"Chow Tai Fook"-ийн ашиг 46 хувиар буурав

Мөнгө ба бизнес

Дэлхийн үнэт эдлэлийн хамгийн том сүлжээ болох “Chow Tai Fook” группийн жилийн ашиг 46 хувиар буурсан байна. Хонгконг, Макао дахь эрэлт саарсантай зэрэгцэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларч байгаа нь тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад сөргөөр нөлөөлөх болжээ.

Гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн санхүүгийн жилд “Chow Tai Fook”-ийн цэвэр ашиг 2.94 тэрбум хонгконг доллар буюу 379 сая ам.доллар хүртэл унасан үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ нь шинжээчдийн таамгаас 250 сая хонгконг доллараар дутсан үзүүлэлт болж байна. Энэ хугацаанд тус компанийн борлуулалт 12 хувиар багасаж, 56.6 тэрбум хонгконг доллар буюу 729 сая ам.доллар болсон байна. “Chow Tai Fook”-ийн орлогын хэмжээ буурсан нь Хонгконг, Макаод ирэх жуулчдын тоо буурсантай холбоотой аж. Ялангуяа ам.долларын ханш чангарч байгаа нь жуулчдын аялах чиглэлийг өөрчилж байна гэж тус компаниас мэдээллээ.

Энэ оны эхний дөрвөн сард Хонгконгт ирсэн нийт жуулчдын 70 хувийг хятадууд эзэлж байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурсан үзүүлэлт болсон талаар Хонгконгийн Аялал жуулчлалын газраас мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор Хонгконг дахь борлуулалт эхний улиралд 12 хувиар буурч, үнэт эдлэл, цагны борлуулалт ойролцоогоор хоёр дахин унасан байна. Иймд “Chow Tai Fook” үйлдвэрлэлээ бууруулж, ажилчдынхаа тоог цөөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

О.Намуун

Холбоо барих: namuun.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