Эх орны эдийн засагт хэрэгтэй байж болох мэдээлэл

Судлаачийн үг

Зовлогоо зовоохгүй аж төрөх сонгодог аргыг монголчууд сэдэж болмоор

Сан хөмрөг бүрдүүлдэг механизмынх нь шинж төрхөөр “Эдийн засаг” хэмээх энэ том ойлголтыг “Мэдлэгт суурилсан”, “Байгалийн баялагт суурилсан”, “Ашигт малтмал, олборлолт түшиглэсэн”, “Мал аж ахуйгаар суурилсан”, “Дэд бүтэц-зам тээврээр суурилсан”, “Yйлчилгээний аж үйлдвэр” гээд олон янзаар ангилж болно. Энд би эхнийх буюу “Мэдлэгт суурилсан” гэдэгт нэн их ач холбогдол өгч сурталдаж байгаа. Харин сурталдмааргүй зүйлийг энд өгүүлье. Гадаадын уул уурхайн компаниудтай хамтран ажиллах нь улам бүр хэцүү болж байгааг ирж буй шинэ эрсдэл хэмээн нэрлэе гэж агуулгыг нь тодотгоё.

МАНИАС ГАДУУР МАНИЙ ХУВЬ ЗАЯА ШИЙДЭГДДЭГ

Австралид төвтэй BHP Billiton хэмээх уул уурхайн том компани Монголд үйл ажиллагаа явуулж байв. Тэр компани монголчуудад танил болоод буй Rio Tinto компанийг 150 тэрбум ам.доллараар худалдан авах санал хэдэн жилийн өмнө тавьж байсан санагдана. Саналд нь Rio Tinto ч татгалзсан хариу өгсөн. BHP Billiton нь Rio Tinto-гийн тухайн үеийн байдал, хөрөнгө, ирээдүйг хэт доогуур үнэллээ гэх гомдол гарч байсныг бид олж үзсэн дээ. BHP Billiton-ноос дараах үндэслэлийг тавьж байжээ. Yүнд, уул уурхайн энэ хоёр лут компани нийлснээр нийт 350 тэрбум ам.долларын эргэлттэй дэлхийд монополь компани болж, дэлхийн нүүрс, ган, төмрийн болон зэсийн нөөцийн бараг гуравны нэгийг атгана, монополь компани болвол ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөх боломжтой, менежмент, маркетинг, зар сурталчилгаа гээд зардлын хэмнэлт хэдэн тэрбумаар тоологдоно. Мөн нийлж ажилласны ашигт бараг 30 тэрбум ам.долларыг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах боломжтой, нэг улсад хоёр компанийн төлөөлөгчийн газрууд зэрэгцэн ажиллаж, ашигт малтмалын нөөцүүд нь нэг газарт төвлөрч хамтарч олборлодог, аль аль нь Австралид төвтэй, Их Британид бүртгэлтэй, Нью- Йорк болон Лондонгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг гэхчлэн.

Гол нь дэлхий даяар ашигт малтмалын хэрэглээ эрс нэмэгдэж, эрэлт өссөн ч, эрэлт унасан ч ашигт малтмалын компаниуд чангарах, нэгдэж нийлэх, монополь тогтоох нь гарцаагүй гэсэн санаа энд давамгайлж байв.

Энд би гаднын хоёр компанийн тухай бичиж буй боловч энэ том акулууд манайд ажилладаг байв, хойшид ч ажиллана. Эдний дэргэд бид хэн билээ, маньд огт хамааралгүйгэээр ажиллаж байна шүү, чангарах, монополь тогтоох нь харин маньд шууд хамаатай шүү гэдгийн сануулга, дохио гэж авч үзмээр санагдаж байв. Тээр жил Ерөнхийлөгч П.Очирбат энгэрээ мялаагаад байсан Соко-гийн газрын тос хаашаа орсон бэ, Америкчууд ухаж үзээд ашиггүй гэмэгцээ өмнөд хөршийн компанид зарчихаад арилаад өгсөн, ганц уурхай аврал биш гэдгийн бас нэг сануулга дохио энэ дээ.


АВСТРАЛИ ШИГ БАЙ Л ДАА
Хүн төрөлхтний 6000 жилийн түүх бичлэгийг судалж үзвэл бүх түүхийнхээ туршид тэд уул уурхайтай зууралдаад байсангүй. Алтны эрэлчид XVIII, XIX зуунд Америк тивийг бүхэлд нь самнасан ба хожсон, баяжсан гэхээсээ аз сорьсон, амиа дэнсэлсэн түүхээр дүүрэн.

