Монгол хадны сүг зургаар Евразийн тал нутагт хамгийн баялаг

Ярилцлага

Иж бүрэн хувцастай булш нээнэ гэдэг археологич хүний амьдралд ганц л тохиодог

“Манай салбарын судлаачид нэн завгүй ажиллаж байна. Яагаад гэвэл, археологи бол Монголын шинжлэх ухааны хамгийн хурдтай хөгжиж буй салбар” хэмээн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, түрүү төмрийн үеийн судалгааны хэлтсийн эрхлэгч, доктор Ц.Төрбат хэлж байна. Түүнтэй нүүдэлчдийн соёл, ахуйг баяжуулж буй археологийн сүүлийн үеийн олдворуудын талаар ярилцлаа.

-Сяньбийн үед хамаарах нэн ховор олдвор малтаж гаргасан гэж дуулсан. Энэ талаар яриагаа эхэлье.
-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бургаст гэдэг газраас Сяньбийн үед хамаарах 17 булшийг Францын Байгалийн түүхийн музейн судлаачидтай хамтран малтан гаргасан. Улмаар сэргээн засварлаж, бэхжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Саяхан болтол Монгол нутагт амьдарч байсан эртний төрт улсуудын үед хамаарах археологийн олдворуудаас Сяньбийн үеийнх цагаан толбо хэвээр байсан юм. Түүнчлэн энэхүү булш хөлнөөсөө толгой хүртлээ хувцастай байснаараа маш их үнэ цэнэтэй. Үүнтэй ижилсэх бүтэн хувцас өмсгөл бүхий булш гэвэл Оросын экспедицийн 1920-иод онд Ноён уулнаас малтаж гаргасан Хүннүгийн үед хамаарах олдвор юм. Энэ нь одоо Эрмитажийн музейд хадгалагддаг. Мөн нийтийн тооллын өмнөх 6-2 дугаар зуунд хамаарах Монгол Алтайн мөнх цэвдгийн Пазырыкийн соёлоос бүрэн хувцастай булш гарч байсан. Харин Сяньбийн үеийнх бол өнөөгийн Монгол нутгаас олдож буй иж бүрэн хувцастай гурав дахь булш. Археологич хүний хувьд ийм үнэ цэнэтэй дурсгал нээнэ гэдэг амьдралд нь бараг ганц удаа тохиох явдал. Одоо энэхүү олдворыг сэргээн засах ажлыг Францын хөрөнгө, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй хийх болно.

-Ноён уулд соёлын үнэт өв бий гэдэг утгаараа уул уурхайнхны халдлагаас хамгаалдаг. Сяньбийн булшийг олон зууны турш хамгаалж байсан тэрхүү газар янз бүрийн халдлагад өртөхгүй гэсэн баталгаа байна уу?
-Монголын газар шороон дээр байгаа эртний өв соёлууд маш баялаг. Энэ үнэт өвөө бид хамгаалах ёстой. Дээр дурдсан Бургастын бүрэн хувцас, өмсгөлтэй булшнууд бол маш жижиг, мэргэжлийн бус хүний нүдэнд өртөхөөргүй зүйл. Гэтэл тэндээс гарсан эд зүйлс шинжлэх ухааны ямар их үнэ цэнэтэй болохыг үнэлж баршгүй. Тиймээс том жижиг, язгууртан ихэс ба жирийн ардынх гэж ялган үзэж археологийн дурсгалын ач холбогдлыг ангилах боломжгүй. Бүгд л үнэ цэнэтэй. Гэхдээ Ноён уул бол онцгой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчуудын өвөг дээдэс гэж үздэг Хүннү гүрний язгууртнуудын оршуулгын газар тэнд байсан. Дээр үеэс судалж байсан, баялаг хэрэглэгдэхүүнтэй тул онцгойлон хайрлаж хамгаалдаг. Манай археологичид хөөцөлдөж байж Засгийн газраас Ноён уулыг хамгаалалтад авах тогтоол гаргаж байсан. Булш тархсан газар бол бүрэн хамгаалалттай.

Түрэгийн хаант улсын үеийн жинхэнэ алтан зооснууд Монголоос олдсон

-Есдүгээр сард гурван улсын археологичид чуулсан. Хил дамнуулан судлах судалгааны ажлууд Монголын түүхтэй хэрхэн холбогдож байна вэ?

