Дэлхийг тэжээх шар буурцаг

Мэдээ

Вашингтон муж улсын их сургуулийн биологич Мехтильд Тегедер шар буурцгийн чанар болоод өгөөжийг эрс нэмэгдүүлэх нэгэн арга олжээ.

Түүний хүлэмжинд ургуулсан шар буурцгууд агаар мандал дахь азотыг хөрсөнд дамжуулах чадвар нь байгалийн ижил төрлийн буурцагнуудаас хоёр дахин их болсон байна. Мөн ургалт болон тоос хүртээх чадвар нь ч “үеийнхнээсээ” 36 хувиар илүү байжээ.

Эрдэмтэд олон жилийн турш буурцагт ургамлын хөрсөнд азот дамжуулах чадвар бүхий нэгэн төрлийн бичил организмыг нэмэгдүүлэхээр чармайж буй. Гэвч Тегедер шиг амжилт олсон нь байхгүй юм. Харин Тегедер тэрхүү бичил биетээс ургамлын навч, үр боловсруулах эд болон бусад хэсэгт очих ёстой азотын хэмжээг нэмэгдүүлэх уургийн тоог ихэсгэсэн байна. Ингэснээр ургамал илүү том, хурдан бөгөөд байгалийн буурцагт ургамлаас илүү эрүүл ургаж байжээ. Тэр ч бүү хэл ган зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед ч хэрэглэж болохуйц арга хэмээн үзэж буй аж.

Буурцагт ургамал нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлдэг. Бидний өргөн хэрэглэдэг шар буурцаг, царгас, вандуй, шош, сэвэг зарам зэрэг нь буурцагт ургамлууд бөгөөд хөрсөнд азот дамжуулах чадвар сайтай байдаг юм. Азот бол ургамлын ургалтад нэн чухал нөлөөтэй бодис юм. Өнөөдөр дэлхий дахинаа ургацын гарцыг нэмэгдүүлэхийн тулд азотын синтетик буюу химийн бордоог их хэмжээгээр ашиглаж байна. Гэвч үүний уршгаар АНУ зэрэг аж үйлдвэржсэн орнуудад эрчим хүчний хэт өндөр хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал, хөрс болоод усны бохирдол, хүний эрүүл мэнд болоод экосистемд сөргөөр нөлөөлөх олон асуудал үүсдэг.

Харин хүрээлэн буй орчны эдгээр тулгамдсан асуудлыг шийдэхэд Тегедер нарын байгалийн аргаар азот хуримтлуулах нээлтийг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх нь чухал хэмээн судлаачид үзсэн байна.

САНАЛ БОЛГОХ