BP: 2015 онд нүүрсний хэрэглээ 1.8%-иар буурсан

Түүхий эд

Дэлхий нийтийн нүүрсний хэрэглээ 2015 онд өмнө нь байгаагүй их хэмжээгээр буурсан талаар “BP” компани "Эрчим хүчний салбарын хандлага" тайландаа онцолсон байна. АНУ тэргүүтэй томоохон эдийн засагтай улс орнууд нүүрснээс татгалзаж эхэлсэн нь үүнд нөлөөлжээ. Өнгөрсөн онд нүүрсний нийт хэрэглээ 1.8 хувиар буурсан нь 1960-аад оноос хойш байгаагүй үзүүлэлт болсон байна. Мөн нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 29.2 хувийг бүрдүүлсэн нь 2005 оноос хойших хамгийн бага дүн болжээ.

2000 онд таван тэрбум гаруй тонноор хэмжигдэж байсан дэлхийн нүүрсний нийт хэрэглээ 2014 оны эцэс гэхэд есөн тэрбум орчим тоннд хүрсэн байна. Харин 2015 оны дүнгээр АНУ-д нүүрсний хэрэглээ 13 хувиар буурсныг онцолж болохоор байгаа юм. Зөвхөн хэрэглээ гэлтгүй нийт олборлолт жилийн дүнгээр дөрвөн хувиар буурсан бол энэ хугацаанд дундаж үнэ ханш нь 20 хувиар буурчээ.

Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд өнгөрсөн онд нэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор бохирдол ялгаруулалт өндөртэй нүүрснээс татгалзах явдал эрчимжсэн аж. Түүнчлэн газрын тосны үнэ ханш буурсан нь шатахуун, түлш зэрэг илүү хямд өртөгтэй эрчим хүчний хэрэглээг дэмжиж өгчээ. 2015 оны дүнгээр газрын тос нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хэмжээгээр тэргүүлсэн бөгөөд үүнд нэг жилийн хугацаанд эрэлт хоёр дахин өссөн нь нөлөөлсөн гэж “BP”-ээс мэдээллээ.

Б.Батманлай

Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com



САНАЛ БОЛГОХ