Хүн төрөлхтний 6000 жилийн түүх бичлэгийг сайтар маажиж үзвэл тэд харин бүх түүхийнхээ туршид мал ба газартайгаа ажиллаж иржээ. Харин мал, газар нь асар их ашиг өгч, хөдөлмөрт сургасан байх юм. Аливаа улс орон хөгжин дэвжих эхний хөрс нь мал ба тариалан, хүнс тэжээлийн үйлдвэрлэл байж ирсэн ертөнцийн тэр жам манай улсад одоо ч хамаатай. Тэр тусмаа манайх шиг ийм их (хүн амд нь хуваагаад) газар нутагтай улсад алт, орд, уурхай гэхээсээ илүү хүнсний өргөн үйлдвэрлэл, хүнсний экспорт голлож, тэр нь эдийн засгийнхаа талаас илүүг бүрдүүлж харин уул уурхай нь 10 орчим хувьд байх нь зөв зохицол, зохистой харьцаа нь юм байна.

Yүнийг Австралиас жишээлж болно. Эхлээд хөдөө аж ахуйгаа, дараа нь бусдыгаа (тэр ч бүү хэл, төгсгөлд нь уул уурхайгаа) гэдэг зарчмаар тэд 200 сая дээр барьж байдаг хонио үржүүлж байна. Тэнд уул уурхайн олборлох үйлдвэр нь ДНБ-ийнхээ тав гаруйхан хувийг бүрдүүлдэг ба энэ тоо бол уул уурхай аврал нь биш гэдгийн энгийн нотолгоо. Энэ таван хувь бол Австрали нь байгалийн баялаггүй гэдгийн үзүүлэлт бүр ч биш. Тэнд чулуун нүүрс, уран, төмрийн хүдэр, марганц, алмааз, мөнгө, цайр (зарим нь дэлхийд бүр эхний байрт гээч) гээд тоочиж болох ба гол нь бүгдийг нь ухаж олборлодоггүй юм байна. Гэтэл хаанаас баяждаг хэрэг вэ? Дэлхий дээрх хонины ноосны гуравны нэг гаруйг дангаараа үйлдвэрлэдэг, үр тариа, махны үйлдвэрлэл нь мөн л дэлхий эхний байруудад дотор гээд манайтай харьцуулах зүйл зөндөө байна. Монголын мал сүрэг маань 60 саяыг давлаа шүү дээ. Одоо австраличуудаас суралцах цаг болсон юм биш үү гэж би хэлж байгаа хэрэг л дээ.

Гэхдээ энд бас “но” байна аа. Хөдөө аж ахуй, загасны ба ойн аж ахуй нь нийлээд нийлээд ДНБ-ийнхээ гуравхан хувь болдог гэхээр манайханд нэн ойлгомжгүй л дээ. Уул уурхай нь таван хувь, магтаад байсан нийт хөдөө аж ахуй нь ой, загастайгаа нийлээд гурванхан хувь юм бол үлдэх нь хаанаас бүрддэг хэрэг вэ? Энд миний улиг болтол бичээд байдаг мэдлэгт суурилсан эдийн засаг, бирж, банкны үйлчилгээнд суурилсан салбарууд, ерөнхийлбөл үйлчилгээний аж үйлдвэр нь 71 хувь (бөөний ба жижиглэнгийн худалдаа 11 хувь, үл хөдлөх хөрөнгийн арилжаа 10 хувь, дээр нь 278 нисэх онгоцны буудал, 55 банк, тэдгээрийн 5000 салбарын үйлчилгээ гэх мэт), барилга, аж үйлдвэр нь 26 хувь болж, нийлүүлээд үзэхээр ДНБ-ийх нь 100 хувь тал талаасаа бүрдэж байна.

УУЛ УУРХАЙ
Ингэхэд уул уурхай, ашигт малтмал, орд гэдэг ойлголт манай улсын хувьд цоо шинэ юм биш л дээ. Эрдэнэт, Шарын гол, Налайх, Багануур гээд социалист аж үйлдвэржилтийн сүрлэг бүтээн байгуулалтууд бэлхнээ байж байна. Эх орны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өнөөдөр дэнслэх гээгүй. Гэвч ерөнхий утгаараа эдгээр “Уул уурхай” нь Монгол орныг овойлгож оцойтол баяжуулсангүй, бүх хүн ардад нэгэн зэрэг ач буянаа өгөөгүй, өгөх ч боломжгүй.

Тэртээ, 1970-аад оны дунд үед намайг МУИС-д суралцаж байх үед намын түүхийн Загд багш маань ийм нэгэн зүйл ярьсан нь санаанаас ердөө гардаггүй юм. “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна” хэмээх дуу цуурайтаж, нээлт нь болж байсан үед намын түүхийн хичээл орж таарлаа л даа. Эрдэнэт ашиглалтад орсноор дэлхийд, Азид тэргүүлэх томоохон үйлдвэр нээгдэж, манай улсын эдийн засаг бэхжиж, ард түмний амьдрал эрс сайжирч, тэр ч бүү хэл, оюутан та нарын тэтгэлэг хүртэл нэмэгдэнэ гэж Загд багш маань бахархан ярьж байв.

Тэр ярианаас хойш лав 30 гаруй жил өнгөрсөн. Монголчууд овойж оцойгоогүй байна. Эрдэнэтийн өөрийнх нь ажилчдын хөлжиж баяжсаныг үгүйсгэж болохгүй. Гэхдээ л Эрдэнэт тэр чигтээ баячуудын тансаг хот болж чадаагүй. Чадах ч үгүй. Яагаад гэвэл уул уурхай нь ажиллуулсан хэдхэн хүндээ л шууд ач буянаа өгдөг, бусдад бол дам, шууд бус, гэхдээ ихгүйгээр өгдөг дэлхийн хөгжлийн жам байдаг юм байна. Манайд ажиллаж байгаа уул уурхай, ордууд, алтны нинжа нар ингэхэд маньд хамаатай юу? Энэ төрлийн үйлдвэрлэл, бизнесээс хол явдаг лав надад бол огтын хамааралгүй.

Маниас дээгүүр утгаар авч үзвэл, өнөө цагт орд тойрсон улс төрийн элдэв маргаан хэрээс хэтэрч, лиценз олгох, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, гэрээ байгуулах, олборлолтын үйл ажиллагаа явуулах дээр бараг үхэл үү, сэхэл үү гэдэг асуудал тулсан мэт шуугиж байна. Гадаадын уул уурхайн компаниудтай хамтран ажиллах нь улам бүр ээдрээтэй болж, санхүүгийн мэдлэг менежмент илт дутаж, технологийг монголчууд эзэмшиж чадаагүйгээс цааш хэрхэхээ тааварлахад ч бэрх байна. Эцсийн шийдэл нь иргэний элдэв эх оронч хөдөлгөөн болж дуусвал уурхай ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч мэднэ.

Дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ унахгүй гэх баталгаа үгүй тул ганц уурхай аврал биш хэмээн төрөөс зарлаад, эдийн засаг, санхүүгийн өөр нөөц гарц хайх нь гарцаагүй болж байна. Эдүгээ уул уурхайд огт хүртээлгүй, хот хөдөөгөөр нэг сул холхисон, мэргэжилгүй ажилгүй монгол хүн ч дэндүү их байгаа нөхцөлд ганц уурхай юу билээ гэдэгт эрүүл хариулт хайх хэрэгтэй.

ТОРГОНЫ ШИНЭ ЗАМ
Зовлогоо зовоохгүй аж төрөх нэг сонгодог аргыг монголчууд сэдэж болмоор. Сэдэх ч юу байхав, түүхээс сэргээж гэе л дээ. Хятадаас Төв Ази, Европ, Баруун Ази руу, эргээд Хятад руу хийж байсан худалдааны замын аюулгүй байдлыг хангах замаар монголчууд татвар авч, түүнийхээ ашгаар амьдарч байсан эртний түүхэн баримтыг би энд эргүүлж сануулмаар санагдлаа. Бас нэгэн баримт. Бүр сүүлд шүү дээ, Хиагт, Хаалганы хооронд худалдаа арилжааны гол сүлжээ нь манай Монгол байж, нутаг дээгүүрээ тэмээн жингээр хамаг ачааг нь нааш цааш гаргаж ашиг хүртэж байсан тухай ном зохиол, кино хүртэл байдаг шүү дээ. Тэрийг шинэ хэлбэрээр (тэмээн жин арай ч биш) үтэр түргэн сэргээвэл бас нэг боломж гарч ирж байна. Харин энэ нь манайдаа бол мөн л үйлчилгээний салбар болж, Австралийн 71 хувийн дэргэд даанч дээ гэмээр 38 хувийг ахиулах бус уу. Зүүн хойд Хятад, Казахстаны хооронд, Солонгос, Казахстаны хооронд, Орос ба Шинжааны хооронд тээврийн хамгийн ойр маршрут манай нутгаар л дайрч таарна.

Бас нэгэн боломжийг эргүүлж сануулъя. Одоогоос 100 орчим жилийн тэртээ 1910 онд манай улс Хаант Орост жилдээ 30 мянган тонн цөцгийн тос экспортолж байсан баримт буй. Yнэн худлыг бүү мэд. Гэхдээ үгүйсгэх гээгүй. Ажилгүй, мэргэжилгүй, насанд хүрсэн энэ олон мянган хүний их хүчийг хүнсний экспортын үйлдвэрлэлд төвлөрүүлбэл болохгүй гэж үү. Нөгөө 60 сая давсан мал сүргийнхээ ид шидийг одоо л үздэг цаг. Сүү, махаар хоёр хөршөө хангаад, дээр нь хог новшиндоо дарагдсан дэл сул газар, хот суурингийн айл хашаа болгонд хүлэмж барьж өвөл, зунгүй хүнсний ногоо, жимсээ ургуулчихвал “1910 оны” үзүүлэлт давтагдаж, алт ухаж хээр золбирохгүй, уурхай дагаж эрсдэхгүй юм биш байгаа.
САНАЛ БОЛГОХ