-Оросын археологийн эрдэмтдийн судалгаа манай улсын баруун хойд зах, цаашаа Тува, Хакаст голлон хийгдэж байна. Чуулганд ч гэсэн энэ бүс нутгийн гол судлаачид ирсэн. Монголын нутгаас хүрлийн түрүү үеийн археологийн дурсгал бараг олдоогүй. Тэдний судалгаа Хэмцэгийн соёлыг илрүүлэн судалж байгаагаараа манайхтай шууд нийцдэг. Хэмцэгийн үеийн соёл бол одоогоос 4600- 4000 жилийн тэртээ баруун зүгээс нүүдэллэн ирсэн байх боломжтой эртний соёл юм. Энэ соёлын гарал үүсэл нь Хар болон Каспийн тэнгисийн хойд хэсэгт орших эртний нүхэн булшны соёлтой тодорхой хэмжээгээр холбогдоно гэдэгт Орос, Монголын судлаачид санал нийлсэн. Нүхэн булшны соёлынхон Алтайд нүүдэллэн ирээд хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь хойшоо Тува, Минусын хотгор Хакас руу явж, нөгөө хэсэг нь Алтайд үлдсэн байгаа юм. Ийнхүү Алтайд хөгжсөн нь Хэмцэгийн, Өмнөд Сибирьт хөгжсөнийг Окуневын соёл гэж нэрлэсэн байдаг.

Энэ жилийн гурван улсын археологичдын форумын шинжлэх ухааны нэгэн ач холбогдол нь энэ хоёр соёл нэг гарал үүсэлтэй гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн мал аж ахуй бүрэлдсэн зангилаа үе болох Хүрлийн үеийн судалгаанд томоохон шат ахисан. Ингэснээр энэ үеийн хамгийн эртний соёлын гарал үүслийн талаар олон улсын эрдэмтэд харилцан хүлээн зөвшөөрлөө.

-Рашид Аддины “Судрын чуулган” зэрэг сурвалжуудад Монголын эзэнт гүрний үед ихэс дээдэс тансаг, хээнцэр байсан мэтээр өгүүлдэг. Энэ бүхэн археологийн олдворуудаар хэр зэрэг баталгааждаг вэ?

-Ер нь тэр үед жирийн ард иргэд нэлээн даруухан байсан гэж ойлгож болно. Энэ нь нүүдэлчдийн аж төрөх ёстой холбоотой. Нүүдэллэн амьдардаг хэв маягтаа зохицон энгийн, цомхон амьдардаг байсан. Гэхдээ язгууртан, дээдсийн булш өөр. Тухайлбал, 2005 онд профессор Д.Наваан гуайн илрүүлэн малтсан Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгой гэдэг газраас маш баялаг хэрэглэгдэхүүн гарсан. 2010 онд миний удирдсан судалгааны ангийн үргэлжлүүлэн малтсан гурван булш ч мөн адил. Олдворуудыг Франц улсад сэргээн засварлуулсан. Олдворын унаган орчин өөрчлөгдөж, агаарт гарч ирснээр олдвор маш амархан үгүй болдог. Бэхжүүлсний дараа сэргээн засварлалт хийдэг. Ингэж бэхжүүлж, сэргээн засварлахгүй бол бид өвөг дээдсийнхээ үнэтэй олдворыг ухаж гаргах ямар ч шаардлага байхгүй. Сөнөөх гэж гаргаж ирээгүй нь лав. Тиймээс малтлагын дараах энэ үйл явцад онцгой анхаарах хэрэгтэй.

-Археологийн дурсгалуудыг монголчууд өөрсдөө сэргээн засварлах боломж хэр байдаг вэ?

-Соёлын өвийн төвд бараг бүх төрлийн олдворын сэргээн засварлалт хийж байгаа. Гэхдээ уг төв орон нутгийн болон үндэсний хэмжээний томоохон музейн сэргээн засварлалтыг хариуцдаг цорын ганц байгууллага. Тиймээс ачаалал маш их. Мөн манай хүрээлэн металл эдлэл сэргээн засварлаж эхэлсэн. Сэргээн засварлах бидний боломж нөөц иймэрхүү л байна.

-Зоосон мөнгөний эд өлгийн олдвороор Монгол нэлээн баялаг. Эдгээр олдвороос одоогоор он цагийн хувьд хамгийн эртнийх нь хэдий үед хамаарч байгаа вэ?

-Хамгийн эртнийх нь Хүннүгийн булшнаас илэрсэн Хань улсын у-шу хэмээх зооснууд. Археологийн даршнуудаас мөн ийм зоос их илэрдэг. Дарш гэдэг нь тухайн үед хүмүүс үнэ цэнэтэй гэж үзсэн зүйлсээ газарт нуун дарагдуулсан зүйл юм. Санамсаргүй тохиолдлоор олноор илэрсэн. Хэдэн жилийн өмнө Өгий нуур орчмоос илэрсэн у-шу зоосны даршийн ихэнх нь Хар Хорины музейд хадгалагдаж байгаа. Миний удирдаж байгаа төслийн 2015 онд хийсэн малтлагаар Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошууны хүннү булшнаас НТӨ 5-4 дүгээр зууны Иран буюу Сасанидын хаант улсын үеийн зооснууд илэрсэн. Манайхаас өмнө нь илэрч байгаагүй ховор зооснууд гарч ирсэн нь их сонирхолтой байсан.

Мөн Нүүдлийн соёл иргэншил судлалын олон улсын хүрээлэнгийн А.Очир багшийн хийсэн малтлагаар Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбаас их хэмжээний алтан зооснууд гарч ирсэн. Тэдгээр нь Түрэгийн хаант улсын буюу нийтийн тооллын 7-8 дугаар зуунд хамаарах Византын зооснууд юм. Зарим нь жинхэнэ алт, нөгөө хэсэг нь Дундад Азид дуурайлгаж хийсэн зооснууд байсан. Гэхдээ таваар мөнгөний бус гоёл чимэглэлийн зориулалттай байсан гэж үзсэн.

-Монголын эзэнт гүрэн болон ер нь монголчуудын соёл ахуйтай холбоотой археологийн дурсгалууд газар нутгийн хувьд цаад хязгаар хаана бүртгэгдсэн бэ? -Евразийн хуурай газрын ихэнх хэсгийг монголчууд түүхэн тодорхой хугацаанд эзэлж байсан нь үнэн. Тиймээс Евразийн түүх өөрөө Монголын түүх болдог. Монголын түүхтэй холбоотой дурсгалууд бага Ази буюу Турк, Украйн, Хятад, Зүүн Өмнөд Азид хүртэл тэмдэглэгдсэн байна. Дундад Ази бол тэр чигтээ манай түүхтэй холбоотой. Монголын түүх, археологийн судалгаа ч одоогийн улс төрийн хил хязгаараас тэлж Евразийн хүрээнд судлах цаг ирсэн. Гэвч энэ бүхэн бидний сэтгэлгээний өөрчлөлт, хөрөнгө санхүүжилтээс шалтгаална.

Дотооддоо хийж буй археологийн судалгааг өөрсдөө бүрэн санхүүжүүлж чадахгүй, гадаадын санхүүжилт, хамтарсан төслийн тусламжтай явуулж байна. Алс хол биш юмаа гэхэд хил залгаа нутгуудад хамтарсан судалгаа хийх цаг ирсэн. Оросын археологичид Алтан ордны улсын үеийн нийслэл хотуудыг хамтран судлах санал ирсэн. Энэ тал дээр төлөвлөсөн ажил тус хүрээлэнд бий.

» Манай хүрлийн хамгийн эртний соёлын гарал үүслийн талаар олон улсын эрдэмтэд харилцан санал нэгдсэн.

» Мин улсын Юнлэ хаан дайлж явах замдаа Дарьгангын Наран суманд өөрөө зохиосон бичээсээ бичүүлж үлдээсэн түүхтэй.

» Том жижиг, язгууртан ихэс ба жирийн ардынх гэж ялган үзэж археологийн дурсгалын ач холбогдлыг ангилах боломжгүй.

-Монголын хил дотор хөрш зэргэлдээ орнуудын археологийн дурсгал хэр зэрэг их байдаг вэ?

-Бага сага дурсгал бий. Миний мэдэхээр Тан, Мин улсын үед бичигдсэн наад зах нь 10 орчим хятад бичээс энд тэнд бий. Тухайлбал, Мин улсын Юнлэ хаан дайлж явах замдаа Дарьгангын Наран суманд өөрөө зохиосон бичээсээ бичүүлж үлдээсэн түүхтэй. Манжийн Энх-Амгалан хааны бичээс мөн байдаг. Монголчууд улс төрийн хувьд ноёлж байсан Их Монгол, Их Юань улсын үед Хархоринд хятад урчуудыг олноор нь боолчилж, ажиллуулж байсны ул мөр бий. Мөн исламын шашинтнуудыг олноор нь, хүчээр авчирч байсныг гэрчлэх бүхэл бүтэн оршуулгын газар эртний нийслэлд байгаа шүү дээ. Үүнийг манай эрдэмтэд судалж байгаа.

-Монголын археологийн тэргүүлэх чиглэл нь хадны сүг зураг. Энэ чиглэлд сүүлийн үед урагштай ямар ажил хийж байгаа вэ?

-Саяхныг хүртэл бид хадны 200 сүг зурагны дурсгалын талаар ярьж байсан бол одоо 500 орчим болсон. Монголчуудын эртний соёл иргэншлийг төлөөлөх чанартай маш том бэлгэдэл бол хадны сүг зураг. Учир нь Монголоос ЮНЕСКО-д соёлын хоёр дурсгал бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Бурхан халдунд бүртгэгдсэн ч археологийн тодорхой контексттэй орсон нь Орхоны хөндий, Монгол Алтайн хадны сүг зураг хоёр юм. Энэ дурсгал нь нүүдэлчдийн соёл иргэншил, мал аж ахуйг зургаар илэрхийлсэн гайхамшигт дурсгал. ЮНЕСКО- гийн өвд бүртгүүлснийхээ үүрэг хариуцлага болгож уг дурсгалыг хамгаалах, судалгааны эргэлтэд оруулж, олон нийтэд хүргэх учиртай. Наад зах нь хамгаалалтын захиргаа, цаашилбал судалгааны нэгж байх ёстой. Гэтэл өнөөг хүртэл малчид хашаа хороо барьж, чулууг нь сэтэлж, нэр усаа сийлэх явдал байж л байна.

Бид ЮНЕСКО-д хүлээсэн үүргээ муу биелүүлснээс соёлын өв үнэ цэнээ алдвал буцаах хүртэл асуудал гарахыг үгүйсгэхгүй. Мөн сүүлийн үед илэрсэн маш чухал дурсгалуудыг хамгаалах, олон нийтэд хүргэх шаардлагатай байна. Тэдгээрийг хамгаалах хүрээлэн ч атугай байгуулж яагаад болохгүй гэж. Евразийн тал нутаг буюу Номхон далайгаас Унгар хүртэлх газар нутагт хадны сүг зургийн дурсгалаараа Монгол хамгийн баялаг. Тиймээс түүхийн ховор дурсгалдаа онцгойлон анхаарах хэрэгтэй.

-ЮНЕКСО-гийн өвд өөр ямар дурсгалыг бүртгүүлэхээр ажиллаж байгаа вэ? -Хүннүгийн хаадын булш гээд хэд хэдэн дурсгал бий. Ер нь ЮНЕСКО-д өв бүртгүүлэх ажилд нэлээн амжилттай яваа.

-Гадаад орнуудад хадны сүг зургийг хэрхэн хамгаалдаг юм бэ?

- Казахстанчууд Тамгалы сүг зургийн дурсгалыг нэлээн сайн хамгаалсан байдаг. Дурсгал хүртэл 80 км хар зам тавьсан. Ингэснээр олон нийтэд нээлттэй болж тэр хэрээр хамгаалалтын асуудлаа шийддэг. Мөн дэргэдээ хамгаалалтын захиргаатай, хадны сүг зураг хамгийн их бөөгнөрсөн газрыг хашаалж, заах тэмдэг, үзүүлэн таниулах материалуудыг тавьж өгсөн. Сурталчилгааны материалуудыг энгийн хүмүүст зориулснаас эхлээд мэргэжлийнхэнд тааруулан бүхий л түвшинд боловсруулж, цогц байдлаар хэвлэн шийдэж өгсөн байна.


САНАЛ БОЛГОХ