг юм “завааруулаад” л босгох байх даа.
-“Завааруулсан” баримлаараа дамжуулж хүмүүст юу хэлэх вэ?
-Хүмүүсийн ухамсар руу л хандана. Яагаад гэвэл, би өөрөө муу зүйлийг их мэдэрсэн болохоор сайн сайхныг бий болгохын тулд олон нийтийн ухамсарт л чиглэнэ. Бид дандаа л бие биенээ доромжилж, хоорондоо тэмцэлдэж, нийгэм рүүгээ нулимж байдаг. Үүний эсрэг урлагийн хэлийг ашиглана.
-Харамсалтай нь, одоо бол ухамсарт чиглэх орон зай хотод олдохгүй л байх даа?
-Хаана ч байсан болно. Уулын орой дээр байсан ч яадаг юм бэ. Миний бүтээсэн баримлыг харах гэж уулын оройг зорьж очдог болтол нь л босгоё л доо.
-Таны хамгийн хайртай ямар баримал байдаг вэ?
-“НордАрт 2016”-д дэлгэсэн “Ухамсар” барималдаа их хайртай. Хүн төрөлхтний хийсэн бүхний тайлал юм болов уу. Хүн төрөлхтөн бүх амьтныг алсан. Бүх газрыг ухсан. Бүх алт, мөнгийг хүн л хэрэглэж байна. Бидэнд хэрэглээгүй юм гэж байхгүй. Амьтан бол зөвхөн өөрийн амьдрах хэрэгцээндээ таарсан хэрэглээтэй. Байгальдаа юу хийж байна вэ гэсэн асуултыг өөрөө өөртөө тавьсан. “Ухамсар” баримлыг олон нийтийн гадаа талбайд тавихад нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй. Бидэнд яахаа ч мэдэхгүй болох цаг хугацаа удахгүй ирнэ гэдгийг “Ухамсар”-аар илэрхийлэхийг хүссэн. Магадгүй энэ бол миний урлагаар дамжуулж дэлхийгээс гуйж буй уучлалт ч байж болох юм. Эсвэл уучлалт гуйхаа ч мэдэхгүй зогсож байгаа ч байж болох. Бүр ерөөсөө яаж ч чадахгүй байгаа ч юм шиг. Их олон муу зүйлийг бид хийж байна. Сайхан зүйлийг хүн бүр мэддэг. Гагцхүү уучлалт л гуйж чадахгүй байна.
-Хотын өнгө төрх болсон сүүлийн үеийн баримлуудын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Дандаа дарга нарын хөшөө, баримлууд байгаа биз. Чингис хаан ч мундаг том дарга шүү дээ. Бид 70 жилийн даруулгатай хүмүүжлээс салах гээд л явж байна. Тэдний нэг нь би. Дарга нарын хөшөөг хараад л “гүй ээ мөн адилхан байна даа” гээд харж өссөн хүн. Аливаа юм шууд өөрчлөгдөхгүй. Цаг хугацаа хэрэгтэй.
-Та захиалгын ажлаа яагаад зогсоосон юм бэ?
-Захиалгын ажил тодорхой хүрээнд баригддаг тул хэцүү. Ерөөсөө л захиалагчийн хүслээр л дуусдаг. Их ч хийдэг байсан. Одоо бол дотор хүн маань “Урлагтаа зүтгэ. Бурханд өргөсөн тангаргаа биелүүл” гэж хэлээд байна. Би ч “За” гээд л үгэнд нь орох гээд зүтгэж байна. Сэтгэлийн дуудлагаараа Монголын урлагт хувь нэмэр оруулж, шинэлэг бүтээл урлахын төлөө зүтгэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй