ХБНГУ дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины хэрэглээг хориглоно

Авто зах зээл

Эрс хурдацтай шилжих бэлтгэл муутай байгааг шинжээчид анхааруулав

Европын холбооны улсуудад 2030 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй шинэ автомашины хэрэглээг хориглох саналыг ХБНГУ-ын хууль тогтоох байгууллага - Бундесрат буюу Холбооны улсуудын төлөөлөгчдийн зөвлөл дэвшүүллээ.

Бундесрат уг санаачилгыг есдүгээр сарын эцсээр анх дэвшүүлсэн талаар Der Spiegel сэтгүүл тайлбарлаж байна. Санаачилгыг тус улсын эрх бүхий 16 мужийн засгийн эрхийг баригч нам, эвслүүдийн удирдагчид дэмжжээ. “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг нухацтай хүлээн авч байгаа л бол 2030 оноос хойш гарах шинэ автомашинд дотоод шаталтын хөдөлгүүр тавих ёсгүй” хэмээн Бундестаг дахь Ногоон нам тэргүүтэй эвслийн дэд тэргүүн Оливер Кришер мэдэгдэв. Бундесрат нь ХБНГУ- д хууль тогтоох үүрэг багатай ч дэвшүүлдэг санаачилга нь нийт Европын хууль тогтоомжид нөлөө ихтэй.

Дээрх санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд Европын комисс автомашинаас авдаг татварын бодлогоо эргэн харж, “Экологийн хувьд аюулгүй тээврийн хэрэгсэлд шилжих” шилжилтэд бэлтгэх шаардлагатайг Der Spiegel тайлбарлаж байна. Парист 2015 оны арванхоёрдугаар сард хэлэлцэн тохиролцсон Уур амьсгалын өөрчлөлтийг тогтоон барих дэлхий нийтийн хэлэлцээр 2016 оны арваннэгдүгээр сарын дөрөвний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Уг хэлэлцээрийг ХБНГУ тэргүүтэй Европын холбооны долоон улс санал нэгтэй баталсны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлэлцээр хэрэгжиж эхлэх товыг өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Баримт бичгийг дэмжиж гарын үсэг зурсан 196 улс хорт утааны ялгарлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд нийцүүлэн технологийн шинэчлэл хийх үүрэг хүлээсэн юм. Эдүгээ дотоод шаталтын хөдөлгүүрээс ялгардаг утаа нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 14 хувийг эзэлдэг.

Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2020 он гэхэд ХБНГУ-д нэг саяас доошгүй тооны дан цахилгаан хөдөлгүүрт автомашин хэрэглэх ёстой.

ХБНГУ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэвэл 2050 он гэхэд агаарт хаяж буй нүүрсхүчлийн давхар ислийнхээ хэмжээг 95 хувиар багасгах ёстойг Deutsche Welle тайлбарлав. Засгийн газар цахилгаан тээвэр хөгжүүлэх, цахилгаан хөдөлгүүртэй автомашин худалдан авагчдад үнийн зохих хэсгийг эргүүлэн олгох зэрэг арга хэмжээ авч байгаа. Гэвч авто үйлдвэрлэлийн салбарт ногоон технологи нэвтрүүлэх хурдац удаан байна.

Тус улсад 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд цахилгаан хөдөлгүүрт автомашин худалдан авагчдад төрөөс 4000 еврог нь буцаан олгож байгаа. Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2020 он гэхэд ХБНГУ-д нэг саяас доошгүй тооны дан цахилгаан хөдөлгүүрт автомашин хэрэглэх ёстой. Одоогоор тус улс нийт 45 сая автомашинтайгаас дөнгөж 25.5 мянга нь дан цахилгаан хөдөлгүүрт, 130 мянган гибрид хөдөлгүүрт загвар бий.

Гэтэл ХБНГУ-ын үйлдвэрлэгчид иргэдийнхээ хэрэгцээнд зориулсан цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлд ийм эрс хурдацтай шилжих бэлтгэл муутай байгааг шинжээчид анхааруулж байна. Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд ногоон технологит автомашин төдийгүй цахилгаанаар цэнэглэх станцын дэд бүтцийг ч одоогийнхоос хавьгүй илүү түвшинд хөгжүүлэх шаардлагатай.

Дотоод шаталтын хөдөлгүүрийг хэрэглээнээс бүрмөсөн халах санаачилгыг дэлхийн хэд хэдэн улс дэмждэг. Нидерланд, Норвеги улс 2025 оноос, Энэтхэг улс 2030 оноос бензин болон дизель хөдөлгүүрт автомашины хэрэглээг хориглохоор төлөвлөж байна.

САНАЛ БОЛГОХ