Хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргана
Японы хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монголын зах зээл татсаар иржээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй албан ёсны айлчлал лхагва гарагт хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр Ерөнхий сайд Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхжээ. Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэсэн байна. Мөн “Манай хоёр улс ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, ижил үнэт зүйлтэй. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад гурван удаа айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд байгаагийн илэрхийлэл” хэмээн тодотгожээ.
Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал. Тогтвортой байдлаас тогтмол үр дүн гарч, итгэлцэл бэхжинэ гэдгийг ноён Т.Оошима онцолсон байна. Мэргэжилтэн бэлтгэх, техник технологи нутагшуулах, харилцан ашигтай ажиллах нь Японы хөрөнгө оруулалтын үндсэн зарчим. Ийм харилцаанд суурилсан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх улс төрийн орчин Монгол Улсад бий болсныг тэрбээр онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжлаад, Монгол Улсад айлчлахыг урив. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болно. Энэ хугацаанд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаагүй юм байна. Ноён Т.Оошиматай уулзахдаа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улс төрийн харилцааны адил өндөр түвшинд хүргэх нь Монгол Улсын Засгийн газрын зорилго байх болно гэж Ерөнхий сайд онцолжээ.
Давхар татварын хэлэлцээр байгуулах асуудлыг шийдэхийг хүсэв
Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, худалдааны эргэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэх шаардлага байгааг Ерөнхий сайд чухалчиллаа. Тэрчлэн юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг байгуулах асуудлыг шийдэхийг хүсчээ. Мөн тэрбээр айлчлалын хүрээнд тус улсын Либерал ардчилсан намын дарга ноён Тошихиро Никайтай уулзжээ. Тус уулзалтаар хоёр тал бодит хөрөнгө оруулалтын талаар ярилцсан байна. Японы хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монголын зах зээл байнга татсаар ирснийг онцлов.
Мөн одоогийн Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Японы талынхан залуучуудын хөгжлийг дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж буйгаа илэрхийлээд сурагчдын уулзалтад Монголын хүүхдүүдийг оролцуулах боломж бий гэдгийг Ерөнхий сайдад дуулгажээ. Япон улс нь аливаа хуулийг төлөөлөгчдийн болон зөвлөхүүдийн танхимаар хэлэлцүүлж баталдаг аж. Байнгын ажиллагаатай Төлөөлөгчдийн танхим нь хууль батлах санал гаргадаг юм байна. Энэ өдөр Ерөнхий сайдын уулзаж, санал солилцсон бас нэгэн эрхэм бол Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэтэй байв. Ноён Ч.Датэ “Улс төрийн тогтвортой байдал нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг Монголд бий болгож, улмаар хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргахад ихээхэн дэмжлэг болно” гэжээ.Манай хоёр орны стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд бизнесийн харилцаа, ард иргэдийн хоорондын нөхөрлөл маш чухал тулгуур гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр тэмдэглэсэн байна. Айлчлалын үеэр болсон хамгийн чухал арга хэмжээ нь
Япон, Монголын бизнес форум байлаа. Тус форумд оролцохдоо Ерөнхий сайд "Монгол Улс Япон улсыг гуравдагч хөрш, стратегийн түнш, томоохон хөрөнгө оруулагч гэж тооцдог. 1990 оноос 2016 он хүртэл Япон улсаас Монголд нийт 262 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2015 оны байдлаар Японы 551 аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн" гэдгийг онцлов.
Японы тал уул уурхай, боловсруулах бүтээгдэхүүний салбарт хөрөнгө оруулах боломж бийг онцолжээ. Түүнчлэн Ерөнхий сайдыг дагалдан яваа бизнесийн төлөөлөгчид чацаргана, зөгийн бал, эсгий урлал экспортлох сонирхолтой байгаагаа тус форумын үеэр Японы бизнесмэнүүдэд дуулгасан байна. Хоёр улсын эдийн засгийн форумын үеэр “Энержи ресурс” компани Японы “Sumitomo” корпорацитай, “Цагаан чулуут” консерциум “Suzuki Shoukai” компанитай хамтын ажиллагааны гэрээ үзэглэжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй