Тайландын Эзэн хаан таалал төгслөө

Мэдээ

Тайландын Эзэн хаан Бумибол Адулядежийн биеийн байдал сүүлийн хоёр жилийн хугацаанд сайнгүй байсны улмаас 88 насандаа таалал төгслөө. Тэрбээр үндсэн хуульт Хаант засаглалтай тус улсын Хаан ширээнд хамгийн удаан буюу 70 жил суусан юм. Өнгөрсөн ням гарагт эмч нар түүний биеийн байдал хүнд байгаа, амьсгалын аппарат залгасан, бөөрний өвчний улмаас нөхцөл байдал тогтворгүй байна гэж мэдэгдэж байжээ. Эзэн хаан нь таалал төгссөний улмаас Тайландын Засгийн газраас 100 өдрийн гашуудал зарлаж, 30 хоног улсын хэмжээнд болох бүх арга хэмжээг хойшлуулаад байна. Тайландын Ерөнхий сайд Ген Праят Чан-оча нэг жилийн турш хар өнгөтэй хувцас өмсөхийг Төрийн албан хаагчдаасаа хүсчээ.

Түүнчлэн тэрбээр угсаа залгамжлах хунтайж Маха Важиралонкорныг Хаан ширээг залгамжилна гэж таамаглаж байгаа ч хунтайжийн хувьд ойрын хугацаанд Хаан ширээ залгамжлах арга хэмжээ болохгүй гэдгийг мэдэгджээ. Сүүлийн жил гаруйн хугацаанд эрүүл мэндийн улмаас олон нийтийн өмнө гарч ирээгүй Эзэн хаан Бумибол Адулядеж таалал төгссөн нь тайландчуудад хүнд цохилт болж байна. Ард иргэд Бангкок дахь эмнэлгийн гадна олноор цуглаж, гүн эмгэнэлээ илэрхийлж байгаа аж. Улс төрийн хувьд тогтворгүй байдлыг намжааж, эв нэгдлийн бэлгэдэл болдог байсан учраас 1946 онд Хаан ширээнд суусан Эзэн хаандаа ард түмэн нь ихэд хүндэтгэлтэй ханддаг байжээ.




САНАЛ БОЛГОХ