Автобусны төлбөрт гар утас ашигладаг болно

ЗГМ: Тодруулга

“Улаанбаатар смарт карт” компанийн тээврийн хэсгийн Ахлах менежер Ц.Түвшинжаргалаас нийтийн тээврийн смарт картын талаар тодрууллаа.

-Смарт картын оронд гар утас ашигладаг болох гэж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр, тооцоог сайжруулах тал дээр “Улаанбаатар смарт карт” компаниас цөөнгүй шинэ ажил хэрэгжүүлэхээр зэхэж байна. Тухайлбал, автобусны төлбөрийн системд үүрэн холбооны буюу гар утасны технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гар утасны сим картанд чип суулгаснаар иргэд заавал “U money” карт ашиглах шаардлагагүй болно. Гар утсаа төхөөрөмжид ойртуулахад төлбөр хийгддэг болно гэсэн үг. Хамгийн эхэнд “Юнител” компанитай хамтарч энэ ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр иргэд ашиглаж буй дугаарынхаа сим картыг нэг удаа солиулах хэрэгтэй. Түүнчлэн, гар утас нь NFC программыг дэмждэг байх ёстой юм.

-Хэзээнээс үйлчилгээнд нэвтрүүлэх вэ?

-2017 он гарахаас өмнө үйлчилгээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Оны дараа смарт карттай холбоотой олон шинэ боломжийг бий болгохоор төлөвлөсөн. Тухайлбал, иргэд заавал карт цэнэглэх цэг хайлгүйгээр онлайнаар төлбөрөө төлөх боломжтой болно. Мөн банкны картыг автобусанд уншуулах, такси үйлчилгээнд карт унших төхөөрөмж суурилуулах ажлуудыг судалж эхлээд байна.

-Зарим автобусны карт унших төхөөрөмж эвдэрсэн харагддаг. Төхөөрөмжийг ямар хугацаанд засдаг вэ?

-Тоног, төхөөрөмжийн засвар үйлчилгээг манай туслан гүйцэтгэгч “Зевс” компани хариуцдаг. Тус компанийн инженерүүд долоо хоногт төхөөрөмж эвдэрсэн гэх 4-5 дуудлагыг шийдвэрлэж байгаа. Эвдэрсэн төхөөрөмжийг дуудлага авснаас хойш хоёр цагийн дотор засах ёстой байдаг. Автобусны жолооч нар уг төхөөрөмжид ямар нэг гэмтэл гарвал инженерүүдэд даруй мэдэгдэж засуулах хэрэгтэй.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэдэн смарт карт ашиглаж байна?

-Манай төсөл хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Иргэд 680 мянга орчим карт ашиглаж байгаа. “Улаанбаатар смарт карт” компаниас нийт 800 мянга орчим карт үйлдвэрлэсэн. Картын нөөцөөс шалтгаалаад хэвлэх захиалга өгдөг.

-Оюутнууд 250 төгрөгөөр зорчдог болно гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ташаа мэдээлэл. Оюутнууд сард 44 удаа автобусаар зорчих эрхтэй байсан. Үүнийг нь 22 болгож бууруулсан. Тодруулбал, өдөрт нэг л удаа үнэгүй зорчих эрхтэй болсон. Оюутнууд ашиглаж буй хөнгөлөлттэй картаа мөнгөөр цэнэглэх боломжтой.

-Оюутны картын сунгалтыг танайх хийж байгаа юу?

-Уг нь их, дээд сургуулийн оюутны картыг нийслэлийн Боловсролын газар, МСҮТ-ийн оюутнуудынхыг нийслэлийн Хөдөлмөрийн газраас олгож, сунгадаг. Хичээлийн шинэ жилийн үеэр ачаалал их байгаа учраас их, дээд сургуулийн оюутнуудын картыг манайх сунгаж байгаа.


САНАЛ БОЛГОХ