Ц.Мишээл: Аав миний менежер болно

Ярилцлага

Mongoloo kids болон United colors of benetton сэтгүүлийн нүүр царай

Зургаахан настай загвар өмсөгчтэй уулзлаа. Толгойн гоёлоос өгсүүлээд өмссөн зүүсэн нь ганган гэж жигтэйхэн. Хэл яриа нь хүртэл хэвлүүхэн, цаанаа л нэг донжтой.

Байгаа байдал нь нөгөө “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, “Бөднө шувуу”- ны үлгэрийг уншдаг жаахан охинтой тун төстэй. Загвар өмсөгчийн хэв маяг түүнд хэдийнэ суучихаж. Сав л хийвэл царайгаа тольдох тун дуртай. Чих болон хөлөндөө хамгийн дуртай гэж байгаа. Ц.Мишээл буюу Мишкагийн карьер тун амжилттай яваа. Тэрбээр хүүхдийн хувцасны Mongoloo kids болон United colors of benetton сэтгүүлийн нүүр царай болсон төдийгүй томоохон компанийн зар сурталчилгаанд аль хэдийнэ тогложээ. Энэ мэт ажлын санал Мишкад олон ирдэг гэсэн. Гэхдээ хөлс мөнгө авдаггүй, чихэр боовхонд л “явчихдаг” гэж ээж нь өхөөрдөн хуучилсан юм.

-Мишээл энэ жил сургуульд орсон уу. Эрдэм ном сурах ямар байна?

-Гоё байна. Зураг будах, бас юм бичих нь гоё. Манай хичээл өдөр ордог. Багш одоохондоо үсэг заагаагүй байгаа. Зүгээр л зураг энэ тэр хийж байгаа. Цэцэрлэгээс арай өөр юм билээ. Гэхдээ цэцэрлэгээс сургуульд явах нь илүү гоё байна.

-Ширээний ард суугаад байхаар хэцүү биш гэж үү?

-Ширээний ард суудаггүй. Би хамгийн урд суудаг шүү дээ.

-Загвар өмсөж, зураг авахуулахаас өөр ямар зүйл хийх дуртай вэ?

-Би зураг зурах, зургаа авахуулах, шүлэг унших, дуу дуулах хоббитой. Даашинз, цамц, өмд өмсөх дуртай. Ягаан, саарал, цайвар, ногоон өнгийн хувцастай.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн больё гэж боддог вэ?

-Загвар өмсөгч болно. Эрэгтэй дүүтэй болсон. Том болоод дүүгээ харж, асармаар байна. Ээж болон гэрийнхэн байхгүй үед дүүтэйгээ гэртээ үлдэнэ. Бас том болоод дуучин болно. Аав миний ажлыг хариуцаж, менежер болно гэсэн.

Мишээл эхэндээ цэрвээд нэг л олигтой ярьж өгөхгүй байв. Тэгэхээр нь жаахан дасгах санаатай шүлэг уншиж өгөхийг хүслээ. Тэгсэн өнөөх ичимхий охин гэнэт алга болж, хэрсүү жаалын дүрд хувиран гараа дээш доош савчуулан,

Нарийн гоё харандаа

Нандин сайхан дэвтэр

Хичээлийн чухал хэрэглэл

Хэзээд бидэнд тустай гэсээр “Харандаа” шүлгээ дуржигнуулав. Гэхдээ “Харандаа” шүлгээсээ илүүтэй “Мартамхай жаал” шүлэг нь Мишкагийн хамгийн сайн уншиж чаддаг шүлэг гээд ахиад нэгийг уншиж өгөхөөр босож зогслоо. Манай хөршийн жаал хүү

Мартамхай гэж бүр дэндүү мартамхай

Айлчин гийчин гэрт нь иртэл

Авдар давс нь дуусчихсан гээд

Ээж нь хүүгээ дэлгүүр гүйлгэтэл

Элсэн чихэр авчирдаг юм байна хэмээн шүлгээ тун чиг гарамгай уншиж дуусгав.

