Хөдөө аж ахуй, үйлдвэржилт, аялал жуулчлалын салбар улс орныг тэтгэдэг

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Торгоны зам хөтөлбөрт бүртгэлтэй 33 гишүүн орон байна

Сүүлийн жилүүдэд эдийн засаг, мэдээллийн цар хүрээ хурдацтай хөгжиж байна. Хөгжлийн энэ чиг хандлага дагуул хот, түүний эдийн засаг болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү уялдаа холбоотой болж, талууд хотын тогтвортой хөгжилд анхаарч эхэллээ гэдгийг Дэлхийн хотуудын шинжлэх ухаан, хөгжлийн холбооны нарийн бичгийн дарга Дунг Еэ хэлж байна.

Монгол Улсын хувьд хамгийн хурдан хөгжих боломж нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбар гэдгийг тэрбээр мөн онцоллоо. Тус холбоо энэ сарын 13-15-нд “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү хурлын талаар болон хотын тогтвортой хөгжил, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын сэдвийн хүрээнд Дунг Еэтэй ярилцлаа.


-Танайх ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ. Энэ талаараа танилцуулахгүй юу?
-Дэлхийн хотуудын шинжлэх ухаан хөгжлийн холбоо (WCSDA) 2009 онд АНУ-д байгуулагдсан олон улсын төрийн бус байгууллага юм. Манай холбоо бүх түвшинд глобалчлалын асуудлыг шийдэх, хотын тогтвортой хөгжилд тус нэмэр үзүүлж, дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй гамшиг, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, хот суурин газар амьдрах таатай нөхцөл бий болгох зорилготой төрийн бус байгууллага. Тиймдээ ч манай холбоонд олон мянган хотууд элсэн орсон байдаг. Учир нь, бид нийгмийн бүхий л салбарт хүрч ажиллахыг хичээдэг. Түүнчлэн манайх улс үндэстэн болон намын харьяалалгүй байх зарчим баримталдаг. Тиймдээ ч дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийг эрчимжүүлэх чиглэл баримтлан, бүс нутгийн болон олон улсын форум зохион байгуулах хэлбэрээр өөрсдийн хувь нэмрээ оруулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улс болон хотын аль нэг тулгамдаж буй салбарт түлхэц үзүүлэхийг эрмэлздэг.

Нүүдлийн аялал жуулчлал гэсэн нэрийг дагуулах нь бидний гол зорилго
-Байгуулагдаад долоон жил болжээ. Энэ хугацаанд маш олон ажил хийж хэрэгжүүлсэн байх?
-Манай байгууллага анхны форум хурлаа Бээжин хотод НҮБ-ын гамшигтай тэмцэх хороотой /UNISDR/ хотын тогтвортой хөгжил хэрхэн байх ёстой вэ гэсэн асуултын хариулт, хэрэгжилтийг хангах зорилгоор анхны форумыг 2009 онд зохион байгуулж байлаа. Дараагийн хурал Шанхайд болж, энэ хурлаар хот хэрхэн хөгжлийн замд хүрдэг вэ. Олон улсын ах, дүү хотын холбоотой хэрхэн холбогдох, энэ холбоо бусад хотын тогтвортой хөгжилд яаж нөлөөлдөг вэ гэсэн агуулгын хүрээнд хэлэлцсэн. 2011 онд Сычуань мужийн Ченг Ду хотод болсон форумаар гамшгийн дараа хотыг хэрхэн бүтээн байгуулах вэ гэсэн сэдвийн хүрээнд явагдсан.

Тухайн үед Сычуаньд маш хүчтэй газар хөдлөлт болсныг санаж байна уу. Яг энэ байгалийн гамшгийн дараа манай хурал тус хотод зохион байгуулагдсан. Тиймээс тус хурлыг бид НҮБ-ын Гамшигтай тэмцэх хороотой хамтран зохион байгуулсан юм. Мөн 2012 онд Сөүлд олон улсын хотуудын дарга нар гамшиг тохиолдсон үед хэрхэн тэмцэх вэ сэдэвт сургалт семинар зохион байгуулсан. Мөн Египтэд зохион байгуулсан хурлаар залуучуудын нийгмийн хөгжлийн оролцоог хэрхэн идэвхжүүлэх вэ зэрэг сэдвээр болж өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан бүх хурал НҮБ-ын аль нэг байгууллагатай хамтран хийсэн гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.


-Манай улсын хувьд хөгжлийн ямар боломж, бололцоо байна гэж та харж байна вэ?
-Монгол Улс хөгжиж байна. Гэхдээ миний харж буйгаар хөдөө аж ахуй, үйлдвэржилт болон аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч, хөгжүүлэх шаардлагатай болов уу. Би Монгол Улсад гурван жил амьдарлаа. Энэ удаагийн форумын бэлтгэл ажлыг хангахад хоёр жил шаардсан. Танай улсын аж амьдрал, соёл ахуй, зан үйлтэй багагүй хугацаанд танилцаж, дасан зохицож байна. Харин энэ хурлыг бид Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь олон улсад Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах чухал ач холбогдолтой юм. Миний хувьд танай орны хөгжлийн түлхүүр нь хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбар гэж хардаг. Тэр дундаа хурдан хугацаанд хөгжүүлж болохоор нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн асуудлыг бид эхний ээлжинд хөндөж байгаа.

-Аялал жуулчлалын салбарыг ярьж байгаатай холбогдуулан асууя. Дэлхийн аялагчдын дийлэнх хувийг Азийн аялагчид эзэлж байна. Бид энэ салбарыг хөгжүүлж, аялагчдыг татахын тулд өөр ямар ажил хэрэгжүүлбэл үр дүнтэй байх вэ?
-Гаднын аялагчдын хувьд Монгол орны онгон дагшин байгалийн үзэмжийг үзэж харах гэж хүссэн хүний тоо маш их нэмэгдсэн. Гэвч Монголд аялах боломж бүрдүүлэхэд визний асуудал тулгамдаж буй.
Мөн дараагийн нэг чухал асуудал нь үйлчилгээ юм. Байрлах амрах, үзэх харах цогц үйлчилгээг зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээ үгүйлэгдэж байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, дэлхийд алдартай байгалийн үзэсгэлэнтэй газрын нэг бол Ханжоу хот. Тус хотод олон улсын кино зураг авалтын бааз барьчихсан байх жишээтэй. Яг үүн шиг баазыг Монголд бий болговол хөгжилд том түлхэц болно. Яагаад гэвэл Монголыг дэлхий сонирхож байна. Ирсэн жуулчдыг аль болох удаан хугацаатай байлгах аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй болов уу

-Хамгийн гол нь ингээд ярих нэг өөр шүү дээ. Хэрэв санхүүжилт байдаг бол шийдчихэж болох асуудал юм шиг?
-Манай байгууллагын хувьд Монголд олон улсын хэмжээний аялал жуулчлалын үзэсгэлэн, хурал зохион байгуулах соёлыг бий болгоход тус дөхөм үзүүлэхээр ажиллаж байна. Дэлхийд ховордсон нүүдлийн өв соёлоо хадгалж үлдсэн Монгол улсын тухайд энэхүү өвөрмөц соёлыг олон улсад таниулах сурталчлах олон улсын шинж чанартай хурал, форумыг байнга зохион байгуулах хэрэгтэй гэж үздэг.

» Дэлхийн хотуудын шинжлэх ухаан хөгжлийн холбоо (WCSDA) 2009 онд АНУ-д бүртгэлтэй байгуулагдсан.
» Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан бүх хурал НҮБ-ын аль нэг байгууллагатай хамтран хийсэн гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.
» Тэр дундаа хурдан хугацаанд хөгжүүлж болохоор нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн асуудлыг бид эхний ээлжинд хөндөж байгаа.
» Гаднын аялагчдын хувьд Монгол орны онгон дагшин байгалийн үзэмжийг үзэж харах гэж хүссэн хүний тоо маш их нэмэгдсэн.
-“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлын үеэр яригдах гол сэдэв юу байх вэ?
-Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны зам хөтөлбөрт бүртгэлтэй гишүүн 33 орны хүмүүс энэхүү бага хуралд оролцоно. Торгоны зам Ази Европыг холбосон түүхэн зам. Энэ замд Монгол Улсын үүрэг оролцоо маш чухал байсан. Түүнчлэн Торгоны замын улс дотор нүүдлийн аж ахуйгаараа онцгойрч байгаагийн хувьд бусад оронд танигдах учиртай. Энэ удаагийн хурлыг БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж байгаа талаар би дурдсан.
Хурлын хэлэлцэх гол асуудал нь нүүдлийн аялал жуулчлалыг хотын хөгжилтэй хэрхэн холбох вэ ингэхийн тулд нүүдлийн аялал жуулчлалыг олон улсад брэнд болгох вэ зэрэг асуудал болно.

-Дараагийн форумын сэдэв чиглэл тодорхой болсон уу?
Аливаа улс орон бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндсэн асуудалд байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын зэрэг асуудлууд багтдаг магадгүй энэ хүрээнд байх болов уу гэж бодож байна.

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай оронд бусад тив улсаас илүү хүчтэй нөлөөлж байгааг судлаачид тогтоосон. Ялангуяа Монгол Улсын нийслэл Улаанбаатарт дэлхийн дулаарлын нөлөө мэдэгдэхүйц эрчимжсэн талаар яригдах боллоо. Гэхдээ яг ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэх зэрэг нарийн судалгаа алга. Танай байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улстай хамтарч ямар нэг ажил эхлүүлэх төлөвлөгөө байгаа юу. Энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
-Хотуудын тогтвортой хөгжлийн хүрээнд энэ чиглэлээр хамтран ажилладаг олон улсын байгууллагууд байдаг. Бидний хувьд одоохондоо тухайлсан нэг салбарт илүү анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Ер нь энэ асуудалд бид анхаарал хандуулж байгаа. Хэрэв та бүхэн санаачилга гаргавал бидний зүгээс энэ чиглэлээр ажилладаг олон улсын судлаачидтай хамтарч холбогдох ажлыг эхлүүлэхэд болохгүй зүйл байхгүй ээ.

-“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг зохион байгуулах ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа, энэ хурлаар Монголд хэрэгтэй, ашигтай маш олон санал санаачилга гарч, цаашлаад бодит ажил хэрэг болно гэдэгт бид итгэлтэй байна.


САНАЛ БОЛГОХ