Миний зорилго супер эмэгтэй болох

Залуус

А.Пүрэвцэрэн амьдралын хором мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг эрмэлздэг. Тэрбээр АШУҮИС-ийг бага эмчийн мэргэжлээр төгсөн, ГССҮТ-д ажиллаж буй. Хажуугаар нь, Олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүлийн сэтгэл судлаачийн ангид суралцаж байна. Харин чөлөөт цагаараа гитар хөгжим сурах сонирхолтой залуучуудад багшлан, тайлан тоглолт хийж, хурим найрын капкейк захиалгаар хийдэг ажээ. Мэргэжлээсээ, сонирхлоосоо, чадвараасаа кайф авдаг А. Пүрэвцэрэнтэй ярилцсанаа хүргэе.

-Хамгийн том зорилго юу вэ?

-Супер эмэгтэй болох. (инээв) Нийгэмд нэг тийм мундаг бүсгүйчүүд байдаг даа. Гэр бүлээ сайн авч явдаг, ажилдаа ч амжилт гаргадаг тогтвортой, сайхан эмэгтэйчүүд. Би ч гэсэн тийм болохыг хүсдэг. Мөн би их олон зүйл сонирхдог. Тиймдээ ч сонирхлынхоо дагуу олон талын авьяастай болохыг зорьж байна. Ирээдүйд алдартай сэтгүүлийн нүүрэн дээр гарч, ярилцлага өгөх юмсан гэж боддог. Тэгэх хүртлээ өөрийгөө хөгжүүлнэ дээ.

-Хамгийн ойрын зорилго юу вэ?

-Сургуулиа амжилттай төгсөх. Өдөр нь сураад, шөнө нь ГССҮТ-д ээлжинд гардаг болохоор их хичээх хэрэгтэй байгаа. Бас багадаа янз бүрийн зүйл оёдог байсан. Энэ сонирхлоо хөгжүүлж, гэртээ байсан ч гараасаа юм гаргахаар төлөвлөсөн.

-Та их олон зүйл хийдэг юм байна. Хэрхэн амжуулж байна?

-Сараар, эсвэл долоо хоногоор төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу ажлаа зохицуулдаг. Бас “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг байх аа. Хүн өөртөө байгаа нөөц бололцоогоо ашиглаж, ажлыг сэтгэлээсээ хийх хэрэгтэй гэж боддог.

-Та багаасаа төлөвлөгөө гаргадаг хүүхэд байсан уу?

-Үгүй ээ. Би 2012 онд ажилд орсон. Түүнээс хойш л ажлаа төлөвлөж эхэлсэн. Одоо бүр зуршил болчихжээ. Ойрын таван жилийн төлөвлөгөөгөө ч бичсэн байгаа.

-Хэзээнээс гитар зааж, капкейк хийх болов?

-Их сургуулиа төгссөний дараа хүмүүс гитар тоглодгийг минь мэдээд заалгахыг хүсэх болсон. Тухайн үед бусдад багшлахад өөрийгөө бэлэн гэж бодоогүй ч сурагчид маань сэтгэл хангалуун байсан тул үргэлжлүүлсэн юм. Гитарын сургалт явуулаад гурван жил болж байна. Сургалт бүрийн төгсгөлд бяцхан тайлан тоглолт хийдэг. Багшаа гэж дуудуулах их сайхан байдаг юм. Гитарын сургалт явуулж байхдаа капкейк хийж сурсан. Би кофе шопт ажиллаж найздаа тусалдаг байсан юм. Нэг удаа найз маань өвдөөд би оронд нь ажиллах болов. Тэр кофе шопоос хүмүүс капкейк их авдаг тул захиралтай нь хамт хийгээд л сурсан. Дараа нь сонирхлоороо гэртээ хийж байтал бас л хүмүүсээс хүсэлт ирж эхэлсэн дээ. Одоо дандаа хуримын захиалгаар торт хийж байна. Цаашид “Puje’s bakery” нээнэ гэж мөрөөддөг. (Инээв)

Тухайн цаг үеэс шалтгаалан амьдралдаа нэгт тавих зүйл минь өөрчлөгдөж байдаг.

-Эмэгтэй хүүхдийг хүнтэй суу гэж яаруулах нь бий. Үүнээс болоод эмэгтэйчүүд хийхийг хүссэн ажил, сонирхлоо хөгжүүлэх боломжоо алддаг байж мэдэх юм. Та харин ямар бодолтой байдаг вэ?

-Би одоо 27 настай, найз залуутай. Гэхдээ гэр бүлийнхэн маань хүнтэй суухыг шаарддаггүй. Үүнд нь ч би их баярлаж явдаг. Ажлаа болон дуртай зүйлсээ сэтгэл амар хийх боломж олддог гэх үү дээ. Гэхдээ гэр бүлтэй боллоо гээд заавал ажлаа цалгардуулна гэж боддоггүй. Харин ч гэртээ байвал улам их ажил амжуулах байх аа.

-Таныг хараад хэчнээн их ажилтай байлаа ч дуртай зүйлээ хойш тавих шаардлагагүй юм байна гэдгийг ойлгож байна. Гэхдээ танд сонголт хийх шаардлагатай үе байдаг уу?

-Бялуу, гитарын сургалт хийхгүй байж болно шүү дээ. Зөвхөн ажлаа хийгээд л, өөртөө хангалттай цаг гаргасан ч болно. Яг одоогоор миний хамгийн чухал зорилт бол сургуулиа амжилттай төгсөх. Төгсөх дамжааны оюутан болохоор хичээлээ түрүүнд тавих бодолтой байна. Тухайн цаг үеэс шалтгаалан амьдралдаа нэгт тавих зүйл минь өөрчлөгдөж байдаг. Заримдаа өөртөө цаг гаргаж, амралтаа чухалчлах шаардлага гарна.

САНАЛ БОЛГОХ