Хот хоорондын зорчигч тээврийн автобусны туулах хугацаа буурчээ

Мэдээ

Улсын нийт автозамын урт нэмэгдсэнээр авто тээврийн туулах хугацаа эрс буураад байна. Тухайлбал нийтийн тээврийн автобус Улаанбаатараас Дорнод ороход туулах хугацаа 14-15 цаг байсан бол одоо 10-12 цаг болж буураад байгаа талаар Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ. Тавдугаар сарын байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 46 аж ахуйн нэгж, байгууллага, 69 чиглэлд 785 тээврийн хэрэгслээр хийж байна. Тиймээс авто вокзал буюу зорчигч үйлчилгээний төвүүдийн шинэчлэлийг нэн даруй хийж, үйлчилгээний төвүүдийг сайжруулах шаардлага тулгарч байгаа ажээ.

Одоогоор зуны улирал эхэлснээр зорчигч тээвэр 20-30 хувиар нэмэгдэж, зүүн аймгуудын чиглэлд гарах нийтийн тээврийг зохицуулдаг Баянзүрх зорчигч үйлчилгээний төвөөр өдөртөө 600-1000 хүн үйлчлүүлэх болжээ. Онлайнаар тасалбар худалдах үйлчилгээг зорчигч үйлчилгээний төвүүдэд 2015 оны зургадугаар сард нэвтрүүлснээс хойш 500 гаруй хүн цахимаар тасалбар худалдан авсан байна. Харин хот хоорондын тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг замд гарахаас нь өмнө эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас гадна тээврийн хэрэгслийг GPS төхөөрөмжөөр хянан хурдны хязгаарлалт, аюулгүй байдлыг хангаж байна.

Зам, тээврийн яамны мэдээлснээр нийт 859 тээврийн хэрэгсэлд GPS суурилуулснаас 206 такси, 633 том оврын автобусны зөвшөөрөгдсөн хурдны хязгаарлалт болох таксины 80 км/цаг, автобусны 70 км/цагийн хязгаарлалтыг хянах боломжтой болжээ.

М.Дэлгэрмаа

Холбоо барих: delgermaa.m@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