Үр өгөөжтэй төсөл бичихэд туршлага чухал

Ярилцлага

Төслийн сайн менежмент хөрөнгө оруулагчдыг татна

Эдийн засаг тэлэхийн хэрээр Монголд маш олон төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү эрэлт хэрэгцээний дагуу төслийн чадварлаг менежерүүд бэлтгэх шаардлагатай болсон.

Эдгээр мэргэжилтнийг олон улсын Төслийн удирдлагын институт буюу PMI бэлтгээд хоёр жилийг үджээ. Дэлхийн 190 оронд 270 салбартай энэхүү байгууллага Монголд төслийн менежментийн сургалт явуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтад бэлтгэдэг юм.

Үүнээс гадна олон улсын төслийн чадварлаг менежерүүд оролцдог бага хурлыг аравдугаар сарын 7-нд гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн бага хурал “Төслийн удирдлагын шилдэг туршлага” сэдвээр болж, АНУ, БНСУ, Япон, Хонконг, Сингапур болон Монголын салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн тэргүүн, компаниудын захирал нарын 36 хүн илтгэл тавив.

Бид Монголын төслийн менежментийн хөгжлийн талаар “Пи Эм Ай Монголиай Чаптер” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Марк Тассетай цөөн хором ярилцав.

-Төслийн менежментийн гурав дахь удаагийн олон улсын бага хурал боллоо. Өмнөх жилүүдийн хурлаас онцлог зүйл юу байв?
-Бид жил бүр ондоо сэдвээр хурлаа зохион байгуулдаг. Өнгөрсөн жил гэхэд л чадавх бүрдүүлэхэд анхаарсан. Харин энэ удаад төслийн шилдэг туршлагуудыг судалж байна. Мөн өмнө нь дандаа гадаад илтгэгч нар туршлагаа хуваалцдаг байсан бол одоо монгол чадварлаг бизнесмэнүүдийг урьж, тэд төслөө хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн, асуудлыг даван туулсан тухайгаа ярилаа.

Монголд төслийн менежмент богино хугацаанд үсрэнгүй хөгжил хийж чаджээ.
-Төслийн сайн менежерүүдтэй болохын ач тус юу вэ?
-Гаднын хөрөнгө оруулагчид Монголд ирээд аливаа төслийг өөрсдийн орныхтой адилхан байна гэж найддаг. Их зүйл хүлээдэг. Тиймээс бид тэдэнд “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн менежерүүд Монголд бий” гэж хэлэхээр бардам байх хэрэгтэй. Мэргэшсэн менежерүүд хийж байгаа ажлаа мэддэг, хөгжингүй орнуудын жишгээр үр өгөөжтэй төсөл бичдэг, мэргэжлийн нэр томъёогоор нь ярьж эхлэхэд хөрөнгө оруулагчид бодлоо өөрчилж эхэлдэг.

-Зочин илтгэгч нар төсөл удирдан зохион байгуулах арвин туршлагатай гэж ойлгож болох уу?
-”Оюу Толгой”, “Эрдэнэс Монгол”, “Хас Банк” тэргүүтэй томоохон компаниудаас илтгэгч нар оролцож байна. Мөн “Шангри-Ла”-гийн төслийн багт ажилласан хүмүүс ч бий.

-Улс орон бүр эдийн засаг, улс төрийн харилцан адилгүй нөхцөл байдалтай шүү дээ. Гадаадаас оролцож буй илтгэгчид гүйцэтгэсэн төсөл, туршлагаа хуваалцлаа гэхэд Монголын хөрсөнд буух болов уу?
-Төслийг илүү үр өгөөжтэй болгоход үйл явц, бүтэц их чухал л даа. Монголын хүн ам бага учраас нөөц бололцоо ихгүй. Мөн эдийн засаг тийм ч тааламжтай биш, компаниуд асуудалтай байгаа энэ үед хөрөнгө оруулагчид төсөлд илүү шүүмжлэлтэй, няхуур хандах болно. Төслийн 40 хувь нь л цагтаа дуусч, түүнээс ч бага хувь нь төсөвтөө багтаж байна. Энэ нь маш олон төсөл хэрэгжиж чаддаггүй гэсэн үг. Тиймээс туршлагыг яг цав хуулбарлах биш. Үр өгөөжтэй төсөл хэрхэн бичих, түүнийг хэрэгжүүлэх аргачлалыг хүмүүст заах юм. Ингэснээр компаниуд цаашид илүү өрсөлдөөнтэй, үр бүтээлтэй ажиллах боломж бүрдэнэ гэж харж байна.

-Монголд төслийн менежмент хэр хөгжиж байна вэ. Сүүлийн жилүүдэд ахиц гарч байна уу?
-Анх 2014 онд Монголд үүд хаалгаа нээхэд Засгийн газар, "Рио Тинто"-гийн олон төсөл хэрэгжиж байсан. Гэхдээ цаг хугацаандаа амжихгүй, шаардлага хангахгүй байсан тул олон хүн засаж, залруулахад нь тусалсан. Эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан энэ жилийн арга хэмжээнд 300 орчим хүн оролцоно гэсэн хүлээлттэй байтал 400 гаруй хүн ирлээ. Үүнээс харахад, хүмүүс төслийн менежментэд ач холбогдол өгдөг болжээ. Өнгөрсөн жилээс бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ олгож эхэлсэн. Үүнийг Project Management Professional (PMP) гэдэг шалгалтыг өгч байж авдаг. Одоогийн байдлаар 20 гаруй хүн аваад байна.

-Ойрын хэдэн жилд ямар ахиц хүлээж байгаа вэ?
-Бид аль хэдийнэ олон ахиц харж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд төслийн менежментийн сургалтад маань суусан хүмүүс Монголын хамгийн том компаниудад ажилд орж байна. Монголд төслийн менежмент богино хугацаанд үсрэнгүй хөгжил хийж чаджээ. Үүний жишээ болгон “Шангри- Ла”-гийн төслийн багт багтсан, “Gravity” компанийн захирал Б.Оюунбилэг “Төслийн багийнхныг цаашид гадаад мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр төслөө гүйцэтгэх боломжтой юм байна гэж үнэлсэн. Бид “Шангри- Ла”-г хийхдээ төслийн нэгдсэн удирдлага, түүний хүрээнд хийдэг удирдлагын 11 төлөвлөгөөг хэрхэн гүйцэтгэх зэргийг сурч авлаа. Монгол мэргэжилтнүүдийн аливааг хурдан сурах чадвар зэрэг нь гайхагдсан” гэв.
САНАЛ БОЛГОХ