Prius-ийг харьцуулсан нь

Авто зах зээл

ШТС-уудын өст дайсан гэж үүнийг л хэлэх байх

Prius-11 он хөгшин тэрэг учраас тоормос нь бага зэрэг тааруу байх нь аргагүй. Тухайн үедээ л дэлхийн хамгийн дэвшилтэд технологийн автомашин байсан болохоор энэ мэт жижиг зүйлийг нь уучилъя. Харин хоёрдугаар үеийн Prius-д нэлээн сүрхий шинэчлэлүүд хийсэн байдаг. Хэдийгээр загварлаг болсон гэж хэлэхгүй ч гадаад үзэмж, гоо зүйн хувьд "Prius-11"-ээс хавьгүй дээр. Түүнчлэн 11-ийн арын суудлыг эвхэж болдоггүй байсан бол 20-д энэ дутагдлыг засаад авсан. Ер нь салоныг тэр чигт нь шинэчилснээр улам аятайхан болсон. Жишээлбэл, суудлыг илүү тав тухтай болгож, жолооны хүрдэн дээрх араа шилжүүлэгчийг урд самбар дээрх parking товчлууртай жижиг цахилгаан шилжүүлэгчээр орлуулсан юм.

Хоёр болон гуравдугаар үеийн Prius хоорондоо их төстэй ч 2009 оны загвар нь зальтай “нүд”, хажуу талын эмжээр болон шинэчилсэн гэрлийн ачаар хамаагүй сүр жавхаатай харагдаж байлаа. Салон бол янзын болжээ. Хэт “модон” хийцтэй салонд хөнгөн удирдлагын самбар, 2D дэлгэц, паар, эйркондишн болон GPS-г удирддаг жолоон дээрх товчлуур, спидометрийн өвөрмөц гэрэлтүүлэг нь хээнцэр хэв маягийг бий болгоно.

Автомашинтай хүн бүрийн толгойны өвчин болсон зүйл нь замын түгжрэл гэж болно. Харин энэ үед гибрид машины давуу тал болох шатахуун хэмнэлтийн үр ашиг гарч эхэлдэг. Prius-ууд нийт 100 км явахад дундаж хурд 25 км/ц байгаа гэдгийг одометр заалаа. Хотын жолоодлогод оролцох машин өдрийн турш яг л ийм хурдаар тийм зайг туулдаг байх.

Гибрид хөдөлгүүр улаан гэрлэн дохион дээр унтарч, ногоон гэрэл асмагц мэдэгдэхгүй ажиллаж эхэлнэ. Батерейг цэнэглэсэн тохиолдолд цахилгаан горимоор асдаг. Харьцуулахад Prius-11 нь 20 км/ц хүртэл хурдалж байж бензин хөдөлгүүрийг автоматаар асаадаг бол Prius-20 болон Prius-30 загварууд зөвхөн цахилгаан горимоор хэдэн километр явж байж бензин хөдөлгүүр асна.

Гурав дахь үеийн гибрид нь цахилгаан горимоос гадна хэмнэлтийн горим (Eco) руу шилждэг онцлогтой. Eco товчлуурыг дарвал тэр даруй динамик суларч, хаазны педаль нь богино зайд хүчтэй гишгэхэд хариу үйлдэл үзүүлэхээ байдаг. Энэ нь түвэгтэй санагдаж магадгүй ч шатахууны хэмнэлт илт мэдэгдэнэ.

Хотын замд Prius хэр шатахуун зарцуулж байгааг харьцуулж үзлээ. Тэгэхдээ шинэ Prius-үүдийн нэмэлт тохируулгуудыг ашиглаагүй юм. Туршилтаас харахад 100 км-т долоон литр шатахуун зарцуулдаг Prius-30 хамгийн хэмнэлттэй машин байв. “Хөгшчүүл” ч бас муугүй үзүүлэлт харуулж Prius-20 6-7, харин Prius-11 найман литр зарцууллаа. Хотын жолоодлого учраас хамаагүй давхиагүй ч шинэ Prius нөгөө хоёроосоо хамаагүй хүчтэй гэдгийг мартаж болохгүй.

Харин чөлөөтэй замд туршилтаа үргэлжлүүлэхэд өөр дүн сонирхолтой гарлаа. Чөлөөтэй зам руу гараад 100 км/ц хурдтайгаар зэрэгцэж явна гэсэн дүрэм тогтоосон юм. Замын ачаалал их байгаагүй ч цуваа эгнээгээр явахад Prius-ууд нэг нэгнээ гүйцэж түрүүлэх гэж цаг их алдсанаас болоод дундаж хурд 60 км/цагаас дээш хэтрээгүй юм.

Аяндаа хурд 60 км/ц давахад Prius-11 болон Prius-20 хоёрын динамикийн ялгаа нь илт мэдэгдэж эхэллээ. 20 арай өөртөө итгэлтэй давхих ч аль алины хаазыг тултал нь гишгэвэл хүч дутсанаас болж сэтгэл гонсойх мэдрэмж төрж байсан. Харин 136 морины хүчтэй Prius-30 хамаагүй хурдан бөгөөд шидэт Power товчлуурыг дарвал салхи татуулаад л алга болно. Энэ товчлуур нь хүч нэмдэггүй ч олон төрлийн цахилгаан хүлээсийг тайлдаг учиртай. Жишээ нь, хөлдүү замаар дугуйгаа шарвуулан түвэггүй явна гэсэн үг. Нэг бол шатахуун хэмнэх, эсвэл эрч хүчтэйгээр гүйцэж түрүүлэх гэсэн сонголт жолооч нарт тулгарна гэсэн үг.

100 км-т Prius-11 5,4 литр, харин Prius-20 5.3 литр шатахуун зарцуулж онцын ялгаа гарсангүй. Харин Prius-30 ердөө 4,6 литр зарцуулжээ. Prius-30 өмнөх загваруудаасаа техник дэвшлийн хувьд нэг алхам, тодруулбал нэг шатаар илүү болох нь эндээс харагдаж байна. Зүгээр ч нэг шатахуун хэмнэдэг төдийгүй жолоодлого сайтай, тав тухтай эко-автомашин юм. Байгальд ээлтэйгээс гадна ШТС-уудын өст дайсан гэж үүнийг л хэлэх байх.

                                                                                                                                   cardoctor.mn
САНАЛ БОЛГОХ