-“Авьяаслаг монголчууд” шоунд орох юмсан гэж бодож байсан уу?

-Тийм. Гэхдээ аав, ээждээ хэлээгүй. Дотроо л тэгж бодсон юм. Дээгий шүүгч гоё ш дээ. Нээрэн тийм. Би дараа жил миссийн тэмцээнд орох гэж байгаа. Ээж намайг дараа жил оруулна гэсэн.

-Аав, ээжийнхээ хэнтэй нь илүү төстэй вэ. Хэнд нь илүү хайртай вэ?

-Дэлдэн чихтэйгээрээ аавтай адилхан. Хоёуланд нь 100 хувь хайртай.

Шүлэг уншсан ч өнөөх л хэвээрээ танихгүй надаас ичээд байлаа. Аав нь хажууд байгаа болохоор ярихгүй байж магад гэж бодсон миний таамаг зөв болж таарав. Мишээлийн аавыг ярилцлага дуустал өөр өрөөнд сууж байхыг хүслээ. Эцэг, эхчүүд үр хүүхдээ жаахан гэж боддог боловч тэдэнд ч бас өөрсдийн гэсэн ертөнц, ээж, аавынхаа дэргэд ярьж боломгүй нууц байдаг гэдгийг энэ үеэр ойлгосон юм. Харамсалтай нь, Мишээлийн ээж, аав нь тус тусын амьдралаа хөөсөн. Жаахнаасаа ажил амьдралын зах зухаас амсаж байгаа түүний яриа хэрсүү, мэдээж бас гэнэн цагаахан байлаа.

-Миний дүү аав, ээжийнхээ хэнтэй нь амьдардаг вэ. Танайх хаана байдаг вэ?

-Ээж, ааваас салсан болохоор бид тусдаа амьдардаг. Би ээж, аав хоёртой хоёулантай нь ээлжилж цуг байдаг. Бүгд л тус тусдаа амьдардаг. Уг нь аав, ээжтэйгээ хамт амьдарвал гоё. Ээжийнд очихдоо би ганцаараа унтаж чаддаг. Даанч ханиад хүрсэн болохоор одоохондоо ээж дээрээ очихгүй байгаа. Манайх Нисэхэд байдаг. Ээж нэг тоглоом тоглож хожоод тэр байранд орсон байхгүй юу. (Буянт-Ухаа 2 орон сууцны түрээсийн байр). Харин аав ах, эгчтэйгээ Баянхошуунд байдаг.

Би том болсон учир өөрийгөө тэжээж чадна. Будаатай хуурга хийдэг шүү дээ

-Ээжийнх нь найз ямар хүн байдаг вэ?

-Тэр агаад би жоохон л дунд зэргийн, бас тэр агаа ч гэсэн надад ийм жоохон л сайн. (Эрхий болон долоовор хуруугаа хавчив). Ээж болохоор бүүр том сайн.

-Тэгвэл аав нь найзтай болов уу?

-Байгаа ш дээ.

-Хааяа ээжийгээ дүүгээсээ харамламаар санагдаж байна уу?

-Харамлахгүй байгаа. Би том болсон учир өөрийгөө тэжээж чадна. Хоол цайгаа хийж чадна. Будаатай хуурга хийдэг шүү дээ.

-Чи тэгээд гоё хувцас өмсөж зургаа авахуулахдаа яадаг вэ. Ингэж зогс гэж хүмүүс нь заагаад өгчихдөг үү?

-Аав намайг инээлгэдэг юм. Тэгэхээр нь инээж байгаад зургаа авахуулдаг.

-Хүмүүс чамд өмсүүлсэн гоё хувцаснуудаасаа өгч байна уу?

-Заримдаа л өгдөг. Гэхдээ бараг өгдөггүй ш дээ. Mongoloo kids-ийн хувцас л хэд байгаа. Энэ өмссөнийг чинь сая ирэхдээ Mongoloo kids-ээс өмсөөд ирсэн байхгүй юу. Эргэж очоод тайлна.

САНАЛ БОЛГОХ